Б.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна

15796994885e284d20875aaМонголд хуурамч шатахуун маш ихээр оруулж ирснээс үүдэж жолооч нар хохирч байгаа талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон ярьсаар л байгаа. Өчигдөр ч гэсэн тэд дахин энэ асуудлыг хөндөж, мэдээлэл хийсэн юм. Энэ үеэо Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай ярилцлаа.

-Хуурамч шатахуун оруулж ирж гэж тодорхой бодисуудын нэр хэлж, тайлбарлаад байна. Тэр бодисуудыг холихоор машинд хийж, ашиглах хэмжээний шатахуун болох боломжтой юм уу?

-Үүнийг шинжлэх ухааны үүднээс нь тайлбарлая. Газрын тос гэж бүтээгдэхүүн байна. 1080 төрлийн элемент гаргадаг. Нэрэлт болгоноос бодис гардаг. Бидний нэрлээд байгаа татваргүй орж ирдэг гээд байгаа гурав, дөрөв, тав дахь нэрлэгээс нь гарч байгаа  керосин, нафта, азлет гэх мэт бодисуудыг оруулж ирдэг. Тэгээд тодорхой хэмжээний өөр бодисуудыг холиод, шатахуунтай ойролцоо химийн бодис болгож, зах зээлд нийлүүлдэг. Ерөөсөө л химийн бодисоор л тэр машин явж байна гэсэн. Тэр бодисоор машин явах боломжтой. Яагаад гэвэл өөрөө нефть юм чинь.

Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол тогоо нэрдэгтэй л адил. Нэг нэрэхэд нэрмэл, хоёр нэрмэл арз. Гурав нэрвэл хорз болдог гэдэгдээ. Түүнтэй адилхан нефтийг нэрэхэд хамгийн өндөр чанартай буюу онгоцны шатахуун гарна. Тэгээд 95, 92, 80, дизель түлш гээд давхарга давхаргаараа салдаг. Аж ахуйн нэгжүүдийн оруулж ирээд байгаа  керосин, нафта,  алкилате гэх мэт 22 төрлийн бодис нь нефтийн нэрлэгээс ялгаж авсан фракциуд байхгүй юу.  Энэ фракциуд нь үйлдвэрлэгч орондоо маш хямдхан байдаг. Хямдхан учраас оруулж ирдэг. Яагаад гэвэл татварыг нь тэглэчихсэн учраас бизнес эрхлэгчид оруулж ирээд, коктейль найруулаад байна. Хольж хутгаад л. Керосин бол дээр үед трактор, дэнлүү асаадаг байсан бодис. Түүн дээр бага зэргийн хэдэн бодис холиод дизель түлш гаргаад авчихдаг. Нафтад бас л хэдэн бодис холиод шатахуун гаргаж авдаг.

-Хуурамч шатахууныг шалгах ажлын хэсгийг төрөөс байгуулж байсан гэсэн байх аа?

-2017 онд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хяналт тэргүүтэй байгууллагууд тэр үедээ яваад, тийм тийм байгууллага ийм ийм бодисыг хольж байна. Стандартын шаардлага хангахгүй хуурамч шатахуун хийж байна гэж тогтоосон. Гэтэл ажлын хэсгийн ахлагч Раднаасэд нь ажлаасаа халагдаад, шалгалтын ажил зогссон. Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь солигдчихсон. Манай холбоо У.Хүрэлсүх сайдад албан бичиг өгч явсаар байгаад 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 201 тоот захирамж гаргуулж чадсан. Ажлын хэсэг байгуулах тухай. Ажлын хэсгийн даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин, гишүүдээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Мэргэжлийн хяналтын дарга Н.Цагаанхүү, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр гэсэн хүмүүс багтсан. Гэвч энэ ажлын хэсэг бүтэн жил хоёр сар болоход ямар ч үр дүн гаргаагүй. Ерөнхий сайдын гаргасан захирамж нь цаас болж хувирчихаад байна. Гаалийн мэдээгээр бүхий л шалгалтын байгууллагууд нь үүнийг тогтоочихсон. Хуурамч шатахуун зараад байна гээд байхад тоохгүй байгаа.

-Хуурамч шатахуун үнэхээр байлаа гэхэд ШТС-иудаар борлуулж таарна. Тэгэхээр томоохон шатахуун импортлогчид холбоотой гэсэн үг үү?

-Монголд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 105 компани байгаа. Энэ компаниуд бүгд бидний яриад байгаа бодисуудыг оруулж ирэх эрхтэй. Аль аль компани жилд хэд хэдэн мянган тонн бодис оруулж ирж байгаа Гаалиас авахад л тодорхой харагдана. Гаалийн мэдээг харахад, тодорхой тооны 5-6 компани оруулж ирж байгаа.  Тэр компаниуд нь тодорхой. Хамгийн том импортлогчид нь “Хар мөр импекс”, “Трансгайд” гэх мэт компаниуд байгаа.  Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.86 сая тонн байдаг. Гэтэл нефтийн нэмэлт бүтээгдэхүүн жилд 200-250 мянган тонн орж ирдэг. Энэ чинь Монгол Улсын шатахууны жилийн хэрэглээний 15-18 хувийг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн үг.

-Хуурамч шатахуунаас үүдэлтэйгээр жилдээ 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байна гэсэн тоон мэдээлэл байна. Ийм хэмжээний хохирол учирч байгааг яаж тооцож гаргасан юм бэ?

 -Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй агрегат засварын газрын Ерөнхий инженерүүдтэй биечлэн уулзсан. Жишээ нь, “Мөнххада”, “Таван богд” компаниуд Ланд-200, Лекус-570 гэсэн том машинуудыг зардаг. Тэгвэл том жийпнүүд авсан хүмүүс хөдөө орон нутагт явж байхад машин нь эвдэрдэг.  Хамгийн их эвдэрдэг зүйл нь бензин нацосс. Шатахуунаас болж эвдэрдэг гэдгийг инженерүүд хэлдэг. Машин нь эвдрэхээр хөдөөнөөс тээвэрлэж ирэхэд л 1-2 сая төгрөг болдог. Цаашлаад 20-25 сая төгрөгийн зардал бүтэн гардаг гэж байгаа. Энэ ердөө л хоёрхон компанийн тооцоо. Хүмүүсийн нийтлэг унадаг кроун байна. Энэ машины шатахуунаас болж эвдэрдэг хамгийн анхны эвдрэл нь яндан мэдрэгч.

Кроун авсан хүмүүс 92 хийгээд явахаад хянах самбарын гэрэл асаад байна гэдэг. Яндан мэдрэгч нь эвдэрчихсэн байдаг. Яндан мэдрэгч хамгийн багадаа 100 мянган төгрөг. Ингээд л машин машинаар тооцоод гаргахад жилдээ нэг жолоочоос 500 мянган төгрөгийн зардал шатахуунаас үүдэлтэй гарч байна. Бидэнд хандсан 1000 гаруй жолоочийн санал, гомдолд үндэслээд, авто засварын газруудтай уулзаад 50-60 тэрбум гэдэг тоог гаргаж ирсэн.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.