Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

f4fdb885a06dac47214f4ca643c4533bАймгуудын Засаг дарга нар бол яамд, агентлагийн газрын дарга нар сүүлийн өдрүүдэд орон нутагтаа эзгүй, хот, хүрээнд сургалт, семинарт “дуудагдан” ирээд байгаа. Өнөөдөр л гэхэд Төрийн ордонд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар эхэлж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газрын удирдах ажилтнуудын зөвлөгөөн ч эдгээр өдрүүдэд болно. Харин том дарга нар ирсэн дарга нартайгаа юу зөвлөлдөх бол. Өнгөрсөн оны амжилт бүтээлийг нь нэрлэхээс гадна, хууль бус үйлдлүүдийнх нь төлөө хариуцлага тооцох болов уу.

Засгийн газрын хүрээнд аймгуудын Засаг нартай салбар бүрийн сайд нар нэг бүрчлэн гэрээ хийдэг. Энэ жишгээр хамгийн түрүүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж аймгуудын Засаг дарга нартай уулзсан. Тэр өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа “засаг ноёд”-оо бага ч болов чимхсэн болов уу гэх асуудал олны анхаарлыг татах нь гарцаагүй. Байнга шударга ёс ярьдаг У.Хүрэлсүхээс Засгийн газрын Засаг дарга нарын дунд хуулийн байгууллагад шалгагдсан, шалгагдаж байгаа цөөнгүй хүн бий. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг бусдаас авлига авсан байж болзошгүй хэмээн мэдээлэгдэж байсан. Гэвч түүнийг авлигын хэрэгт бус түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэмээн буруутган шалгаж байгаа аж. Товчхондоо, Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн сумынхаа нутгаас дээрх ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг саатуулж, түүхий эдийг нь багаж хэрэгслийг хураан, улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулжээ. Гэвч тус дуудлага худалдаагаар худалдсан дэрвэгэр жиргэрүүг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Гэхдээ үүнд нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорол ч мөн нэр дурдагдаад байгаа бололтой. Учир нь Ш.Оргил зарсан байлаа ч хилээр гаргахад хэн нэгний туслалцаа гарцаагүй шаардлагатай. Тэгэхээр гаалийн даргаас дооших хүн бол хэрэггүй хэмээн байцаагч нар нь өөр хоорондоо ярилцдаг. Тиймээс нэг хэрэгт нэр холбогдсон хоёр өдгөө нийслэлд хурал, зөвлөгөөн хэмээн ирсэн төдийгүй өөр бусад хэрэгт ч хамтарсан байх хэмээн сэлэнгэчүүд ярьж байгаа юм.

Эх сурвалж: Erennews.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.