Улаанбаатарт 17 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, Хятад гурван хотдоо хөл хорио тогтоолоо

2461322

  • Коронавирус халдварласан байж болзошгүй Монголын 13, гадаадын дөрвөн иргэнийг өчигдөр 19:00 цагийн үед ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамрууллаа. Мөн Хятадын Засгийн газар Цагаан сарын арга хэмжээнүүдээ цуцалж, Ухань, Хуанган, Эжоу хотын гадагш чиглэсэн нислэг, төмөр замын тээврийн хөдөлгөөнийг зогсоож хөл хорио тогтоолоо 
  • Өчигдөр оройн 18:00 цагийн үед Манжуур хотод коронавирусийн хоёр тохиолдол илэрч, тэр даруй Дорнодын онцгой комиссынхон тус чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Бээжин-Москва чиглэлийн олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурчээ. Улмаар түүнийг Эрээн хотод үлдээж, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болохыг Хятадын тал Монголд албан ёсоор мэдэгдсэн байна. Тиймээс түүнтэй хамт явсан Монголын 13, гадаадын дөрвөн иргэнийг өчигдөр 19:00 цагийн үед ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамрууллаа. Эрээнд нийт найман иргэнээс шинжилгээ авснаас нэг нь коронавирусийн өвчлөлтэй байсныг баталжээ. Үүнээс гадна Эрээн-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигч тээврийн автобусанд өчигдөр зургаан настай охин өндөр халуурсан бөгөөд түүнтэй нэг автобусанд явсан 17 хүнийг Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарлажээ. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодруулахад “Эрээн-Замын-Үүдийн чиглэлд явдаг “Эрдэм Транс” компанийн автобусаар өвөрмонгол эмэгтэй зургаан настай охины хамт орж ирсэн. Охин нь өндөр халуунтай байсан учир Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарласан. Тус охинтой нэг автобусанд явсан 17 хүнийг тусгаарлаад, үзлэг шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Тиймээс охиныг ээжийнх нь хамт хил хаахаас өмнө нутаг руу нь буцаана” хэмээлээ. Харин Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Эхний шинж тэмдэг энгийн ханиад шиг байдаг учир шинжилгээний хариуг хүлээж байна. Шинжилгээний сорьцын хариу энэ сарын 24-ний өдөр гарна” гэв. Уг сэжигтэй тохиолдлыг шинэ төрлийн коронавирус мөн гэдгийг тогтоогоогүй ч аюул ойрхон байгааг албаныханд сануулсан үйл явдал боллоо. Гэтэл өчигдөр оройн 18:00 цагийн үед БНХАУ-ын Манжуур хотод коронавирусийн хоёр тохиолдол илэрч, тэр даруй Дорнодын онцгой комиссынхон тус чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Тиймээс нийт иргэдийг Манжуурын чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулав. Тиймээс хоромхон зуур хилээр орж ирэх аюул нүүрлэсэн тул “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. Коронавирусийн халдвар тархсанаас хойш буюу нэгдүгээр сарын 7-21-ний хооронд Хонконг, Бээжин, Эрээн, Хөх хот, Манжуураас 68 агаарын хөлгөөр 9552 зорчигч Монгол Улсад иржээ. Эдгээр зорчигчийг термокамерын хяналт дор нэвтрүүлсэн байна. Мөн 14 асуулт бүхий эрүүл мэндийн тодорхойлох хуудас бөглүүлэхэд 91 зорчигч 1-2, 22 зорчигч гурван асуултад “тийм” гэсэн хариулт өгчээ. Үүнээс сэжигтэй гэсэн гурван хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-ийнхөнд хүлээлгэн өгсөн байна. Дээрх гурван иргэн томуу, томуу төст өвчний Риновирус, Н3N9, Адиновирусээр халдварласан байжээ.

“Буянт-Ухаа”-гийн боомтоор ирсэн зорчигчдыг хоёр термокамераар хянаж байна

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь хоёр термокамертай. Уг камерт 38 хэмээс дээш халуунтай бүртгэгдсэн хүмүүсийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл мэндийн байцаагч нар гар термокамер болон мөнгөн устай халуун хэмжигчээр халууныг нь дахин нягталж хэмждэг байна. Улмаар тусгаарлах өрөөнд оруулж, мэргэжлийн эмч нар иртэл анхан шатны тусламж үзүүлдэг аж. Тусгаарлах өрөө нь хоёр ортой бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх бүх багаж хэрэгслийг бэлтгэжээ. Халдварт өвчнөөр өвчилсөн сэжиг бүхий этгээдтэй харьцахдаа хамгаалалтын цув, маск, бээлий, гутал, нүдний шил, саравч гээд бүгдийг нь цогцоор өмсдөг байна. “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэг хэлэхдээ “Термокамерыг эс тооцвол бүх тоног төхөөрөмж бий. Харин термокамераа л ойрын хугацаанд шинэчлэх шаардлагатай. Уг камерыг 2010 онд анх тавьсан учраас одоо ашиглалтын хугацаа дуусаж буй. Үүнийг шинэчилбэл ажиллах хүний нөөц, бусад хэрэглэл материал хангалттай бий” хэмээлээ. Нэг ээлжид 4-5 байцаагч ажиллаж байв. Ингэхдээ хоёр байцаагч онгоцонд, хоёр нь термокамераар хяналт ажиглалт хийдэг гэнэ. Онгоцонд ажиллаж байгаа байцаагчид эрүүл мэндийн хуудас дээрх халуурах, ханиалгах гэсэн шинж тэмдгийг бөглөсөн зорчигчийн халууныг үзэж, тусгаарлах арга хэмжээ авна. Харин термокамер ажиглаж байгаа байцаагчид камерт 38 хэмээс дээш халуурсан иргэнийг тусгаарладаг аж. Мөн Бээжин болон Хонконгоос ирж байгаа зорчигчдыг халдварын голомт болох Ухань хотоос дамжин суусан уу гэдгийг “Ай пи эс” буюу зорчигчийн мэдээллийн системээс үздэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг хийж, БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орныг дунд эрсдэлтэй гэж дүгнэсэн. БНХАУ-д уг вирусээр 500 гаруй хүн өвчилж, 17 хүн нас бараад буй. Харин Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Австрали, АНУ, ОХУ-д энэ вирус бүртгэгджээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.