ОХУ-ын улс төрийн тавцан дахь шинэ “тоглогч”

23513750-7898357-image-a-16_1579253867964ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гэнэт огцорч, Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайдад Михаил Мишустинийг нэр дэвшүүлсэн. Улмаар ОХУ-ын Төрийн Дум Ерөнхий сайдын албан тушаалд Мишустинийг томилох зөвшөөрөл өгч, Ерөнхийлөгч Путин түүнийг томилох зарлигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон билээ. ОХУ-ын улс төрд гарсан энэ гэнэтийн эргэлт дэлхий нийтийн анхаарлыг багагүй татаж, дэлхийн хамгийн хүчирхэг орны шинэ Ерөнхий сайд хэн бэ гэдэг талаар ихээхэн шуугьлаа.   АНУ дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзэж, Их Британи таван Ерөнхий сайд сольсон энэ 20 жилийн хугацаанд Оросыг удирдсан В.Путиний эрин дуусаж байна уу, түүний халааг хэн авах вэ гэдэг асуултыг ч ажиглагчид дахин тавьж эхэллээ. Үүний сацуу бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, эрх мэдлээ үргэлжлүүлэн хадгалахын тулд Д.Медведевийн Засгийн газраар туг тахилаа гэсэн хувилбарыг ч  улс төр судлаачид дэвшүүллээ. Түүнчлэн  Владимир Путин ямар учраас “мөнхийн сүүдэр” хэмээгддэг Дмитрий Медведевийг Мишустинээр солив гэдэг бас сонин. Учир нь, Путин болон Медведевийн хослол 2000 оноос эхтэй. Тэд  20 орчим жил Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг ээлжлэн хашиж, хослоод байсан юм. Тэгвэл Путиний “шигшүүр”-т  олон жил шүүгдэж, үлдсэн Дмитрий Медведевийн орыг залгаж буй Михаил Мишустин гэж хэн бэ.
Москва хотноо 1966 онд төрсөн Мишустин ОХУ-ын улстөрчдийн  ангилалд багтдаггүй бөгөөд технологийн салбарт нэлээд танигдсан нэгэн.  Холбооны улсын Татварын албаны даргаар 10 гаруй жил ажилласан тэрбээр 1989 онд Москвагийн Технологийн их сургуулийг инженер мэргэжлээр төгсөж, дараа нь эдийн засаг, технологийн чиглэлээр магистр болон  докторын зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн Холбооны татварын албанд ажиллаж байхдаа татварын технологийг баталгаажуулсан нь олны талархлыг хүлээжээ. Түүнийг бизнесийн салбарт маш нарийн тодорхой хяналт тогтоосон хүн гэж ярьдаг. Учир нь, Мишустиний үед маш өргөн хүрээтэй татварын шалгалтуудыг явуулж байв.

Хашсан албан тушаал:

-1998 оноос ОХУ-ын татварын албаны дарга Борис Федоровын татвар төлөлтийн хяналт, тооцооны мэдээлийн системийн асуудал эрхэлсэн туслах
1999- 2004 онд Татварын яамны орлогч сайд
2004-2006 онд Үл хөдлөх хөрөнгө кадастрын холбооны тэргүүн
2006-2008 онд Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааны тэргүүн
2008-2010 онд  “UFG Capital Partners” компанийн Ерөнхийлөгч
2010 -2019 онд Холбооны улсын Татварын албаны дарга

Хувийн амьдрал

ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Владимир Путиний нэгэн адил хоккейн үнэнч фен, шаггүй тоглогч. Мөн  Оросын хоккейн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Түүний эцэг ЗХУ-ын үеийн КГБ-ын тагнуулч байсан бөгөөд Афганистан, Люксембургт тагнуул хийж  явсан нэлээд туршлагатай мэргэжилтэн байсан гэнэ. Мөн Төрийн өмчит авиа компани болох Аэрофлотод ажиллаж байжээ. Гэвч түүнийг тагнуулч гэдгээ өнгөлөн далдлахын тулд Аэрофлотод ажилладаг байсан гэж олон хүн үздэг аж.
Мишустиний хувьд  Алексей, Александр, Михаил гэсэн гурван хүүтэй. Хоёр том нь Швейцарь болон Москвагийн хамгийн нэр хүндтэй сургуулиудад суралцдаг.
“Форбес”-оос гаргадаг дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчийн жагсаалтад  2015 онд тэрбээр 54 дүгээрт бичигдэж байв.  “Коммерсантъ”  сонин өнгөрсөн ням гарагийн дугаартаа Мишустинийг арав орчим жилийн өмнө буюу  Татварын албаны даргаар томилогдохоосоо өмнө бүх эд хөрөнгөө эхнэртээ шилжүүлсэн талаар онцолжээ. Учир нь, ямар ч бизнес эрхэлдэггүй, олны нүдэнд ч тэр бүрчлэн өртөөд байдаггүй  Владлена Мишустиний хөрөнгө есөн жилийн хугацаанд  789 сая рубль буюу 12.5 сая доллароор өссөн байна. Түүнчлэн  өнгөрсөн 2018 онд тэрбээр эхнэрийн хамтаар 65 сая рублийн орлого олсон бөгөөд эхнэрийнх нь орлого хоёр дахин нэмэгдсэн аж.  ОХУ-ын сөрөг хүчин Алексей Навальныи  Мишустинийг  Москвагийн Рублевка дүүрэгт 60 мянган хавтгай  талбайд  10 мянган ам.дөрвөлжин харш эзэмшдэг талаар мөн мэдээлж байсан юм. Ийм хэмжээний үл хөдлөх хөрөнгө нь ойролцоогоор 7.6 сая фунт стерлингийн үнэ хүрэх ажээ.

Хүмүүс түүний талаар

ОХУ-ын улстөрч, бизнесмэн  Геннадий Гудков “Эдийн засагт сөргөөр нөлөөлөгч” гэж тодорхойлсон бол “Nonresident Scholar Carnegie Moscow Center” тэргүүн Татьяна Становая  “Улс төрийн ямар ч туршлагагүй. Технологийн салбарын жирийн нэг төрийн албан хаагч” хэмээсэн байна. Мөн Путиний зөвлөх асан, шинжээч Глеб Павловский “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа Мишустинийг “Гайхамшигтай хүнд сурталтай. Гэхдээ сайн талаараа” хэмээн тодорхойлжээ.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн

Мишустиний тэргүүлэх шинэ Засгийн газар 21 сайдаас бүрдэж байгаа бөгөөд найм нь шинэ гишүүн байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр Михаил Мурашког Эрүүл мэндийн сайдаар, Ольга Любимоваг Соёлын сайдаар, Валерий Фальковыг Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдаар, Сергей Кравцовыг Гэгээрлийн сайдаар, Олег Матициныг  Спортын сайдаар, Антон Котяковыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Максут Шадаев Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн  сайдаар, Пермь мужийн захирагч асан Максим Решетниковыг Эдийн засаг,  хөгжлийн сайдаар томилжээ. Харин өмнөх Ерөнхий сайдын орлогч байсан Константин Чуйченког Хууль зүйн сайдаар томилсон байна. Хуучин Засгийн газрын 12 сайд албан тушаалдаа хэвээр үлджээ. Хамгийн удаан албан тушаалаа хашиж буй нь Сергей Лавров, Сергей Шойгу нар юм. Сергей Лавров 2004 оны гуравдугаар сараас хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байсан  бол, Сергей Шойгу 2012 оноос хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.

зөвлөхүүд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Григоренко, Юрий Трутнев, Виктория Абрамченко, Юрий Борисов, Татьяна Голикова, Алексей Оверчук, Марат Хуснуллин, Дмитрий Чернышенког Ерөнхий сайдын орлогчоор томилов. Өмнө нь Ерөнхий сайдын арван орлогчтой байсан шинэ энэ удаа ес болж тоо нь нэгээр буурлаа.

хийх ажлын төлөвлөгөө

Сайд нарын хариуцлагыг сайжруулна

Засгийн газрын шинэ тэргүүний өгүүлж буйгаар, улс үндэстнийхээ тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд сайд нар, думын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэхээс ажлаа эхлэх гэнэ. Ерөнхийлөгч В.Путиний илгээлтдээ онцолсон зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх хуулийн төслүүдийг яаралтай боловсруулан, хэрэгжилтэд нь анхаарахаа тэрбээр онцоллоо. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах хуулийг яаралтай баталж хэрэгжүүлснээр эдийн засгийн хүндрэлүүдээс сэргийлэх, макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, цаашлаад  төсвөөс гарч буй зардал, мөнгөний зорилго, зарцуулалтыг нарийвчлан хатуу хянах нь чухал гэж М.Мишустин үзэж байна.

Өр тэглэхээс татгалзана

Либерал Ардчилсан намын тэргүүн В.Жириновский  иргэдийн зээл, өрийг тэглэх санаачилга гаргасныг Ерөнхий сайд эсэргүүцлээ. “Зээлийн өрийг тэглэх нь эдийн засгийн ачааллыг эрс нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй. Татварын салбарт ажиллаж байсны хувьд ийм арга хэмжээ ямар ямар сөрөг үр дагаварт хүргэж болзогүйг мэдэж байна” гэж Жириновскийн санаачилгыг эсэргүүцсэн юм.

Эдийн засгийн гол салбарыг нэрлэлээ

Түүхий эдээс хамааралтай эдийн засагтай орны хувьд бусад салбарын дэмжих нь чухал гэж Ерөнхий сайд харж байна. Эдийн засгийг солонгоруулахын тулд технологийн салбарын хөгжлийг  эрчимжүүлэх нь чухлыг тэрбээр онцолжээ.
“Хүн төрөлхтөн их өөрчлөлтийн босгон дээр байна. Эдийн засгийн бүх л салбар технологийн дэвшлийг даган өөрчлөгдөж буй. 20 жилийн өмнө дэлхийн эдийн засгийг хөдөлгөж байсан компаниудаас одоо “Microsoft” л үлдэж, бусад нь технологийн компаниудад байраа тавьж өглөө. Бид ч энэ салбарт илүү ач холбогдол өгөх ёстой” гэж тэрбээр онцлов.

Тэтгэврийн шинэчлэлийг өөрчлөхгүй

Тэтгэврийн шинэчлэлд гар хүрэхгүй гэдгээ Ерөнхий сайд онцолжээ. 2019—2028 онд хийх тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг дээшлүүлэх шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж магадгүйг тэрбээр “Telegram” сувгаараа хэлсэн байна.

Ядуурлыг бууруулна

Орлого багатай, ядуу өрхүүдэд зориулсан нийгмийн халамж, тусламжийг сайжруулахад анхаарч ажиллахаа Мишустин мэдэгдлээ. Ингэхдээ иргэдийн мэдээлэл, тэдэнд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг системжүүлэн нэгтгэх бодолтой байгаа аж. Ингэснээр орлого багатай, нийгмийн халамж хүртэх ёстой хүмүүст шаардлагатай тусламж, үйлчилгээ нь хүрч буй, эсэхийг нарийн хянах боломжтой болно гэсэн үг.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk

 Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих