Ухань хотод докторын зэрэгт суралцаж буй залуу Корона вирусын нөхцөл байдлын талаар ингэж бичлээ

8817

БНХАУ-ын Ухань хотод докторын зэрэг горилон суралцаж буй залуу судлаачийнхаа хувьд одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэж, энд хөл хоригдоод байгаа 31 оюутан 1 бага насны хүүхдийн талаарх бодит мэдээллийг та бүхэнд хүргэе хэмээн шийдлээ.

Азийн Чикаго хэмээн нэрлэгддэг төв Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв Ухань хот нь 11 сая хүн амтай Хятадын 7 дахь том метрополитан хот юм.
Аюулт өвчин гарахаас өмнө Ази тивийн хамгийн өндөр барилга энэ хотод баригдаж, дэлхий дээр анх удаа агаар дээр зам тавьж, шинжлэх ухааны, технологийн шинэ нээлтүүдээрээ дэлхийг алмайруулж байлаа.
2018 оны байдлаар оюутан суралцахад хамгийн ээлтэй дэлхийн шилдэг 100 хотын нэг болж, Азид тивд болоод дэлхийд ранкаараа тэргүүлэн өрсөлддөг шилдэг том сургуулиудад Монгол оюутнууд олноор суралцаж, бүх зүйл амар амгалан сайхан газар байлаа.
Гэтэл 2020 оны 1-р сараас эхлэн хотод аймшигт өвчин дэгдэн, тархаж буй тухай мэдээ гарч, сүүлийн 7 хоногт тархалт нь улам эрчимжсэнээр 1-р сарын сүүл гэхэд Ухан хотын эмнэлэгүүд өвчтөнөө багтааж дийлэхээ байж, өвчин туссан хүмүүс арга ядан үхлээ хүлээн хэвтэж байна.
Сарын өмнө гэрэл цацарсан, инээд хөөр ундарсан, диваажин мэт байсан газар одоо амьдын там болжээ.
Мянган нуурын хот гэдгээрээ Хятаддаа алдартай Ухан хотыг хүн бүхэн эрүүл энх байгаа дээрээ орхин явахыг хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотод Монгол улсын иргэн 31 оюутан, 1 бага насны хүүхэд хөл хоригдоод байгаа ба тэд ямар нэгэн халдварт өвчин тусаагүй, бүгд эрүүл саруул тус тусынхаа сургуулийн гадаад оюутны дотуур байранд хоргодон байна.
Оюутнууд өдөр бүр тус тусын сургуулийнхаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, биеийн байдлаа тогтмол хянуулж байна.
Тэд хувийн ариун цэврээ сайтар сахиж, хагас цаг тутам гараа савандан угааж, амьсгалахад төвөгтөй ч байнга зориулалтын амны хаалт (маск) зүүж, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэж, амьдарч буй гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байна.
Богинохон хугацаанд нөөцлөн авсан ундны ус, хүнс нь дуусах дөхөж байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай аюулгүйн зааварчилгааг ягштал дагаж, халдвар авах өндөр эрсдэлийг тооцон дотуур байрнаасаа огт гадагш гаралгүйгээр өөр өөрсдийн амь заяаг сахин хамгаалж байна.

Хүмүүс цахим сүлжээгээр эдгээр оюутныг суралцаж буй Ухань хотод нь ийм аюултай нөхцөл байдал үүсэж, өвчлөл хүндрэхээс өмнө яагаад Монголруугаа буцаж ирж болоогүй юм бэ гэж их асууж байна
Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг ба өнөөдөр Ухань хотод байгаа 31 оюутнуудаас хэлний бэлтгэл, бакалаврт суралцдаг оюутнуудын хувьд хичээл нь 2020.01.17 нд амарсан.
Доктор, мастерийн судалгаа хийж байгаа зарим оюутнуудын хувьд өвлийн амралтаас өмнө өөрсдийн удирдагч багштайгаа уулзаж судалгааны ажлын явцаа үзүүлж, шалгуулсаар 1 сарын 20 хавьцаа өвлийн амралт нь эхэлсэн.
Мөн хичээлийн ачаалал бусад зүйлсээс шалтгаалж гадаадад сурдаг олон оюутан өвлийн амралтын хугацаанд нутагруугаа буцаж чадалгүй дотуур байрандаа хичээлээ хийгээд үлддэг.
1 сарын 25 наас эхлэн Хятадын цагаан сар 5 хоног үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр олон сая Хятад иргэд гэр бүлээрээ цуглахаар нэг хотоос нөгөө хотруу, нэг тосгоноос нөгөө тосгонруу шилжилт хөдөлгөөн хийдэг.
1 сарын 15 наас 1 сарын 30 ны хооронд буюу Хятадын цагаан сарын шилжилт хөдөлгөөний ид ачааллын үеэр бүх Хятад даяар онгоц, галт тэрэг, усан онгоц, автобус гэх зэрэг бүх нийтийн тээврийн тасалбар дуусч, хүрэлцээгүй болдог.
Энэ үеэр эртнээс төлөвлөж байгаад тасалбараа урьдчилан захиалъя гэвч аль 3-н сарын өмнөөс ихэнх тасалбарууд дууссан байдаг.
Тиймээс яг одоо Уханьд байгаа оюутнуудын ихэнхи нь Уханаас Монгол буцах онгоц, галт тэрэгний тасалбараа Хятадын цагаан сарын хөл хөдөлгөөнөөс шалтгаалж 2020.01.30 наас хойш захиалсан байсан оюутнууд юм.
Мөн 2020.01.20 ныг хүртэл Хятадын телевиз, хэвлэлүүдээр “уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирус нь зөвхөн анхны үүсгэгч амьтнаасаа ойртон хавьтсан хүнд халдварладаг тул өвчин илэрсэн аюултай газраар зорчихгүй байхад халдварлах аюул бага” гэж мэдээлж байв.
Тиймээс зөвхөн эдгээр оюутнууд ч гэлтгүй дэлхий нийтээрээ энэхүү аюулт өвчний бодит аюул заналыг багаар төсөөлж, нөхцөл байдлыг дутуугаар үнэлж байсныг санах хэрэгтэй.
Гэтэл 2020.01.19 ноос эхлэн хэдхэн өдрийн дотор өвчний халдварын тархац хэдэн зуугаар огцом нэмэгдэж, нас барагсдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.
2020.01.22 ны өглөө 10 цагт Ухань хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хөл хорио тогтоов.
11 сая хүн онц байдалд цэрэг армийн хяналтан дор, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй хорионд орж, хот тэр чигтээ айдас түгшүүрт автаад байна.

Уханьд амарч, аялаж, зугаалж яваад биш эрдмийн зэрэг горилон, эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг, шилдэг технологи эзэмшихийн тулд суралцаж байгаад, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд, хүний нутагт хөл хорионд орсон 31 оюутан, 1 ой 6 сартай бяцхан хүү ч та бүхэнтэй ижил Үндсэн Хуулиар өөрийн амьд явах эрхээ хамгаалуулсан Монгол улсын иргэд.

Гэтэл зарим иргэдийн зүгээс фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал орчинд
“энэ оюутнуудыг тэнд нь үхүүл, Монголчууд бид цөөхүүлээ, халдвар авсан энэ оюутнууд өвчин аваад ирвэл бид эмчилж дийлэхгүй, 3 сая хүний амийг 30 оюутнаар сольж болохгүй, тэндээ тэгээл үхвэл таарна” гэх мэтээр сөрөг хандлага гаргаж байгаад өөрийн зүгээс туйлаас харамсаж байна.
Ухань хотод нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтөй байгаа тул Солонгос, Польш, Франц, Нигер, АНУ, Герман, Тайланд, Виетнам зэрэг дэлхийн 30 гаруй улс өөрийн улсын иргэдийг Ухань хотоос яаралтай шилжүүлэн авахаар Хятад улсын засгийн газартай яаралтай яриа хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байна.
Эх орон, Монгол Улсын Засгийн газар ч аюулт өвчний голомтот бүст байгаа өөрийн улсын эрүүл иргэдээ яаралтай шилжүүлэн эр орондоо авчиръя гэсэн шийдвэрийг 1 сарын 26 ны өдөр хуралдаж гаргасан.
Хятад улсын тал ч эдгээр Монгол улсын 32 иргэнд короно вирусын шинжилгээ хийгээд хэрэв эрүүл бол Ухань хотоос гаргаж шилжүүлэн явуулахад асуудалгүй гэж хариу өглөө.
Монгол улсын эрүүл мэндийн яам эдгээр 32 иргэнийг Монголдоо шилжүүлэн авч ирвэл, олон улсын жишгийн дагуу тусгаарлаж, халдварт өвчний далд үе илэртэл 14 хоногийн хугацаанд хяналтандаа байлгаж, бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Монгол улсад өнөөдөр Япон улсаас авчирсан өндөр хүчин чадал бүхий шинэ төхөөрөмжөөр оношлоод корона вирусын халдвар аваагүй, эрүүл гэдэг нь нотлогдвол оюутнуудыг ар гэрт нь хариулах нь зөв. Үнэхээр халдвар авч өвчилсөн бол ядаж эх оронд нь тусгаарлах нь зөв.
Гэтэл маш олон хүмүүсийн цахим ертөнцөд хэлж, бичиж байгаагаар эдгээр 32 иргэн нь хүн ам цөөн, хөгжил буурай, ядуу Монгол улсын иргэн болж төрсөн учир өвчний голомтонд эрүүл саруул өөрийн биеэ хамгаалан байсан ч эх орон болсон Монголдоо буцаж ирэх эрхгүй гэж хэлж байна.
Учир нь тэдгээр бичигчид зөвхөн амин хувиа хичээж, ядаж гараа угааж маск зүүхээсээ өмнө өөрсдөө өвчин тусахаас үхтэл айж байна. Энэ хандлага зөвүү?
Уг нь аливаа улс гадаад улсад нас барсан хууль зөрчөөгүй иргэнийхээ шарилыг хүний нутагт орхилгүй, эх орондоо тээвэрлэн авчирч хүн ёсоор нутаглуулдаг нь хорвоогийн энэрэх ёсны жам биш үү?
Хэрэв эдгээр оюутнууд Ухань хотод үлдвэл эхний ээлжинд тэдний ундны ус, хоол хүнсний нөөц дуусна.
Аргагүйн эрхэнд гадуур гарч дэлгүүр хоршоо хайж, хоол хүнсээ цуглуулж эхэлнэ. Энэ нь маш өндөр эрсдэлтэй. Ингэснээр тэд хөнөөлт өвчний вирусын халдвар авах магадлалтай. Магадгүй зарим нь Монголдоо хэзээ ч буцаж чадахгүй, гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулзахгүй байх магадлалтай…
Тиймээс Монгол ахан дүүс, анд найзууд минь хэрсүү оюундаа ахин нэг тунгаагаад үзээрэй.
Сөрөг хандлага битгий гаргаач.
Халдвар авахаас сэргийлж өдөржин өрөөндөө өөрийгөө тусгаарлаж, ганцаардан зовж, сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа эдгээр оюутан хүүхдүүдрүү “наанаа үлдээд үх, битгий Монголд эргэж ирээрэй, дурандаа хятад явчихаад өвчин авчрах гэлээ п…да чинь, Бид цөөхөн ард түмэн өмхтй хужаа чамаар дутахгүй” гэх мэтээр харааж битгий ахин тэдний минь фэйсбүүкийн хувь чатруу нь болон элдэв постны доор сөргөөр дайрч доромжлон бичээрэй хэмээн хүсэж миний бие энэхүү бичвэрийг бичлээ.
Энд надтай цуг байгаа оюутнуудын ихэнхи нь сурагчийн ширээнээс амьдралд дөнгөж хөл тавьж, өөр өөрийн хүсэл мөрөөдлийг тээсээр гадаад улсад ирж суралцаж буй, хувийн амьдралаа ч эхлүүлж амжаагүй байгаа хүүхдүүд гэдгийг тэд ч бас бидний Монголын ирээдүй гэдгийг битгий мартаарай.
Эцэст нь дахин хэлье, Уханьд байгаа 32 оюутан бүгд эрүүл саруул бөгөөд эдгээр өдрүүдэд өөрсдийгөө чадах хэмжээгээрээ хамгаалж байна.

Уханьд байгаа оюутнуудтай хамтран ажиллаж, туслан дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад Харилцааны яам, Эрүүл Мэндийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Консулын газар, БХНМОХ, УМОХ-д хамт олонд дахин талархсанаа илэрхийлье.
Бид бүхнийг ойлгон, дэмжиж байгаа бүх хүнд талархая.
Бүхнээс санаа зовж, харуулдан суугаа аав ээж, гэр бүлийнхэн, найз нөхдөдөө бид дажгүй сайн байна санаа битгий зовоорой хэмээн удахгүй эрүүл саруул уулзахын ерөөл дэвшүүлье.
Монгол түмний заяа өндөрөө.

Төв хятадын багшийн их сургуулийн докторант, судлаач А.Золбоо
БНХАУ-ын Хүбэй муж, Ухань хот.
2020.01.27

(2020.01.14 ны өдрийн зураг ашигласан болно.)


URL:

Сэтгэгдэл бичих