Д.Дамба-Очир нарын түшээд ЖДҮ-ийг “дээрэмдсэн”-ээс болж Монголд маскны үйлдвэр ч алга

712-1580256390e16c2b54-9100-4d9e-a457-01f3e4844280УИХ-ын “ЖДҮ-чин гишүүд” хэмээгддэг хэдэн гишүүний нэг нь Д.Дамба-Очир юм. Тэрээр  “Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар ХХААХҮ-ийн сайдад ханджээ. Ингэхдээ Д.Дамба-Очир нь зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө тавихгүйгээр санхүүжилтийг авах зорилгоор ЖДҮХС-гийн зарим албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж байсан тухай бид хэдийнээс мэддэг болсон.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гэх хоёр компанийн нэрийг сайд нь ЖДҮХС-гийн захиралд өгчээ. Ингэхдээ “Дамба-Очир гишүүнтэй яриад уулзаарай” гэсэн байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй, төслийн материалуудыг хүлээж авч дуусах үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “Дамба-Очир гишүүн ирж уулзаач гэж байна” хэмээжээ. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Төрийн ордонд очиж эрхэм гишүүний өрөөнд орж уулзсан байна. Ингэхэд Д.Дамба-Очир “Хоёр материал хүргүүлсэн байгаа. Сайдад чинь хэлсэн. Сайд чинь мэдэж байгаа. Буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын дарга шүү” гэсэн байгаа юм. Д.Дамба-Очир гишүүний хэлсэн хоёр компанийн нэг нь “Сапфир стоун” ХХК байжээ. Мөн тэрхүү хоёр компанийн нэг нь уул уурхайн олборлолт хийж, нөгөөх нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байжээ.
Дараа нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа ид явагдаж байх үед Д.Дамба-Очир гишүүний Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй дахиад холбогдож “Ирж уулз” хэмээн дуудсан байна.
Тухайн үед Д.Дамба-Очир гишүүний “захисан” хоёр компанийн нэг нь сонгон шалгаруулалтаар хасагдсан тул ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эмээгээд очоогүй аж.
Гэтэл Д.Дамба-Очир гишүүн ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү “танихгүй” дугаараас залгаж, утсаа авахад нь “Дамба-Очир байна” гээд араас нь “Сайдтай чинь ярьчихсан. Сайд чинь болно гээд байхад та нар дээр очоод яагаад болохоо больчихоод байгаа юм бэ” гэж хашгирч загнаад сүйд болсон байна. Тэрээр хариу ч сонсолгүй “Болгоорой, бүтээгээрэй” гэчихээд утсаа салгажээ.
Гэсэн ч Д.Дамба-Очирын хоёр компанийн нэгийг Төсөл сонгон шалгаруулах комисс нь санхүүжилтэд багтаах боломжгүй гээд хасч шийдвэрлэжээ.
Харин “Сапфир стоун” ХХК нь “дээрээс” чиглэлтэй байсан тул дэмжлэг авч, санхүүжилтэд багтсан байгаа юм. Төслийн сонгон шалгаруулалт явагдсаны дараа “Сапфир стоун” ХХК-ийн захиралтай хамт н.Батжаргал, мөн өөрийгөө Д.Дамба-Очир гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу ЖДҮХС дээр очсон байна. Н.Батжаргал гэдэг хүн нь “Манайхаас хоёр төсөл өгсөн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан нэг компанийнхаа төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэсэн байна.
Гэвч хууль журмын дагуу сайдын тушаалд нэр нь орж, санхүүжилт авах компаниуд барьцаа хөрөнгийн шаардлага хангаж байж санхүүжилтээ авах ёстой байв.
ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтсан “Сапфир стоун” ХХК ч энэ журмын дагуу  барьцаа хөрөнгөө тавих учиртайг ЖДҮХС-гийнхан хэлээд бүрдүүлэх материалын жагсаалтыг тэдэнд өгсөн байна.
“Сапфир стоун” ХХК-ийн хувьд тус компани нь “Очир төв” ХХК-ийн Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих саналыг ирүүлсэн байна. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь “Голомт” банкны барьцаанд тавигдчихсан байжээ. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийнхээ гэрчилгээний хуулбар хувь, нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргийг авч ирэхгүй байсан байгаа юм.
Тиймээс ЖДҮХС-гийнхан “Сапфир стоун” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан байна. Тэгэхэд нь Б.Батзориг сайд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Дамба-Очир гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөх арга бий юу. Наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийддэг” гэж хэлжээ.
Бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Ажлын албаараа дамжуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг дахиад “Ир” хэмээн дуудсан байна. Очоод уулзахад нь “Сайдтай чинь тохирсон. Би өөрөө арыг нь даана” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг ажил дээрээ очоод уг зээлийн гэрээг хариуцсан Хэлтсийн даргатай зөвлөлдөөд Д.Дамба-Очирын УИХ-ын гишүүний албан бланк дээр “Хариуцлагыг хүлээнэ” гэж бичүүлж авъя гэж шийдсэн байна. Энэ талаар “Сапфир стоун” ХХК-ийн асуудлаар тус сан дээр очсон н.Батжаргалд хэлэхэд удалгүй Д.Дамба-Очир гишүүний гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг аваад иржээ. Гэхдээ тэр нь скайнердсан бололтой, илт хуурамч харагдсан тул тэр бичгийг нь хүлээж аваагүй байна. Дахиж яваад албан ёсны бичиг авчирч өгөхөд нь гэрээг байгуулж, санхүүжилтийг олгожээ. Ингэж дахин бичиг авчрахдаа н.Батжаргал нь “Энэ албан бичиг хэзээ ч ил гарах ёсгүй шүү гэж Дамба-Очир гишүүн өөрт чинь хэлүүлсэн” гэж хэд хэдэн удаа сануулж хэлсэн байна. Барьцааны тухайд сүүлд нөхөж тавьжээ.
Ингэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХ-гаас авсан байдаг юм.
Сүүлд нь юу болсныг олон нийт мартаагүй байх. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ түүнийг авч үлдсэн.
Тухайн үед Д.Дамба-Очирын УИХ-ын гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай “…“Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.
УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэж бичсэн санал УИХ-д ирж байжээ.
Өөрөөр хэлбэл, Д.Дамба-Очир нь ганцаараа барьцаа хөрөнгөгүй, зээлийн гэрээгүй  зээл авсан. Зээлийн материалаа өгөхдөө  дутуу, албан тушаалаа ашиглан зээл авах шийдвэр гаргуулсан. Мөн тэрээр өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон гэх асуудалд холбогдсон.
Ер нь бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын энэ үйлдэл гэмт хэрэг биш юм гэхэд ёс суртахууны байж болохгүй зөрчил юм. Манайхаас өөр улс оронд арай өөрөөр шийдэгддэг асуудал л даа. Тийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ асуудалд туйлын шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Өнөөдөр хар даа. Өмнөд хөршид гарсан коронавирусаас болоод улс орон тун хүнд байдалд байна. Хамгийн наад захын урьдчилан сэргийлэлт нь маск зүүж, гараа ариутгаж байх ёстой. Гарыг ч яахав, угаагаад байх нь ойлгомжтой. Харин халдвараас сэргийлээд зүүх маск ховор, импортолж авчирсан хэдэн эмийн сан үнийг нь хөөрөгдөөд баллаж өгч байна. Хэрэв Д.Дамба-Очир мэтийн төрийн түшээд ЖДҮХС-гийн хөрөнгөд хуруу гараа дүрээгүй бол өнөөдөр ядаж хэдэн маскны үйлдвэр Улаанбаатарт ажиллаж л байгаа шүү дээ. Энэ бол ганц л жишээ. Асуудал тулгарах болгонд ЖДҮ-д халдсан түшээдийн горыг бид нийтээрээ амсах болно.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.