Ц.Цэнгэлийн тушаалаар агаарын бохирдлыг бууруулах мөнгөөр шинэ жил тэмдэглэжээ

15803455595e3228d782b27Сүүлийн үед Tsenglish хоч зүүгээд байгаа Элчин сайдад горилогч Ц.Цэнгэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа хэд хэдэн хууль бус тушаал гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэлдээ АТГ-т шалгагдаж байна.

Хамгийн эхнийх нь Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, судалгаа хийнэ гэж 2016 оны 12 дугаар сард тушаал гаргаж, агаарын бохирдлыг бууруулах зориулалттай хөрөнгөөс 9.8 сая төгрөгийг “Сөүл” ХХК руу шилжүүлжээ.

Дараа нь “Дүйцүүлэн хамгааллын арга зүй, нөлөөллийг бууруулах арга хэмжээ” сэдэвт эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа мэтээр тушаал гаргаж, Байгаль хамгаалах санд төсөвлөгдсөн хөрөнгөөс 11.2 сая төгрөгийг мөн “Сөүл ХХК руу шилжүүлсэн байна. Ингэхдээ ажил гүйцэтгэх гэрээ, хэлэлцүүлгийн удирдамж, хөтөлбөр, хэлэлцүүлэг зохион байгуулах газрыг сонгож буй хурлын тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн аж.

Түүнээс гадна Модлог ургамлын үрийн тухай хуулийн төсөл боловсруулах, судалгаа хийх гэж байгаа мэтээр тушаал гаргаж, мөн л агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөөс 9.6 сая төгрөгийг “Монгол Кувейтийн сан” төрийн бус байгууллагын дансаар дамжуулан авчээ.

Бас Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газрын хохирол тооцох, нөхөн сэргээх тухай хуулийн төсөл боловсруулах, судалгаа хийнэ гэж тушаал гарган, мөн л агаарын бохирдлыг бууруулахаар төсөвлөгдсөн хөрөнгөөс 9.9 сая төгрөгийг “Монгол Кувейтийн сан” төрийн бус байгууллага руу шилжүүлжээ. Дээрх мөнгийг тэдгээр байгууллагуудаас гаргуулан авч, яамныхаа 2016 оны шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан байна.

Ц.Цэнгэл нь төсвийн хөрөнгийг ийнхүү зориулалтын бусаар зарцуулсны улмаас улсын төсөвт 40.5 сая төгрөгийн хохирол учруулжээ. Өөрөөр хэлбэл, Агаарын бохирдлыг бууруулах ёстой мөнгө нэг үдшийн архи дарс, хоол унданд явчихсан гэсэн үг.

Дээрх хууль бус тушаалуудаар удаа дараа мөнгө гаргасан нь ердөө л яамныхаа шинэ жилийн баярыг тэмдэглэхийн тулд байжээ. Гэтэл “Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”-аар заасан хууль тогтоомж түүний уланд гишгэгдэв бололтой.

Хамгийн гол нь байгаль хамгаалах сан болон агаарын бохирдлыг бууруулах зориулалттай хөрөнгийг найр баярын арга хэмжээнд гаргаж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Ц.Цэнгэлийг улсаа төлөөлөн Элчин сайдаар томилохын учир юунд байна вэ?

http://www.zaluucom.mn/read/43f090hhc


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.