Улс орнууд БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж, шууд нислэгээ цуцалж эхлэв

f5e296bd173e28_5e296bd173e6b.thumbБНХАУ-д дэгдээд буй коронавирусээр халдварласан хүний тоо өчигдрийн байдлаар 7711 болж, амиа алдсан хүн 170 болоод байна. Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс сэргийлэхийн тулд ОХУ өнөөдрөөс Хятадтай хиллэдэг Амурын бүс, Еврей автономит муж, Хабаровск, Приморский, Забайкаль мужийн хуурай замын хилийг хааж, төмөр замын хөдөлгөөнөө түр зогсоохоо мэдэгджээ. ОХУ-аас гадна Их Британийн агаарын тээврийн “British Airways” болон АНУ-ын авиа компаниуд  БНХАУ чиглэлийн нислэгүүдээ зогсоогоод байгаа юм.  Түүнчлэн АНУ-ын Аризона мужийн их сургуулийн оюутнууд тус сургуульд коронавирусээр халдварласан байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох өргөдөл гаргажээ. Одоогоор 21 орчим мянган оюутан гарын үсэг зураад байгаа аж.

Өвчтөнүүдийг хэрхэн эмчилж байгаа вэ

“China daily”-гийн мэдээлснээр нийт халдвар авсан хүний 1370-ийнх нь биеийн байдал хүндхэн байгаа бол вирус тархаж эхэлснээс хойш 124 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргаад байгаа юм байна. Ноттингемийн их сургуулийн вирус судлаач, профессор Жонатан Балл “China daily”-д өгсөн ярилцлагадаа “Вирусийн эсрэг вакцин байхгүй учир илэрч буй шиж буй тэмдгийг бууруулах болон дархлаа дамжих эмчилгээ хийж байгаа. Халдвар авсан тохиолдолд уушгины үрэвсэл болох тохиолдол их байгаа учир амьсгал дэмжих, уушги  хамгаалах эмчилгээ хийж байгаа. Гэхдээ вирусийн халдвар авсан дөрвөн хүн тутмын биеийн байдал хүндэрч байна. Цусны даралт нь тогтворгүй хүмүүст судсаар хүчилтөрөгч тарих арга хэмжээ ч авч байгаа” хэмээжээ.  Ухань Жиньинтан эмнэлгийн дарга Жан Дингю биеийн байдал нь сайжраад эмнэлгээс гарсан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа гэдгийг онцолсон байна.

ХДХВ-ийн эм нөлөөтэй юү

Коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор гаргаж аваагүй байгаа учраас  ХДХВ-ийн вирусын эсрэг эм болох  лопинавир болон  ритонавирыг   үр дүнтэй эсэхийг туршиж байгаа аж.Учир нь, эдгээр эм нь SARS-ийн вирустэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж байжээ.

Вакцины тухайд

Дэлхийн олон оронд вирусийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Хэдийгээр вакцин гаргаж авсан ч клиникийн туршилт хийж, хүнд хэрэглэх хүртэл нэлээд хугацаа шаардахаар байгаа юм. 2003, 2012 онд дэгдсэн  SARS, MERS-ийн эсрэг вакциныг одоо хүртэл гаргаж аваагүй л байна. Профессор Жонатан Баллын  ярьснаар вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгалтаар орж, багадаа жилийн дараа л хүнд хэрэглэх боломжтой аж.

Вирусийн тархалт хэзээ буурах вэ

Хятадын Өвчлөлийн хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн тэргүүлэгч тахал судлаач Цзэн Гуаны өгүүлснээр вирусийн далд үеийг Ухань хотод хөл хорио тогтоосон нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцвол хоёрдугаар сарын дунд хүртэл тархалт оргилдоо хүрч, үүнээс цааш аажмаар буурах аж. Түүнчлэн ХБНГУ-ын Геттингений их сургуулийн профессор Ю Сяохуа вирус дэгдсэнээсээ хойш 90 хоногийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрч эрчимжихээр байгааг анхааруулсан байна. Тэрбээр энэ таамгаа 2002-2003 онд дэгдсэн SARS-ийн дэгдэлтэд үндэслэн гаргажээ.

https://www.bbc.com/news/world-asia-china-51295415


URL:

Сэтгэгдэл бичих