“Намаасаа гарна” гэж айлгаж байж байнгын хорооны даргад нэр дэвшжээ

УИХ-ын хэд хэдэн байнгын хороод өчигдөр хуралдлаа. Учир нь АН хамтарсан Засгийн газраас гарсан тул АН-ын гишүүдийн удирдаж байсан байнгын хороодын дарга нарын суудлыг МАНынхан авахаар болсон юм. Уг нь хамтарсан Засгийн газар задарсан ч Засгийн газрыг дагаж, УИХ бужигнахгүй хэмээн УИХ дахь хоёр намын дэд дарга нар хэлж байсан юм. Гэсэн ч дангаар засгийн эрх барих болсон МАН-ынхан АН-ынхныг хамтарсан Засгийн газраас гарсан л бол байнгын хороодын дарга нарын суудлаа ч мөн өгөх хэрэгтэй хэмээн шахсан сураг дуулдана. Ийм шахалт үзүүлэхээр өнгөрөгч мягмар гаригт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Ийнхүү өчигдөр үдээс хойш байнгын хороодыг зарлан хуралдуулж, АН-ын “эзэмшилд” байсан байнгын хороодын дарга нарыг өөрчлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Ингэхдээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Буд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарыг тус тус хэлэлцэж, байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Байнгын хорооны шинэ дарга нарын тухайд намаасаа гарна хэмээн айлгаж байсан хүмүүс зонхилж байгаа юм. Намын даргын хувьд эдгээр гишүүддээ байнгын хорооны даргын суудал өгч торгоож авч үлдэж байгаа нь энэ бололтой.

Үлдсэн буюу МАН-ын “эзэмшлийн” байнгын хороодын  дарга  нарын хугацаа дуусч байгаа тул тэднийг ч мөн өчигдөр хэлэлцсэн юм. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаярыг тус тус улирлуулан томилохыг гишүүд дэмжив.

Сангийн сайд болсон Д.Хаянхярваагийн удирдаж байсан Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг томилохоор байнгын хорооны гишүүд санал нэгдэв.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Очирбатыг улируулахыг дэмжсэнгүй. Түүний оронд Х.Тлейхан гишүүнийг томилохыг зөвшөөрлөө.

Дашрамд хэлэхэд УИХ-ын гишүүн Д.Очирбатыг улируулаагүй шалтгаан нь Эрүүл мэндийн сайд болох гэж “улайран” тэмцсэн, түүнээс үүдэн намын даргадаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хатуухан үг дайсан гэх шалтгаанаар байнгын хорооны даргын суудлаас буулгаж байгаа гэх яриа дуулдаж байсан юм.

Харин Х.Тлейхан гишүүний хувьд Баян-Өлгий аймгийн үндэсний цөөнхөөс сонгогдсон. Энэ парламентын хугацаанд тус аймгаас сонгогдсон Х.Баделхан, Х.Жекей нарын гурван гишүүн ямар нэг онцгой үүрэг роль, олонд танигдах албан тушаалд очиж чадаагүй. Үүнд дээрх гурван гишүүн ихэд гомдолтой явдаг гэдгээ намынхаа удирдлагууддаа илэрхийлсэн тул ийнхүү А.Тлейхан гишүүнийг байнгын хорооны даргаар томилохоор болсон гэх сураг ч байна.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих