Хилээр орж ирсэн хүн бүрийг оношлох боломжгүй

-2958237241399870766_900_x_564

  • Зөвхөн сэжигтэй тохиолдлуудыг оношилж байгаа болохыг албаны хүмүүс тайлбарлаж байна. Тиймээс бид коронавирус Монголд орж ирээгүй гэж тайвшралгүй, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг сайтар биелүүлэх хэрэгтэй байна
  • Манай улсад 71 сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарчээ
  • Дархан-Уул аймагт хоёрдугаар сарын 4-нд сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарлан, хянаж байна. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон бөгөөд тухайн иргэнийг аймагт нь тусгаарласан. Шинжилгээг ХӨСҮТ-д ирүүлсэн, хариу нь маргааш (өнөөдөр) гарна

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. “Монгол Улсын хилээр нэвтэрч буй дотоодын иргэн бүрийг коронавирусийн оношлуулаар оношлохгүй байна. Зөвхөн асуумж асууж, халуун үзсэн болоод л өнгөрдөг” гэх шүүмжлэл сүүлийн үед тархсан. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Эхний ээлжинд Японоос 200 оношлуур орж ирсэн. Үүний 50 орчим хувийг нь ашиглалаа. Одоо 100 гаруй үлдсэн. Оношлуур нь өөрийн гэсэн үүрэгтэй учраас хүн бүрийг үүгээр оношлох боломжгүй. Онцгой болон сэжигтэй тохиолдлын хүмүүсийг л оношилж байна. Хилээр нэвтэрч орж ирж буй бусад хүнээс 10-20 асуулт бүхий асуумж асуудаг. Уг асуултын гурваас дээш тохиолдлыг зөвлөсөн байвал сэжигтэйд тооцож, оношлуураар оношилно. Бусад тохиолдолд нууц үе болох 14 хоногт өөрийгөө сайтар хянаж, сэжигтэй зүйл гарвал ХӨСҮТ-д хандахыг зөвлөөд явуулж байна. Нэгэнт хүн бүрийг оношилж чадахгүй байгаа тул ард иргэд сонор сэрэмжээ огтхон ч сулруулж болохгүй” гэв. Албаны хүний ярианаас үзвэл нэгэнт хилээр орж ирсэн хүн бүрийг оношилж чадахгүй нь ойлгомжтой байна. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагаа өндөржүүлж, ариун цэврээ сахин, амны хаалтаа тогтмол хэрэглэн коронавирусээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болох нь. Түүнчлэн коронавирус илэрсэн бүс нутгууд руу зорчиж, эрсдэл гаргахгүй байхыг сануулъя. Монголд одоогоор коронавирус илрээгүй ч эрсдэл өндөр орны тоонд хамааруулах болсон. Энэ нь хэзээ мөдгүй ороод ирэхийг үгүйсгэхгүй юм. Газрын зураг дээр коронавирус илэрсэн орнуудыг улаан, эрсдэл багатай орныг цэнхэр, эрсдэл өндөр орныг улбар шараар тэмдэглэж байгаа. Тэгвэл манай улс хоёр хоногийн өмнө цэнхрээс улбар шар руу шилжжээ. Тиймээс бид тайвшрах эрт байгааг албаныхан санууллаа. Сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний оо 24 мянгад хүрч, нас барагсад 492 болсон. Испани, Бельгид анхны тохиолдол бүртгэгдсэн бол Канад, Японд халдвар авсан хүний тоо нэмэгджээ. Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 883 хүн эдгээд байна. Коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн 28 оронд бүртгэгдээд буй. Мөн 3129 өвчтөний биеийн байдал хүнд, нэг хоногийн дотор 3800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 23 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 185 мянган нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээлэлдээ “Манай орны хувьд эрсдэл өндөр бүлэгт хамаарч байгаа. Учир нь манай улс руу Эрээн болон БНХАУ-аас ирж буй монгол иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Халдварын тархалт өндөр бүс нутгаас ирсэн иргэд ариун цэврээ сайн сахиж, өөрсдийгөө 14 хоног тусгаарлан ажиглаж, сонор сэрэмж, өөртөө тавих анхаарлаа сулруулахгүй байхыг хүсэж байна” хэмээлээ. Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ярихдаа “Дархан-Уул аймагт хоёрдугаар сарын 4-нд сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарлан, хянаж байна. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон бөгөөд тухайн иргэнийг аймагт нь тусгаарласан. Шинжилгээг ХӨСҮТ-д ирүүлсэн, хариу нь маргааш (өнөөдөр) гарна” гэлээ. Манай улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3000 оношлуур нийлүүлэхээс эхний 500 нь ирэх долоо хоног ирэх гэнэ. Тэгвэл ХӨСҮТ-д тусгаарласан 31 оюутны биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд ямар нэгэн сэжигтэй тохиолдол гарвал дахин шинжилгээ авах аж. Коронавирусийн анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш манай улсад 71 сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.

Тахиа, гахайны мах оруулахгүй

Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хурлын дараа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдөр өдрөөр өсч байна. Үүнтэй холбоотойгоор хуралдлаа. Бид зайлшгүй шинэ төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай болсон. Тиймээс хэд хэдэн шийдвэр гарлаа. Тухайлбал, шувууны ханиадтай холбогдуулж тахиа, гахайны мах импортлохыг хориглосон шийдвэр гарч байна. Мөн хилийн боомтуудын асуудлыг ярилаа. Ихэнх боомт хаагдсан учир бага зэрэг хүндрэл үүссэн. Эх орондоо ирэх хүсэлтэй хүний тоо ч нэмэгдсээр байна. Өчигдөр гэхэд 360 орчим иргэн ирсэн. Ер нь өдөртөө 300 гаруй хүн ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал нэлээд ярвигтай болж ирж байна гэсэн үг. Тэгэхээр ажиллаж байгаа хилийн боомтууд дээрээ Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй болж байна. Салбарын төлөөлөл маргааш (өнөөдөр) хилийн боомтууд руу явна. Улсын онцгой комисс маргааш (өнөөдөр) дахин хуралдаж, саналаа Засгийн газарт танилцуулах юм. Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбараас нэлээд өндөр үнийн дүн орж ирсэн. Дэлхий нийтийн жишгээр бол тусгаарласан нэг эмнэлэг бэлтгэх шаардлагатай. Тиймээс Эрүүл мэндийн салбарынхан ямар эмнэлгийг тусгаарлах вэ гэдгийг судлах юм. Ер нь сэжигтэй тохиолдлуудыг хүлээж авах нэгдсэн нэг цэгтэй болно гэсэн үг. Ерөнхийдөө Цэргийн госпиталь, Төрийн тусгай хамгаалалттай ажилтнуудын эмнэлгийг судлаад Эрүүл мэндийн яам шийдвэрээ гаргана” гэлээ. Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ яг албан ёсоор хаах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах одоогийн хуваарийг мөрдөх шийд хэвээр байна. Нэмэлт: Орхон аймагт Хятадын Ухань хотод ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг сэжигтэйд тооцон тусгаарлажээ. Тэр өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй ч БНХАУ-ын Уханиас ирсэн тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлажээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Zochin Огноо: 6 February 2020

Амьд үхдэлийн вирусийг оношлох

Сэтгэгдэл бичих