АНУ: “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийг устгасан

2_bАНУ “Арабын хойг дахь Аль-Каида” алан хядах бүлэглэлийн толгойлогч Касем ар-Раймиг Йеменд тусгай ажиллагаа явуулан устгасан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Йеменд терроризмын эсрэг ажиллагаа явуулж, үүний дүнд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аз-Завахиригийн орлогч болох, “Арабын хойг дахь Аль-Каида” алан хядах бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Касем ар-Раймиг устгалаа. Ар-Райми нь Афганистанд Осама Бен Ладены дор ажиллаж байхдаа 1990-ээд онд “Аль-Каида”-д нэгдсэн гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.  Мөн “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэл нь  Йемен дэх энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэн, АНУ болон тус улсын цэргийн албан хаагчдын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн онцолсон байна.

Түүнчлэн ар-Раймиг устгаснаар “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэл төдийгүй “Аль-Каида” бүлэглэлийн хүчийг сулруулна гэж цохон тэмдэглэжээ.

Харин энэ тусгай ажиллагаа  хэзээ явагдсан талаар мэдээлсэнгүй. The New York Times сонины мэдээлснээр АНУ хэдэн сарын туршид ар-Раймигийн байршлыг тогтоохоор ажиллаж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард Йемен дэх мэдээлэгчээс алан хядагчийн байршлын талаарх мэдээлэл авчээ.

Улмаар  Америкийн тагнуулынхан түүнийг дрон ашиглан хайж, нэгдүгээр сард Йемений нутаг дэвсгэрт цохилт өгсөн байна.

Энд дуулгахад, ар-Раймиг Йемен дэх АНУ-ын Элчин сайдын амь насыг хөнөөхөөр төлөвлөсөн хэрэгт буруутган, түүнийг шоронд хорьсон ч тэрбээр шоронгоос оргож байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих