АВТОБУС №24: Хөгшчүүд хамгийн тавьтиргүй

unnamedЭнэ өдрийн мэнд хүргэе. Маскаа зүүгээд махаа идээд манайхан сайн байгаа биз дээ? Баахан бодолд дарагдуулсан бүүдгэр саарал өвөл цагийн эрхээр буцаж л таарна. Нас барсан хүний тоо 500-д хүрэхэд бүрэн эдгэрсэн хүний тоо 1000 хол давж буй тул хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч хэтдээ хөршүүд гайт вирусийг нугачин дарах л болно. Тиймээс өөрийгөө хайрлаж, өрөөлийг хүндлээд амны хаалтаа зүүгээд алс холын мөрөөдлөө тээгээд алхаад л байгаарай. Амьдралд гундаж, өвчинд бууж өгөх болоогүй шүү.  

Би ерөөс автбоусанд амьдралын өнгө л хайж суудаг. Тэнд халаас нимгэн нь, хэтэвч зузаантай нь, хайртыгаа зорьж, хань, үрдээ харьж яваа нь гээд өөр өөр өнгө бий…Өнөөдөр ХМК-Офицер чиглэлийн автобусанд сууж төв замаар давхиулсаар Таваншар хүрээд буулаа.

“Хайраа уучлаарай…”

Офицерийн автобусны буудал дээр хэсэг зогслоо. Хоёр залуухан хос. Барагцаалбал нэг үү, хоёрдугаар курсийн л оюутнууд бололтой. Бүсгүй уурлажээ. Залуу түүнийг аргадах гэж эр хүний 13 мэхний 12-ыг нь бараг хэрэглээд дуусч байх шиг…

”Уучлаарай хайраа” гээд бүсгүйг явуулахгүй хоргоох. Үнсэх гэж оролдвол өнөөх нь бүр ч халгаахгүй. Гэм хийсэн мэт өмнө нь хүлцэнгүй номхон зогсоод л байна. Тэгтэл автобус ирж бүсгүй суухаар дөхвөл нэгэнт аргадаж чадахгүй хүчин мөхөсдсөн залуу куртикнийх нь малгайг өмсүүлээд “Хайртай шүү за” гээд үлдэв. Би ч бүсгүйн хамт автобусанд суулаа.

Уурлаад огт ойшоохгүй байсан бүсгүй харин автобусанд суусан даруйдаа цонхоор залууг хараалж залуу тэндээс даллаж л байна. Тэгтэл бүсгүй мөн л харцаа буруулж автобусны хамгийн арын сандалд суулаа. Удалгүй утсаа гаргаж ирээд учир зүггүй мессеж бичиж байх юм. Тэгсэн утас дуугарч бүсгүй “За за тэгвэл би дараагийн буудал дээр буулаа. Чи гялс хүрээд ир” гэв. Залуучууд сайндсан бололтой. Өнөө бүтэл муут өдийд хар хурдаараа гүйж яваа даа…

Саяхан л би тэдэн шиг залуу явлаа. Өнөөдөр “Ханиа нуруу маажаад өгөөч” хэмээх нөхөртөө хэдэн жилийн өмнө яг энэ бүсгүй шиг туньж, шалтгаангүй уурлаж, сална гэж айлгах хачин дуртай байж билээ. Хэрэв одоо сална гэвэл “Хадам аавд хэлж чамайг загнуулна даа” гээд хээв нэг инээх биз.

 Мэдэхгүй, эмэгтэй хүмүүс ингэж кайф авдаг эсвэл ихэмсэг байдлаа илэрхийлдэг ч юм уу, бүү мэд. Чухам яагаад гэдгийг шинжлэх ухаан ч тогтоогоогүй байх. Ямартай ч бүлтийтэл ширтээд “Битгий яв л даа” гэж зогсоо түүний царайнаас хайр мэдрэгддэг байлаа. Сэтгэлдээ хэдий нь уучилсан хэр нь уурлаад гардаг, хараагүй, сонсоогүй царайлж үл тоодог нь магадгүй бүсгүйчүүдэд л байгалиас заяасан зан биз…

 “3000-аар картаа цэнэглээд, 4000-аар хоол аваад идчихсэн…”

Оюутан, сурагчид амарч буй тул автобус сэлүүхэн, сандал ч олдож байна. Арын суудалд тухалсан залуу утсаар ийн ярина.

- Байна уу, Өглөөний мэнд. За ажилдаа оччихсон уу?

-Аан тийм үү, би Дүнжингарав орох гээд автобусанд суугаад явж байна

-Өчигдөр үү. Өө нөгөө хоёртой чинь гадаа жаал машинд нь юм ярьж сууж байгаад 12 өнгөрөөгөөд орж унтсан. Тэгээд унтахаасаа өмнө чамруу залгаад байсан чи аваагүй.

-Нээх их юм уугаагүй ээ. Ээгий ч машинтай яваа гээд уугаагүй, Болдоо бид хоёр л хоёр хоёр пиво уух шив.

-Согтоогүй ээ хэхэ. Зүгээр чамтай яримаар санагдаад…

-Мөнгө үү? Мөнгө бараг байхгүй шт. Өчигдрийн 30-аас чинь дөрвөн мянгаар нь хоол авч идээд, гурван мянгаар нь автобусны картаа цэнэглээд…өөр чинь яалаа. Тэгээд л бараг дуусчихсан шт. Одоо надад 10 гаруй мянган төгрөг байна. Би одоо Дүнжингарав орж ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгийн, иргэний үнэмлэхний тодорхойлолт авна. Тэгээд юм үлдвэл би чам руу шилжүүлчихье за. Удахгүй нөгөөхөө зарчихвал хоёулаа баяжина аа за хэхэ…

Залууг хэнтэй ярьсаныг нь мэдсэнгүй. Эмэгтэй л хүн байсан. Манай хоёр өнөөдөр байгаа 10 гаруй мянган төгрөгөө хувааж хэрэглэж буй ч удахгүй баяжина гэсэн…

Жуковын буудлаас бөөн хүмүүс чихцэлдсээр орж ирлээ. Уг нь автобус хүн багатай ч буудлаас суухдаа зайлшгүй хаалгаар чихцэлдэх нь монгол хүний л зан гэлтэй. Хоёр хөгшин чи наашаа, би цаашаа гэж багагүй маргалдан түлхэлцсээр орж ирлээ.

Жолооч “Хөөе хөөе хаалга үүд эвдлээ. Юундаа шахцалдаад байдаг юм бэ. Цувраад орж ирж болохгүй байна уу” гэвэл хөгшчүүд зэрэг шахуу “За чи дуугүй бай. Цагаараа явж байгаач та нар” гэж загнав.

Жолооч хариуд нь тайвнаар “Энэ хөгшчүүд нээрэн хамгийн тавтиргүй хүмүүс шүү” гэж толгой сэгсрээд хөдлөв. Хоёр хөгшин нэг нэг сандалд тухлаад хаалганы хажууд зогсох залууг “Алив энэ карт дараа өг дөө” хэмээн гарын үзүүрт зараад амжиж байна.

“Ёоо ёоо цагдаа ах аа…”

 Өглөөний 10.00 цаг болжээ. Ажлаасаа бууж яваа бололтой цагдаагийн дүрэмт хувцастай залуу дөрвөн замын автбосны буудлаас суулаа. “Буугаад харих гээд явж байна. Гэрт хоол байгаа юу” гэх зэргээр хэн нэгэнтэй утсаар ярьж явтал автобусны хамгийн арын сандалны голын завсраар нэг согтуу эр пидхийтэл унаад өглөө.

 Автобус Таваншар дээр ирж эцсийн буудал дээр бүх зорчигч буухад өнөөх согтуу эр унасан завсартаа унтсаар…Түүнийг сэрээх гэж хэд хэдэн хүн оролдсон болов ч яагаад ч сэрсэнгүй. Жолооч толиндоо түүнийг харж “Өө энийг одоо яаанаа” гэвэл цагдаа залуу нэг буух гэснээ гэдрэг эргэж согтуу залуу дээр очив.

 Цагдаа яг ямар арга хэрэглэгснийг мэдэхгүй. Чих орчимд нь дартал өнөөх сэрэхгүй байсан согтуу “Ёоо ёоо ахаа” хэмээн босоод ирэхэд гайхамшиг бүтэх шиг л жолооч бид хоёр баярлав.

 Цагдаа түүнийг сэргээгээд

-Эцсийн буудал дээр ирчихээд байна. Хаана буух байсан юм

-Өө хэтэрчихсэн байна. За яахав яахав хэмээн инээвэл

-Одоо буу буу” гээд цагдаа гарч одлоо.

Согтуу хүмүүсийг сэргээх нууц чадвар цагдаа нарт байдаг бололтой. Хэний ч сэрээж чадаагүй согтууг ганцхан секундэд цочтол нь сэрээсэн цагдаагийн алба хаагч бахархалтай санагдав. Дагаж буугаад надад заагаад өг гэвэл загнуулах л байх даа…

Энэ хүрээд автобус тэмдэглэл өндөрлөж байна. Гэгээн бүхнийг дуу хураагууртаа тэмдэглэсээр эргэн уулзъя.

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.