Цагаан сараа тэмдэглэж буй хэлбэр өнөөгийн Монголчуудын хөгжлийн эрэлтэнд нийцдэг үү?

9120

Аливаа нийтийг хамарсан их сорилт, бэрхшээл, их баяр эргээд нийтийн дунд мөрдөгддөг хэм хэмжээ, хууль, соёлын зарим агуулгаа эргэн нягтлах, шүүх, цэгнэн өөрчлөх боломжийг олгож, шаарддаг. Тиймээс ч бид короновирусын тахалын тархалтын эмзэг ийм үед эргээд өөрсдийнхөө амьдралын хэв маягийг, тухайлбал өдөр тутмын мэндчилгээнээс авхуулаад өнөөдөр Монгол ген гэж юу вэ гэхчилэн бид өөрсдөө өөрсдийнхөө талаараа дотоод дах эерэг сөрөг үнэлэмжүүдээ ямар нэг хэмжээнд илчлэн социалд илэрхийлж байна. Жишээ нь, Сөрөг\шүүмжлэлт- гадаа нус цэрээ бүү хая, гадуур хэрэггүй бүү сэлгүүц, Монголчууд тусдаа үндэстэн биш хилээ хаа, хатуу хөл хорио хий, Монгол хүний хэнэггүй зан 3 хоног- маскаа тасралтгүй зүү, Хайнга юмаа бид гэх мэт өөрсөддөө анхааруулж бас өнөөгийн Монгол хүний хандлага байдалд шүүмжлэлттэй ханджээ. Өөдрөг бардам үнэлэмж- Монгол хүний ген бол өөр, хүйтэн газар хирийн вирус ирэхгүй, Монгол мах шөл, жимсээ идэхэд бид цэвэр байна гэхчлэн Nationalism ханхлуулсан бардамчлал бүхий үнэлэмж гэсэн 2 талын хандлага байна. Сүүлийн үеийн нэг сэдэв Цагаан сар юм. Нийгмийг хамарсан онцлог ийм үед бид өөрсдийн тогтсон, тэр бүр ярьж чаддаггүй зүйлсээ хэлэлцэх,маргах, магад өөрчлөх боломж нийгмийн сэтгэл зүйн хувьд үүсдэг. Яг л ” бид яагаад өдий болтол бусад шиг хөгжихгүй байна вэ? Үндсэн хуулиа өөрчлөе” гэдэг шиг. Хөл хорио тогтоосон ийм үед олныг хамаарах алив үйл явдлууд, тухайлбал Цагаан сарыг олноороо бус амьдардаг ам бүл дотроо өнгөрөөе хэмээх шийдвэртэй зэрэгцэн Ерөөсөө “Цагаан Сарыг түгээмэл биш гэр бүлийн хүрээнд цомхон ёсолдог больё” гэх мессеж нээлээд явна. Үүний цаана цагаан сар зэрэг зарим тэмдэглэлт баяр ёслолуудыг бид хэрхэн ёслон өнгөрөөдөг тухай, цаашилбал Монголчуудын баярууд, түүнд хандах хандлагын талаарх бидний дотоод үнэлэмж илэрч, зарим нь хуучнаараа байх тухай, зарим нь энэ бол нүсэр, дарамттай баяр учир цаашид хэрхэн цомхон шийдвэрлэж хийж байх тухай саналуудаа гаргажээ.

Аливаа үндэсний баяр ёслол бол тухайн үндэстэний наад зах нь Соёл, цааш нь тухайн үндэстэнийг ялгаруулан дархлаажуулагч, олон соёл бүгдийг амь оруулдаг тэжээгч Дархлаа нь гэдэг. 2 их хөршийн дундах 3 сая хүнтэй, хүчтэй түүхтэй, байгалийн баялагтай улсын хувьд энэ маш чухал, эмзэг хүчин зүйл. Нөгөө талаас бид хүн төрөлхтөний түгээмэл хурд, глобалчлал, цахимжилт, аж үйлдвэржилтийн процесст хамаарагч нэгэн учир өнөөгийн хүмүүсийн прагматик, цомхон, хуртай амьдралын хэв маяг, бидний цаашдын хөгжлийн хэв маягийн илэрхийлэлийг өөрсдийнхөө ниймгийн амьдралын салаа бүрээс, улс төр, хууль ёс, зан заншил соёл бүрээс нэхэх нь зүйн хэрэг. Тиймээс өнөөгийн хүмүүс хуучны нүсэр тавилгыг биш, хөнгөн авсаар IKEA хэлбэрийн тавилгыг, Морьтойгоо хонинд явахыг биш мотоцикльтэй туугаад ирэх нь амар гэж, эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү бие даан амьдрах чадамжтай байх ёстой хэмээх соёл идеологийг эрхэмлэдэг болж. Иймээс ч цагаан сар хэмээх соёлыг бид ч бас ийм хандлагадаа оруулж “шинэчлэн дэглэх” хэрэгтэй гэсэн санал ихээр гарч буй нь зайлшгүй цаг үеэ дагасан бидний дотоод илрэл (phenomenon) юм. Нөгөө талаас бидний зорьж буй аз жаргалтай баян тансаг амьрал, өрсөлдөөнт прагматик эдийн засагтай цаг үед цагийн сараа тэмдэглэж ирсэн уламжлалаараа хийх үү, дээрх дотоод үнэлэмж, зорилгодоо тулгуурлаж засаж дэглэх үү гэдэг чухал. Уламжлал ямар байсан гэдгийг бүтээлчээр ярилцах нь өөр нэг асуудал. Ер нь улс үндэстэний эрх ашгийн төлөө, сайн сайхны төлөө юуг ч яаж ч дэглэж, өөрчилж болдог. Уламжлал ба шинэчлэлийн хил заагийг нь л алдуулалгүй барих нь төрийн хар хайрцагт оршиж, нутаг орондоо хүндлэгддэг эгэл “хар хүний” үг үйлдэлээр үйлчлэлд ордог байх. Дүгнэвээс, Короновирус-н энэ сорилтын үе бидэнд тахалын аюулт сэрэмжлүүлгийг хэлэхийн хажуугаар, бид өөрсдийнхөө талаарх (амьдралын чанарын талаарх) үнэлэмж дүгнэлтүүдээ илэрхийлэх, цаашдын хандлагаа дүгнэн анхаарах боломжийг гаргаж байна. Цагаан сарын тухайд, ерөөс соёлыг бид ардын (folklore) хийгээд орчин цагийн (digital) үнэлэмж дор бүтээж (creation) буйтай адил сайтар тунгаан, 21 зуун дах Монголчуудын цагаан сарыг тэмдэглэх шинэ хандлагыг бий болгож болно. Энэ нь бид өөрсдийн уламжлалт соёлоор хүчтэй глобалчлалын салхийг бууруулан саармагжуулагч бамбай болгох, эс бөгөөс тэр хүчит давалгаанд нэгдэн урсах хурдасгуур болгохын аль нэгэнийг сонгох стратеги болой. Ямартай ч ихэнх хүмүүсийн таалалд баригч уламжлалт хийцтэй орчин үеийн авдар сав, дээл хувцас, хөөрөг даалин, дижитал зураг, ардын модерн бүжиг, агуу the Hu хамтлагийн цаад нууц нь тийм уламжлал ба орчин цагийн модерн ололт, хэрэгсэл хандлагыг оновчтой хослуулж, бүтээн дэглэсэнд оршино. Цагаан сар бол бидний Соёл. Соёлыг дэглэж, бүтээж болдог…

Gana Damba

URL:

Сэтгэгдэл бичих