Давагдашгүй эрсдэл бизнесийн орчныг хямрааж эхэллээ

6eyQftfbNT0sHCl3RR8I-small

  • Дайн, эдийн засгийн хямрал, тахал, байгалийн гамшиг зэрэг үйл явдлын үед давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэхэд хүрдэг
  • Хэрэв олныг айдаст автуулах болсон вирус онц байдал тогтоох хэмжээнд хүрвэл гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүйд хүрэх юм

Эдийн засагт ихээхэн уршиг тарьж мэдэх шинэ төрлийн аюулт вирусийн тархалтаас үүдэн бизнесийн орчин улам хумигдаж байна. Хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд хамгийн их хохирол амсаж буй нь бизнесийн салбарынхан болоод байна. Үүнтэй холбогдуулан Мон­голын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийг ирэх сарын 2 хүртэл чөлөөлж, үнэ төлбөргүй болгосноо зарлалаа. Аж ахуйн нэгж өөрөөс нь хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээний нөхцөлд зөрчигдөж, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх болоод байгаа энэ үед давагдашгүй хүчин зүйлийг үүгээр тодорхойлж, тооцоогүй эрсдэлээс хамгаалж өгдөг. Дайн, эдийн засгийн хямрал, тахал, байгалийн гамшиг зэрэг үйл явдлын үед давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэхэд хүрдэг. Эдгээрийн аль нэг нь нүүрлэж, улс орны хэмжээнд онц байдал зарласан нөхцөлд олон улсын гэрээний гүйцэтгэлийг хүртэл зогсоох болдог. Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээнд дээрх эрсдэлийг тусгадаг бөгөөд эх газрын эрх зүйн системтэй орнуудад давагдашгүй хүчин зүйл гэж үүнийг нэрлээд байна. Хэрэв олныг айдаст автуулах болсон вирус онц байдал тогтоох хэмжээнд хүрвэл гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүйд хүрэх юм. Тэрчлэн ихэнх улсуудад ийм тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг түр зогсоох, эсвэл бүхэлд нь хэсэгчлэн цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийг далимдуулж гэрээний үүргээсээ зайлсхийх, ажил, үйлчилгээний төлбөрөө төлөхгүй байх, бусдыг хохироох, залилан хийх, хамгийн наад зах нь ажилтныхаа цалинг цаг хугацаанд өгөхгүй удаах зэргээр хариуцлагаас мултрах гэж зарим нь оролддог аж. Энэ нь хариуцлагагүй компанийг өөг­шүүлж, тэдний үйл ажиллагааг дэмжсэн алхам болдог төдийгүй бизнесийн харилцааг бүхэлд нь царцаах зэрэг нь улс орны эдийн засагт асар их сөрөг үр дагавар дагуулдаг байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 180 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 49.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй гэж бүртгэгджээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц 5.2 хувьтай байгаа бол ажилгүйдлийн түвшин 6.6 хувь буюу өндөр хэвээр. 2020 оны эхний сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт энэ долоо хоногт тодрох юм. Үүгээр ажилгүйдэл, инфляцын үзүүлэлтийг дахин шинэчилнэ. 2019 оны 12 дугаар сартай харь­цуулахад, энэ оны эхний сард ажилгүйдэл нэмэгдэх хүлээлттэй байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар лхагва гарагт 2755 төгрөгтэй тэнцлээ. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк хамгийн сүүлд зах зээлд 17 сая ам.доллар нийлүүлжээ. Өнөөдөр мөн валютын дуудлага худалдаа зохион байгуулагдахаар байгаа. Бизнесийн орчныг тодорхойлох инфляц, валютын ханш давагдашгүй эрсдэл тулгарах үед хамгийн эмзэг. Олон улсын худалдааны зарчим баримт бичигт давагдашгүй хүчин зүйлийн төрөл, хүрээний талаар тусгагдсан байдаг бөгөөд үүнийг нийтлэг хэрэглэж байна. Жишээ хэлэхэд, Эрдэнэт хотын А компани Улаанбаатар хотын Б компанитай хийн түлш нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор нийлүүлэх бараагаа ачин Улаанбаатар хотын зүг явж байсан А компаний машин үерийн аюулаас болж саатав. А компани нь түгээлтийн нэг л машинтай тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон байна. Ийм тохиолдолд А компани үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой. Гэхдээ юуны түрүүнд талуудын хооронд байгуулсан гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн заалт байгаа эсэхийг анхаарах, байгаа бол түүнд нийцэж буй эсэхийг шалгах ёстой. Бизнесийн харилцаа улам бүр өргөжин тэлж, дэлхийн эдийн засгийн бараа эргэлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед түүнийг зохицуулах гол механизм болсон гэрээний ач холбогдол асар өндөрт тавигдаж буй.

Гэрээгээр харилцаагаа зохицуулна гэдэг нь талуудыг ирээдүйд бий болох болон одоо тохиолдоод байгаа эрсдэлээс хамгаалах арга болдог. Тэгэхээр гэрээ гэдэг ойлголт нь талуудын хувьд заавал биелүүлэхээр сайн дураар хүлээсэн үүрэг юм. Иймээс ч гэрээний эрх зүйн үндсэн зарчим нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар заавал биелүүлэх явдал. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэх явцад талуудад урьдчилан тооцоолох боломжгүй, хүний хүсэл зоригоос гадуур, байгалийн эсвэл нийгмийн нөлөөллөөр гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй бэрхшээл тулгарах нь бий. Ялангуяа бизнес эрхлэгчид гэрээ байгуулах үед байсан нөхцөл байдал хожим өөрчлөгдөх, гэрээний үүргээ өөрөөс шалтгаалахгүй байдлаар биелүүлэх боломжгүй болох эсэхээ урьдчилан таамаглаж чадахгүй. Хэдий тийм боловч гэрээний хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн үүрэг, оролцоо хамгийн их байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.