Тархалт нэмэгдсээр, монголчууд суларсаар…

9ecd977f516e6b9fce19c64d13090119245b0564Коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Ингэхдээ бүр ганц нэгээрээ биш мянга мянгаараа нэмэгдэж байна. Өвчний тархалтын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс дурдахад, дэлхий даяар халдвар авсан хүний тоо 28261 хүрч, нас барсан хүний тоо 565 болж байна. Эдгээрээс халдварын 28018 тохиолдол, нас баралтын 563 тохиолдол нь эх газрын Хятадад оногдож байгаа юм. Хятадын Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор халдварын 2987 тохиолдол шинээр бүртгэгдэж, 70 хүн нас барсныг тус мужийн эрх баригчид өнөөдөр зарлажээ. Энэ нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон байна.

Монгол ч эрдсэл өндөртэй орны тоонд хэвээр байгаа. Түүнчлэн хилийн хоригтой холбоотойгоор халдварын голомтын бүсээс ирэх  дотоодын иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Энэ нь ч эрсдэл улам нэмэгдэж байгаагийн илрэл юм. Зөвхөн Замын-Үүд боомтоор гэхэд хилийн хориг тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж иржээ. Өчигдөр л гэхэд уг боомтоор 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрсэн. Ийнхүү хилээр нэвтэрч байгаа иргэдийн тоотой уялдан сэжигтэй тохиолдлууд ч Монголд бүртгэгдэж байгаа талаар салбар яамны мэдээлэл бий.

Гэвч монголчуудын анхаарал, урьдчилан сэргийлэлт улам суларсаар байна. Өнгөрсөн долоо хоногт зөрөх хүмүүс дундаас, амны хаалтгүй хүн ховор байсан бол өнөөдөр амны хаалт зүүсэн нь нүдний гэм болж байна. Эмийн сангуудын амны хаалтны эрэлт багасч, нэг хэрэглээнийх нь 500-600 төгрөгт хүрээд байсан үнэ эргээд 250 төгрөг рүү бууж байгаа нь ч монголчуудын сэргийлэлт суларч байгаагийн илрэл юм. “Монголын хууль гурван хоног” гэдгээ монголчууд өөрсдөө хэлдэг. Гэтэл энэ хандлагаа дэлхий нийтийг хамарч, хоногт 100-гаараа үхэж, тархалт нь 1000-аараа нэмэгдэж байгаа өвчинд  хүртэл гаргах нь мунхаглал биш гэж үү. Тиймээс хувийн урьдчилан сэргийлэлтээ сулруулах биш чангатгая монголчууд аа. “Шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй, явсан ч амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сахиж, дархлаагаа дэмжье” гэдэг мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагая.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.