Хонины амийг өршөөх үү?

Монголчууд бид cap шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх хоног хугацаа хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд хачирхалтай нэгэн шум гарсан нь Ерөнхийлөгчөөр хонины амийг өршөөлгүүлэх тухай байв. 1963 онд Америкийн Ерөнхийлөгч асан Жон Кенниди цацагт хяруулыг талархлын өдрөөр өршөөж байсан түүхтэй.

Мөн Ерөнхийлөгч Барак Обама Христийн баярын зоогийн ширээнээ тавих байсан цацагт хяруулын амийг өршөөсөн. Гэвч үүх түүх, соёл уламжлалаа дээдлэн, өргөн дэлгэр баяр тэмдэглэх дуртай манай ард түмний хувьд хонины амийг өршөөн, ууцгүй cap шинийн баярыг тэмдэглэнэ гэдэг юу л бол.

Хонины амийг өршөөлгүүлэх санал гаргасан иргэдийн үзэж буйгаар “ууцыг баярын ширээнээс хассанаар ард иргэд олон дарамтнаас салах” гэнэ. Үнэхээр ч Цагаан сарын баярын хэдэн өдрийг давах гэж Монголын энгийн иргэд хамаг байдгаа шавхаж, хаврын тарчиг цагтай гар хоосон нүүр тулдаг нь нууц биш.

Баярын дараа сэтгэлийн зовинол, ичингүйрэл, хоосон баярхал, хийрхэл, өр зээл дагуулсан өдрүүд үргэлжилнэ. Хэн ч идэхгүй “ул боов” нэртэй гурилан тоосгоор таваг өрөхөөс эхлээд өмхийрөх нь тодорхой бөөн холестрин агуулсан баахан махыг ямар ч утгагүй өндөр үнээр худалдан авахаас залхсан иргэд ч цөөнгүй. Эрүүл, зөв хооллолт гэж ихээр яригдах болсон энэ цаг үед “гурилан тоосго”, “бөөн мах” ухаалаг сонголт биш юм.

Тэглээ гээд 200 жилийн түүхтэй Америк үндэстэнтэй харьцуулж, 2000 жилийн түүхтэй Монголчуудын соёл уламжлалыг өөрчилнө гэдэг хэцүү. Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Ууц шүүсийн талаар ярихын тулд гурван бүхэл гэсэн ойлголтыг тайлбарлах ёстой. Их бүхэл гэдэг нь тэвхэн ууц, түүнийг дагалддаг бүх яс махнууд, толгойг дөрвөн шийртэй нь хонины дүр дүрсэнд оруулж, дэвшүүлэн өргөж буй идээг хэлнэ.

Үүнийг төрийн гурван өндөрлөг тэргүүтэй хүмүүс тавих ёстой хүндэтгэлтэй идээ аж. Ердийн айл тухайлбал 60, 70 насны хүмүүс дунд бүхлийг тавьдаг. Саяхан ураглаж хуримласан залуу хосууд буюу идэр хүмүүс бага бүхэл идээг тавина. Энэ нь нэг бүтэн хонийг төлөелж байгаа юм. Монголчуудын төлөөлүүлэх болон бэлгэдэх соёл ийм л нарийн учир утгатай.

Дэлгэвэл дээврийн чинээ болно, хумибал хуруувчийн чинээ болно гэсэн ардын үг ч бий. Гэтэл 40 гаруй насны хүмүүс дунд бүхлийг тавих ёстой гэж сэтгээд ууцыг зардал чирэгдэл ихтэй хэмээн ярих болж. Угтаа бол дээрх гурван хувилбараас өерийн нас, хүндэтгэлийн эрэмбэ, хөрөнгө чинээндээ тохируулан сонгох учиртай” хэмээн ярьж байна. Үүнээс үзэхэд айл бүр ууц тавих шаардлагагүй хонины амийг ч өршөөх хэрэггүй аж.

Э.Саруул
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих