Монголын өгүүллэгийн Мастерын 10 богино өгүүллэг

9238

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ.  Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.


10

Цагаан шүд

Саяхан би Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд яриа бор залуутай цуг явлаа. Дөрөв хоног ганцаараа л ярьсан юмсан. Юу яриад байсан нь санаанд алга. Их л цагаан шүдтэй байсан санагдана.


09

Их дэлгүүрийн бэлэг

Том хотын их дэлгүүр балт зөгийн үүр шиг дүнгэнэж , олон давхарын нь өргөн шатаар шаагин зөрөх хүмүүсийн их цуваа үдийн саалийн дараа хонь хурга нийлж байгаа юм шиг олон янзын авиа анир холилдон, өвөрмөц нэгэн зүйл дэлгүүрийн аялгуунд шингэнэ.

Би андынхаа насны ойд өгөх бэлэг авахаар их дэлгүүрийн олон тасгуудаар тэнэж, үүнийг шилж, түүнийг сонжих нь бодын мэдэлтэй болсон хархүү цэргээс ирсэн нөхөртөө бэлэглэх нэгэн сайн залуу морийг аавын буян ,азарга азаргаар адуунаасаа сонгож авах шиг санагдана. Ийнхүү шилсээр хөөрхий нэгэн унтаж байгаа бяцхан унага нь дээр тогтов.

Хээгч гүүний сүү, хээрийн ногоон талыг хорвоо гэж  сэтгээд , тэртээ уулын оройн цасыг ирээдүй мэт ойлгон,өвлийн хүйтэн гэгчийг үзээгүй , өлийн ганц даваанд гараагүй тэрхүү нялзрай амьтаны унтаж байгаа дүрс их дэлгүүрийн хамаг гэрлийг өөртөө шингээн товгор малгайнаас ойсон гэрэлт од мэт гялтраад их хайрыг зөгнөж зүүдлэн үүрсэж байна уу? гэлтэй.

Хөөрхөн унагыг худалдан авахаар болж, ногоон довцгийн ботго шиг цовоо цолгин, ааш ялдам худалдагч бүсгүйд хэлбэл, уриалагхан эргэж лангуун дороо нэгийг хайгаад эс олсонд ,үзмэрийн шилэн гүнгэрваанд унтаж байгаа сайхь унаганы үнийн бичгийг авч далд хийх нь явуулын хүнд эцсийн ганц унаагаа харамлахгүй монгол хүний өгөөмөр заншил  зүрхэнд зул асааж, миний сэтгэл тэр зулын тос шиг хайлмагтан уядав. Унага хэдийгээр эмийн сангийн шил сав шиг гялалзаж байсан боловч, худалдагч бүсгүй цэвэр самбайгаар нямбайлан арчиж , хайрцгийг нь удтал эрээд олсонгүй. Би “зүгээр, зүгээр” гэж тайвшруулавч , тэр бүсгүй их л буруутай мэт санаа зовниж, “маргааш ирээрэй, би хайрцгийг нь заавал олно” гэж байн байн өгүүлэн, хойноос харсаар үлдэхэд нь хайрцагны төлөө эргэж ирэх нь байтугай, авсан унагаа өөрт нь бэлэглчихмээр санагдаж билээ.


08

Бурхны авьяас

Миний үеийн нэг зураач, өөрийг нь дүрсэндээ гарамгай гэж магтахад их л даруухнаар

- Өө тэр яахав, миний сайных биш. Дүрс чинь цаасан дээр харагдаж байдаг юм. Би тойруулаад л зурчихдаг гэлээ. Үнэн бол “бурхны” авьяастай зураач, худал бол муугүй “зохиолч”.


07

Утасны дэвтэр

Өнөө би харилцах утасны дугаар тэмдэглэдэг дэвтрээ нэг шинэчлэв. Алба амины алив хэрэгцээ гарах бүхэнд энэ муу дэвтрээ л сөхөн тусламж эрдэг болохоор нэг ёсондоо хэмжээ хязгааргүй баян агуулахын хаалга гэлтэй. Энэ агуулахын хаалгыг өдөр шөнөгүй татсаар байгаад самбар хавтас нь салмайж, шил нугас нь тасарчээ.

Цагаан толгойн үсгийн дарааллаар хуудсуудыг нь тэмдэглэсэн энэ дэвтэр дүүрсэн байсан хүний нэрс, утасны дугаар хоёр шинэ дэвтэрт хуулж бичих болохоор их хасагддаг юм билээ. Энэ хугацаанд нас барсан хүн ч байх юм, хаанахын хэн болохыг нь бодоод олохгүй нэр ч тааралдах юм. хэн болохыг нь мэдсээр байж “энүүнтэй ч дахиж ярих хэрэг гарагхгүй биз дээ” гэж бодогдох ч хүн байх юм. Агуулахад тооллого хийж, авахыгаа авч хаяхыгаа хаяж байгаатай л адилхан юм биз дээ.

Хүний нэрийг хасаад биччих амархан л юм. Харин “Би бас хэн нэгний дэвтрээс ийнхүү хасагдаж яваа ч болов уу?” гэж бодохоос дотор агзасхийж, богинохон насныхаа нүгэл буян хоёрыг ухаарлын дэнсэн дээр өөрийн эрхгүй тавьдаг юм билээ.


06

Прощай

Прощай… Үүнийг би баяртай гэсэн үг хэмээн бодож явсан билээ. Оюутан байхдаа Харьков хотын нэгэн үйлдвэрт дадлага хийж, төмөр зорох суурь машин дээр хэдэн сар ажиллан, энэ хугацаанд өөрийн гэх багаж хэрэгсэл үгүй тул зэрэгцээ ажиллах Света бүсгүйгээс түлхүүр, хусуур, алх зэрэг ойр зуурын багаж хэрэглэдэг байлаа.Түүнээс багаж хэрэглэхэд нэн дуртай, тэр ч байтугай зарим өдөр өөр хүнээс багаж авчихвал гоморхон хагас өдөр дуугарахгүй агаад зорсон зүйлсээ төмөр тэргэнд чирч дайрчих шахан тачигнуулсаар шөнө дундын трамвай шиг өнгөрнө. Маргааш нь   очоод багаж гуйвал нөгөө гоморхсоноо огт мартаж орхиод:

- чи хэрэглэх багажаа асуулгүй авч бай л даа хэмээн өглөгийн эзний нүнжигтэй нүдээр тормолзонхон байдагсан. Хааяа багажных нь хайрцгийг хэлэлгүй уудалж байхыг харчихвал “Папался , кто в огород кусался” гэж чанга чанга хашгиран баясч, бусад охидын харааг над руу хандуулан “Энэ надаас багаж авч байна” гэдгийг мэдэгдэх бөгөөд намайг ичиж улайгаасай гэж сэм хүснэ.Огт ичсэн шинжгүй байхад минь урам нь хугарч “Чи тэнэг” гэсэн үг харцанд нь хормын төдий гарч ирээд төдхөн далд орно. Тийн байсаар бид хоёр их л дотно үерхэж ээлжийн ажилгүй өдөр ший бүжгэнд явдаг байжээ.

Тэгж байтал дадлагын хугацаа ч дорхноо дуусч  нэг мэдэхэд тэндээс бүрмөсөн явах болжээ. Явах болсноо хэлэхээр Света дээр гүйн хүрвэл ярих юм төдий л эс олдон , одоо ч дахин уулзахгүй бизээ гэж бодохуйяа  “Прощай” гэж хэлмээр санагдав.  Тэгээд хэлье гэтэл нэг л эвгүй, хоолой зангираад түгдчин байтал Света,

- Чи юм хэлэх гээд байна уу ? гэв. Би уулгамч юм шиг,

- Прощай гэж хэлсэн өөрийнхөө дууг таньсангүй. Света үг ч дуугаралгүй огцом эргэж хутга тохируулдаг бариулаа ууртай дугтарч нарийвчаа зорж эхлэв. Энэ л лав гологдол боллоо гэдгийг би туршлагаасаа мэдэж байлаа. Хутгаа хэт гүнзгий зоосноос хиншүү ханхлан хутга харлаад солонгын өнгөтэй халуун зоргодос п-р-р-р-о хэмээн дугуйрч байснаа щай гэж тэнийлгээд шалан дээр унав.

Прощай… энэ үг  бундангийн тамгыг харсаар байтал гилийн тамга болгодог илбэчний гар шиг над руу хараад инээж байсан хонгор бүсгүйн нүүрийг огцомхон эргүүлээд цааш нь харуулчихлаа.

http://www.arav.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.