Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд-V

b1ee0d876805664bbig2000 он гарснаас хойших 20 гаруй жилийн хугацаанд Монголд “Ми-8” нисдэг тэрэгний осол хэд хэдэн удаа гарч, цөөнгүй иргэн алтан амиа алдаж байлаа. Үүний дотор зудын хүнд, хэцүү нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байсан эрхмүүд осолдсон хэрэг байхад өөрийнхөө зугаа цэнгэлийн төлөө бусдын амийг эрсдэлд оруулсан нь ч байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх “Ми-8” -ын гэх тодотголтой ослуудын буруутан нь зөвхөн нисгэгчид болоод үлджээ. Энэ нь магадгүй төр, засгийн томчууд, бэл бэнчинтэй хүмүүс үүнд орооцолддогтой холбоотой. Мөнгөтэй бол Монголд юу ч хийж болох нь “Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд” цувралаас илт. Иймээс бид энэ удаа “Ми-8” нисдэг тэрэгний ослууд, тэдгээр хэргүүд хэрхэн шийдэгдсэнийг эргэн сануулж байна.

МАЛЧДАД ТУСЛАХ ГЭЖ ЯВААД МАРГААШ НЬ ИРЭЭГҮЙ ТЭД

Өдийгөөс 19 жилийн өмнө монгол түмнийг уй гашууд автуулсан үйл явдал болсон нь НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг нарын сууж явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг байлаа. Тэдний суусан МИАТ компанийн “Ми-8” нисдэг тэрэг 2001 оны нэгдүгээр сарын 12-ний өглөө Увс аймгийг зорин хөөрсөн юм. Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангомоос хөөрч, Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар малчин Зандангийн өвөлжөөнд буухыг оролджээ. Гэвч үзэгдэх орчин муу байснаас үүдэн нисгэгч буухаар товлосон газраасаа 60 орчим метр хазайсан аж. Улмаар нисдэг тэрэг амжилтгүй газардаж, осолдсон гэдэг. Ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг,  НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газрын ахлагч Сабине Метцнер Страк, Японы NHK телевизийн сэтгүүлч, зураглаач нарын есөн хүн амиа  алдсан. Тэд малчдад туслахаар зудын гамшгийн үнэлгээ хийж, бямба гаригт нь буцаж ирэхээр төлөвлөсөн ч чадаагүй. Харин энэ хэргийн буруутан нисгэгчид болж хувирсан. “Ми-8” нисдэг тэрэгний нисгэгч М.Бат-Эрдэнэ, Д.Галбадрах нарт холбогдох хэргийг дөрвөн жил гаруй шалгасны эцэст 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргасан юм. Нисгэгчид МИАТ компани, Монгол Улсын Засгийн газрыг буруутгаж байсан ч шүүх хоёр нисгэгчийг буруутган М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноож, биеийн байдлыг нь харгалзан тэнсэхээр болсон. Харин хохирлыг МИАТ-ээс гаргуулж, дараа нь шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон билээ. Харин хохирогчид Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Эргэлзээтэй асуудлыг шалгалгүй шүүхийн шийдвэр гаргаснаар ослын шалтгааныг тодруулах замыг хаалаа. Цаашид иргэний журмаар Засгийн газрын эсрэг гомдол гаргана” хэмээн хоцорсон юм. Өдгөө энэ хэргийг дурсан санах хүмүүс цөөрсөөр буй ч Ш.Отгонбилэг агсан хийгээд түүнтэй хамт явсан хүмүүсийн үйл хэрэг Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
Мөн 2004 онд УИХ-ын гишүүн Симба хочит Ц.Батаа улсын мэдэлд хоёрхон байсан “Ми-8” нисдэг тэргийн нэгээр үнэг хөөн осолдож, дуулиан тарьсан.

mi8osol

ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ 15 ЗОРИГТ ЭР

УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын хүмүүс нисдэг тэрэгтэйгээ осолдсон хэргээс зургаан жил таван сарын дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт “Ми-8” осолдлоо. Тухайн өдөр буюу 2006 оны зургадугаар сарын 14-нд ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай “Ми-8” нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн зорьсон. Уг нисдэг тэрэгт Онцгой байдлын ерөнхий газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүн явж байв. Гэвч удалгүй “Ми-8” нисдэг тэрэг холбоо тасарч, хяналтаас гарчээ. Тэднийг аврах тусгай ангийн бүрэлдэхүүн удтал эрэн хайсны эцэст буюу осол болсноос хойш гурав хоногийн дараа Мандал сумын нутаг Халуун рашаан гэх газрын ойролцоох битүү ширэнгээс олсон юм. Энэ ослоор 15 гал сөнөөгч амиа алдсан билээ. Талийгаачдын цогцост хийсэн задлан шинжилгээний хариу шүүх эмнэлгийн дүгнэлтээр “Талийгаач нар гэмтлээс болж газар дээрээ нас барсан. Ихдээ л 17-20 минут амьд байсан” гэсэн бол Шүүх эмнэлгийн зөвлөх эмч Г.Мөнхбат “Ослын газарт цаг хугацаа алдалгүй очсон бол аврах боломжтой байсан. Тэдний олонх нь гэмтлээс болон осгож нас барсан” гэсэн юм. Гэтэл гал сөнөөгчдийг аврах боломж байсан хэмээн ярьсан Г.Мөнхбат эмчийг “Ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм. Нисдэг тэрэг сүйрсэн шалтгааныг комисс “Улсын нисэхийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, хянах удирдамж заавар, журам, аргачлалаар хангах ажил орхигдож, улсын нисэхийн салбар нэгжид боловсон хүчний мэргэжил, дадлага, чадварыг хадгалах талаар оновчтой арга хэмжээ авч чадаагүй, нислэгийн үйл ажиллагааг урсгалаар, хувь хүмүүсийн шийдлээр хяналтгүй байж ирсэн”-тэй шууд холбоотой хэмээн үзжээ. Эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй зүтгэсэн, өргөсөн тангарагтаа үнэнч, эрэлхэг зоригт хөвгүүдийнхээ  алтан амийг Монголын төр байр болон түүнтэй тэнцэхүйц бэлэн мөнгөөр үнэлсэн.
“Ми-8” нисдэг тэрэгний осолдох болсон шалтгааныг тухайн үед янз бүрээр тайлбарлаж байв. Тухайлбал, ИНЕГ холбоо, хяналтаа сайн тавиагүй, осол болсон өдөрт нь эрэн сурвалжлаагүй, ХХЕГ ОХУ-аас ашиглалтаас гарсан нисдэг тэрэг авчирч нисгэсэн, ОБЕГ, Батлан хамгаалахын сайд, дарга нар эрэн, хайх ажиллагааг сайн явуулаагүй, цаг агаар муу байгааг мэдсээр байж нисгэсэн зэрэгт буруутгаж байсан юм. Тэгвэл Онцгой байдлысайд С.Отгонбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ осол болсноос долоо хоногийн дараа өгсөн ч хэлэлцэгдэхгүй байсаар есдүгээр сард ажлаа өгсөн. Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар П.Даш, ОБЕГ-ын дэд дарга, тэргүүн комиссар Т.Ганболд, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга, комиссар Л.Алтангэрэл нар үүрэгт ажлаасаа  чөлөөлөгдсөн билээ.

“ОСЛЫН БУУЛТ”-ААР НУУСАН ОСОЛ

“Ми-8”-ын осол 2013 оны намар дахин гарав. Төв аймгийн Мөнгөнморьт сумын чиглэлд ниссэн “А-Жет лимитед” компанийн “Ми-8” нисдэг тэрэг тухайн оны аравдугаар сарын 20-нд осолдсон байдаг. “А-Жет-Лимитед” компанийн нисдэг тэргээр манай томоохон бизнесмэнүүд зорчиж явжээ. Нисдэг тэргэнд “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүд трэйд”-ийн н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” компанийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн захирал н.Батболд нараас гадна нэг хүүхэд болон экипажийн бүрэлдэхүүний гурван хүн явсныг хэвлэлүүд мэдээлж байлаа. Одоог хүртэл энэ ослыг “ослын буулт” гэсэн тайлбартайгаар олон нийтэд хүргэдэг хэдий ч бодит байдал нь өөр. ИНЕГ-ынхан ч үүнийг осол биш, ослын буулт гэж тайлбарлаад ямар нэгэн зураг хэвлэлд гаргахгүй байхыг үүрэгдэж байсан гэдэг. Харин хожим энэ хэрэгт нисгэгчид нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа мэдээлэл гарсан.

СУРГУУЛИЛАЛТЫН ҮЕЭР НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДОВ

Хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 23-нд Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг шөнийн дадлага, сургуулилалтын үеэр осолдсон харамсалтай хэрэг гарсан. Уг ослын улмаас нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн бэртсэн юм. Ослын үеэр амиа алдсан ахмад М.Батбаяр нь цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай нэгэн байсан аж. Тухайн үед “Нислэг үйлдэж байхдаа нисгэгчид нь жолоо булаацалдсанаас болж осол гарсан” хэмээн талийгаачийн эхнэр Б.Шинэбаяр ярьж байлаа.

Энэ мэтээр манай иргэний нисэхийнхэн болон албан тушаалтнуудын хариуцлагагүйн гайгаар хэчнээн хүний амь эрсдэж, эдийн засгийн ямар их хохирол учирсныг жагсаан бичиж болно. Монгол оронд хариуцлагаа үүрдэг хариуцлагатай албан тушаалтан байхгүй болоод удаж байна. “Ми-8”-ын ослуудаар албан тушаалтнууд арьсаа хамгаалах үйлсэд гаршиж, харин нисгэгчид буруутан болж үлддэг гаж тогтолцоо хэзээ болтол үргэлжлэх вэ.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих