“Бүх оддын тоглолт” үзэгчдийг уйдаасангүй

7058192021667560802_900_x_506NBA-ийн 69 дэх “Бүх оддын тоглолт” Чикаго хотын “Юнайтэд центр”-т гурав дахь өдрөө үргэлжилж байна. Алдарт тамирчин Коби Брайантын гэгээн дурсгалд зориулсан гэгдэж буй 2020 оны “Бүх оддын тоглолт” олон зүйлээрээ шинэлэг, бас үзүүштэй байлаа. Тухайлбал, оддын тулааны MVP-гийн шагналын нэрийг өөрчилж, Коби Брайантын нэрэмжит болгов. Коби Брайант тус шагналыг хамгийн олон буюу дөрвөн удаа хүртэж байв. Ингээд “Бүх оддын тоглолт”-ын эхний хоёр өдрийн тэмцээнийг тоймлон хүргэе.

Америкчууд ялалт байгуулав

Эхний өдөр лигийн залуу оддын тоглолт болж, АНУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй хүч сорилоо. Тун сонирхолтой болж өндөрлөсөн тус тоглолтод АНУ-ын баг 151:131-ээр ялалт байгуулав. Америкийн багийг Паскалл оноогоор манлайлсан бол Секстон, Брижес нар 20-иос дээш оноогоор тусалжээ. Тэгвэл дэлхийн багаас Барретт 27 оноо авсан бол Кларк 22 оноо нэмэрлэв. Шилдэг тоглогчоор АНУ-ын багийн Майлс Брижес шалгарлаа. Тэр 20 оноо авч, таван удаа самбараас бөмбөг аван, таван оновчтой дамжуулалт өгчээ. USA Team 151:131 World Team (30:39, 41:42, 44:24, 36:26) АНУ: Паскалл (23), Секстон (21), Брижес (20).Дэлхий: Барретт (27), Кларк (22), Дончич (16), Вагнер (16), Гилжес-Александер (16).Уг тоглолтын үеэр NBA-д тоглож буй япон залуу Рүй Хачимүра “Залуу оддын тоглолтод оролцсон анхны япон тоглогч болсон нь гайхалтай байлаа. Өөрөөрөө маш их бахархаж байна. Миний бодлоор маш олон япон хүн тоглолтыг маань үзсэн байх. Эх орондоо сагсан бөмбөгийг илүү их хөгжүүлэхийг хүсэж байна. Би япон хүн болж төрснөөрөө бахархаж явдаг” хэмээн ярьжээ.

“Майами хит”-ийн хоёр тоглогч цом өргөлөө

“Бүх оддын тоглолт”-ын хоёр дахь өдөр буюу өчигдөр ур чадвар, холын зайн шидэлт, слэм данкийн тэмцээн болсон бөгөөд олны төсөөллөөс өөр дүн гарсан гэхэд болно. Энэ өдөр “Майами Хит”-ийн хоёр тоглогч цом өргөсөн нь тус багийн фэнүүдэд таатай байсан биз.

Слэм данк

Уг тэмцээнд дөрвөн тоглогч оролцсон бөгөөд Дуайт Ховард супермэн дүрээрээ эргэн ирсэн ч залуучуудыг дийлсэнгүй. Тэрбээр “Зүгээр л гайхалтай сайхан мэдрэмж байлаа” гэсэн бол слэм данкийн тэмцээнд хоёр дахь удаагаа финалдаад ялагдсан Аарон Гордон “Онцгүй зүйл боллоо, оноог минь дараад. Надад хоёр цом байх ёстой юм шиг санагдаж байна”гэж хэлээд дахин слэм данкийн оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шүүгчдийн өгсөн оноонд тэр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрийгөө уг цомыг зүй ёсоор авах ёстой нэгэн байсан гэдгийг ч нуусангүй.

Харин тэмцээний аварга “Майами Хит”-ийн Деррик Жонес Жр “Тэр Таккогийн толгойг бүрэн давж чадаагүй болохоор шүүгчид 50 оноо өгөөгүй байх. Гэхдээ шүүгчид түүнд 48 оноо өгч, биднийг ахин нэг удаа өрсөлдүүлээсэй гэж би найдаж байсан” хэмээн ярьжээ. Харин Такко “Аарон Гордоныг би аварга болсонд итгэсэн. Гэвч шүүгчдийн оноог хараад гайхлаа. Юу болоод өнгөрөв өө” гэжээ. Ямартай ч Жонес төрсөн өдрөөрөө слэм данкийн аварга болсноор өөртөө болон ээждээ том бэлэг барив. Сонирхуулахад, Жонес слэм данкийн тэмцээнд түрүүлсэн “Майами Хит”-ийн хоёр дахь тоглогч болсон. 1984 оноос эхлэлтэй тус тэмцээнд өмнө нь “Майами Хит”-ээс Хэролд Майнер түрүүлж байсан юм. Тэрбээр 1993 болон 1995 оны аварга. Тэгвэл тэр цагаас хойш 25 жилийн дараа Жонес аварга болж байна.

Ур чадварын тэмцээн

Бас л санаанд оромгүй үр дүн. “Майами Хит”-ийн том залуу Бам Адебайо түрүүлснийхээ дараа “Том тоглогчид ч бас авьяастай гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ цомоо ээждээ аваачиж өгнө” хэмээн хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв. Тэр ур чадварын тэмцээнд түрүүлсэн “Майами Хит”-ийн хоёр дахь тоглогч болсон. Түүнээс өмнө Д.Уэйд 2006, 2007 онд дараалан түрүүлж байжээ. Сагсан бөмбөг сонирхогчдын таамгаар өнгөрсөн жилийн тэмцээний аварга Жэйсон Тэйтум аваргаа хамгаалах ёстой байлаа. Гэвч тэр хангалттай байсангүй. Мөн 2018 оны аварга Спэнсер Динвийдийг ч харж байв.

Холын зайн шидэлт

Хамгийн сонирхолтой, бас өрсөлдөөнтэй болсон тэмцээн нь холын зайн шидэлтийнх байлаа. Финалд 2018 оны аварга Дэвин Бүүкер, болон Дэвис Бертанс, Бадди Хийлд нар тунав. Латвийн лазер тусгалтай Бертанс сүүлийн шатанд хамгийн бага оноо авснаар гуравдугаарт байрт шалгарсан бол Бүүкер энэ лигийн шилдэг шидэгч гэдгээ нотолж аман хүзүүдлээ. Гэхдээ тэр түрүүлсэн Бадди Хийлдээс ердөө ганцхан оноо дутсан. Харин Бадди Хийлд 27 оноо авснаар цом өргөсөн бөгөөд “Сакраменто Кингс”-ээс холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн хоёр дахь тоглогч болов. Түүнээс өмнө Пежа Стоякович 2002, 2003 онд дараалан аваргалж байсан юм. Багамын аралд төрсөн Бадди Хийлд шагналынхаа 50 мянган ам.долларыг Дорьян хар салхинд өртсөн хүмүүст зориулахаа мэдэгджээ.

Засгийн газрын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.