Манай улсын серверүүд рүү Хятадаас хамгийн их довтолжээ

-Иргэдийн биометрик мэдээлэл алдагдаад байгаа юм биш биз-

АНУ-ын Төрийн нууцын зэрэглэлд хамаарах Афганистаны дайн, дипломат ажилтнуудын захидлуудыг нийтэд дэлгэн өнгөрсөн жилийн онцлох хүнээр албан бусаар тодорсон Жуллиан Ассанжаас болж, мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлхийн улс орнууд онцгой анхаарал тавьж эхлээд байгаа билээ.

Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил дэлхийн улс орнуудад үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ нөхөж болшгүй гарз хохирол учруулсаар байна. Компьютер сайн мэддэг хүмүүст бол (хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. “Wikileaks” сайтын эзний хэрэг явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж байгаа. Хүн төрөлхтний нээсэн ололтууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг сул тал дагуулсаар ирсэн. Интернет ч мөн адил.

Сүлжээний аюулгүй байдлыг шинжлэх ухааны одоо байгаа дээд төвшинд хангасан өндөр хөгжилтэй орнууд ч нууцын зэрэглэлтэй мэдээллээ алдсаар байна. Монгол Улс аюулгүй байдлаа хэрхэн хангасан байдаг юм бол гэсэн асуудал анхаарал татсаар байна. Манай улс иргэдээ хурууны хээгээр бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Бүртгэлийн хэлбэрийн талаар олон янзын санаа бодолтой иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Тэдний зарим нь “Ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулсан, хүний эрх, эрх чөлөөг хясан боох гэсэн аюултай хууль” гэж үзсэн бол хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хэсэг бүлэг иргэд “Дэлхий нийтийн бүртгэлийн чиг хандлага ийм байгаа учир сайжруулж байгаа нь зөв” гэх зэргээр санал зөрж байгаа. Эхний байр суурийг илэрхийлж байгаа иргэдийн үгээр бол иргэдээ хурууны хээгээр бүртгэх тогтолцоо Африкийн ядуу орнууд иргэдээ улс төрийн зорилгоор хянах гэж анхлан нэвтрүүлсэн гэнэ. Үнэхээр ч одоогийн байдлаар хурууны хээгээр бүртгэх тогтолцоотой орнуудын дийлэнх нь Африкийн орнууд байх аж.

Гэхдээ дээрх иргэд “Иргэдийн биометрик мэдээлэл гадагш алдагдвал үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулна” гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа юм. Монголын кибер довтолгоонтой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар гадаадын тагнуулын байгууллагууд манай улсын төрийн байгууллагын мэдээллийг авч байх боломжтой гэж ярьж байна. Харин бид иргэдийн санааг хамгийн ихээр зовоож буй дээрх асуултад албан ёсны хариулт тайлбар авахаар Улсын бүртгэлийн газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбаттай ярилцлаа.

Манай байгууллагын сүлжээ бүрэн хамгаалагдсан

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн биометрик мэдээллийг алдагдаж болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна л даа. Иргэдийн хувийн нууцтай холбоотой дээрх мэдээллийг хаана хадгалдаг юм бэ?
-Манай байгууллагын өөрийн сервер болох Иргэний бүртгэлийн Улсын нэгдсэн сүлжээ дотор хадгалагддаг.

-Шинэчилсэн бүртгэл хувь хүний мэдээллийг агуулсан мэдээллээр хийгдэж байгаа болохоор хадгалалт, аюулгүй байдал тал дээр найдвартай хангагдсан байх ёстой л доо. Манай улс энэ тал дээр хэр анхаарч ажилладаг юм бол?
-Тэгэхээр энэ талаар ярихаас өмнө ИБУНС гэдэг юмыг сайн ойлгох ёстой л доо. ИБУНС гэдэг маань манай байгууллагын 21 аймаг, есөн дүүргийн салбарыг хамарсан сүлжээ байдаг юм. Интернеттэй холбогдоогүй учраас гаднаас халдлага хийх ямар ч боломжгүй гэж ойлгож болно.

-Гэхдээ бүртгэл явуулж буй ажилчдын компьютер сүлжээнд холбогдсон байдаг шүү дээ?

-Манай ажилчид дотоод сүлжээндээ холбогдохдоо интернетийн сүлжээгээ салгаж байгаад холбогддог.

-Төрийн албан хаагчийн компьютер интернетэд холбогдсон байх үед суусан хакерын программ сүлжээнээс салсан үед ч мэдээллийг хуулж, буцаад хол богдсон үед дамжуулах боломжтой биш үү. Кибер довтолгооноос хамгаалах тал дээр харьцангуй сайн гэгддэг АНУ гэхэд л мэдээллээ алдсан тохиолдол мэр сэр гараад байдаг. Яг дээрх аргаар хулгайлдаг гэх юм билээ. Тэгэхээр, мэдээллээ алдахгүй байхын тулд ажилчдын компьютер интернет сүлжээнд огт холбогдохгүй байх ёстой болж таарч байна?
-Үүнээс хамгаалсан хамгаалалт бас байна. Аймаг, дүүргүүд гэхэд хоорондоо мэдээлэл солилцохдоо шифрлэж дамжуулдаг. Эрсдлээс хамгаалах өөр ажлууд ч хийгдэж байгаа. Энэ чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэж байна. Төлөвлөсөн, хэрэгжих шатандаа яваа ажлууд их бий.

-Иргэдээ биометрик мэдээллээр бүртгэдэг улс орон байдаг эсэхийг судалж үзлээ. Дандаа Африкийн буурай хөгжилтэй, уул уурхай түлхүү хөгжсөн, гадны ашиг сонирхлыг ихээр оруулж ирсэн улсууд байгаа нь сонирхол татаад байна л даа. АНУ гэхэд мэдээлэл гадагш алдагдвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг учраас ийм бүртгэлээс татгалздаг. Харин есдүгээр сарын 11-ний хэргээс хойш л гаднаас орж ирж байгаа иргэдийн хурууны хээг авдаг болсон?
-Тийм. Япон бас гадаадаас ирж байгаа иргэдийг хурууны хээгээр бүртгэдэг. Гэхдээ нэг юмыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Иргэдээ биометрик мэдээллээр бүртгэх явдал зөвхөн Африкийн орнуудад байдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Ер нь бол дэлхий нийтийн чиг хандлага энэ тал руу явж байгаа. Эстон улс ингэж бүртгэх ажлыг эхлүүлээд явж байгаа. Хонконгт хэрэгжээд дууссан. Хятадад хэрэгжиж эхэлж байна. Барууны орнуудаас Герман бас био метрик мэдээллийн сан бүрдүүлэх талаар яригдаж байгаа гэх мэтчилэнгээр. Өмнөх бүртгэлийн систем бол текстэн мэдээллээр явдаг байсан. Бүртгэлийн энэ хэлбэрээр бол нэг хүн хэдэн ч удаа бүртгүүлж болох эрсдэлтэй байсан. Харин биометрик мэдээлэл гэдэг бол давтагдашгүй байдаг учраас дээрх эрсдэл бүрэн арилж байгаа юм.

-Монгол Улс кибер довтолгооноос бүрэн хамгаалагдсан улс мөн үү. Иргэдийн био метрик мэдээллийн сан бүрэн аюулгүй байдалд хадгалагдаж байгаа гэж та итгэлтэй хэлж чадах уу?
-Бусад төрийн байгууллагуудын талаар сайн мэдэхгүй юм. Манай байгууллагын хувьд бол эрсдлээс хамгаалагдсан. Гэхдээ ер нь бол цаашдаа интернет сүлжээнд орохгүйгээр ажил явагдана гэж байхгүй учраас энэ асуудал бидний дараагийн гол проблем болоод байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах, мэдээлэл алдахгүй байх талаар Тагнуулын төв газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

X.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.