Экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эх орноо муухай харагдуулж байна

0033Авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2019 оны төгсгөлөөр ар араасаа хилийн дээс алхаснаас хойш эх орондоо эргэж ирээгүй байна. АТГ болон бусад хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учирсан. Тэд эх орондоо ирэхгүй байгаа учраас Интерполиор эрэн сурвалжлуулна гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн оны 12 дугаар сард Ч.Сайханбилэгийн зарыг олон улсын хэмжээнд цацсан.

Үүнээс яг хоёр сарын дараа АТГ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгаа газрыг нь тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандан, эрэн сурвалжилж эхэлснээ мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 14-нд хэвлэлд өгсөн АТГ-ын албан ёсны тайлбарт:

Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан гэсэн мөрүүд бий.

Эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийг тойрсон үнэн ба худал

Ч.Сайханбилэг: БНСУ-д эхнэрээ эмчлүүлнэ гэж хэлээд хилийн хоригоо цуцлуулсан Ч.Сайханбилэг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрчээ. АНУ-д хагас жил амьдарч байгаа экс Ерөнхий сайд хамгийн багадаа сая долларын төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын Amsterdam & Partners” хуулийн фирмийг хөлслөн өмгөөлүүлэх болсон.

Фирмийн өмгөөлөгч, хуульч Роберт Амстердам Ч.Сайханбилэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх нэрээр Монгол Улс бол улс төрийн зорилгоор хүмүүсээ авлигын гэмт хэрэгт шалгадаг. Миний үйлчлүүлэгч бол ийм нэгэн хохирогч бөгөөд Монгол Улс ардчиллыг багалзуурдах гэж байна хэмээн дэлхийн томоохон мэдээний агентлагуудыг цуглуулсан хэвлэлийн хурал хийсэн байгаа.

Харин АН доторх Ч.Сайханбилэгт ойр эх сурвалжууд “Сайханбилэг 2020 оны УИХ-ын дараа ирэх эсэхээ шийднэ гэсэн, мөд ирэхгүй” гэсэн мэдээллийг эртнээс өөр хоорондоо дамжуулж байгаа юм.

Ц.Элбэгдорж: Олон улсын хурал цуглаанд экс Ерөнхийлөгчийн хувиар оролцож байна гэдгээ олон нийтийн сүлжээн дэх хаягаараа тарааж, троллийн тухай бичиж, захиалгатай гэмт хэрэг үүсгэж болдог. Би бол тийм нэгэн хохирогч гэх мэт үг хэлийг тарааж суугаа Ц.Элбэгдоржийг БНСУ-д амьдарч байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Мөн түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг гартал эх орондоо ирэхгүй байх гэсэн яриа эртнээс дэлгэгдэж байсан нь ортой бололтой. Ноён экс Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагын мэдэгдэл, өөртэй нь холбоотой мэдээ тармагц нүхнээсээ цухуйх тарвага шиг нэг жижгэвтэр хариу шидчихээд л сууж байна.

Өөрсдийгөө өмгөөлсөн жижиг мэдэгдэлдээ Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнээс гарамгүй үг хэллэг хэрэглэж байгаа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар иргэд, олон нийтийн гайхшралыг төрүүлж байна. Тэдний энэ үйлдэл нийгмийн сэтгэл зүйд эерэг биш сөрөг хандлагыг дагуулж, жинхэнэ мөн чанартаа тэд Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байсан лидерүүд мөн байсан уу гэсэн асуултын хариуг шууд өгөөд эхэлжээ.

Ноён экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та эдгээр  асуултад онлайнаар, өөрийн цахим хуудсаараа дамжуулан  хариулна уу

Нээлттэй, тусгалаа толь шиг илэрхий үзүүлэх дижитал ертөнцөд ил тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хувь хүний зан авир, этгээд үг хэллэгүүд олон улсын хэмжээнд Монгол гэдэг улсын нэрийг харлуулахад хүргэж байгаа нь хамгийн том эмгэнэл. Тэд өөрсдийгөө улс төрийн зорилготой шалгагдаж байгаа хэмээн гомдоллож байгаа.

Ингэхэд Экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар яагаад улс төрийн зорилготой шалгагдаад байгаагаа гүн гүнзгий ойлгоод байна вэ. Хэрвээ энэ үнэн юм бол Монгол Улсад улстөрчид нь нэг нэгнээ яагаад  улс төрийн зорилгоор шалгадаг болсон юм. Хэн анх ийм тогтолцоог бий болгосон юм бэ гэсэн асуулт урган гарна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8 жил тасралтгүй Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэр засаглах хугацаандаа хууль хяналтын бүхий л эрх мэдэлтнүүдийг томилж байсан. Тэр өөрөө бусад улстөрчдийг улс төрийн захиалгаар шалгаж дадсан хэрэг үү.  Тийм болоод Та ийнхүү ийнхүү хардаад байна уу. Эсвэл Таныг одоо төр барьж байгаа улстөрчид гүтгээд байна уу?

Яагаад Монгол Улсад авлига, хээл хахууль хортой мөөг шиг цэцэглэж, яагаад монголчууд улстөрчдөө, ялангуяа төрийн эрх барьж байсан эрхмүүдээ Гүрж, Украин шиг “оймсыг нь гозолзуулж” шорон оронд хатаахдаа тулсан жишиг үйлчлээд байна вэ. Хилийн гадна байгаа Та бүгдээс сонины нүүр дүүрэн ярилцлага хүлээгээд нэмэргүй биз ээ. Хэрвээ буруугүй бол, ноён экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та эдгээр  асуултад онлайнаар, өөрийн цахим хуудсаараа дамжуулан  хариулж, олон нийтийн эргэлзээг тайлна уу?

Д.САРАНТОЛЬ

https://updown.mn/110254.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.