“Мэдрэмж” академийн төгсөгчид өөрийн гэсэн брэндээ үүсгээд ажилтай, орлоготой амьдарч байна

1582102638_delgerМэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь дээр гэж залуус ярьдаг болсон энэ цагт өөрийгөө олсон хүн амжилтад хүрдэг гэдэг. “Мэдрэмж” академиараа мэдрэмжтэй ч, мэдлэгтэй ч боловсон хүчнийг бэлтгэж буй мэдрэмжтэй мэрийлттэй, бүсгүй М.Дэлгэрцэцэгтэй ярилцаж суухад олон хүнийг ажилтай, орлоготой, зорилготой болгосон хүчирхэг эмэгтэй гэдэг нь үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байлаа. Монгол Улсын боловсролын их сургуулийг мэдээлэл зүйн багшийн мэргэжлээр төгссөн тэрбээр Үндэсний мэдээлэл технологийн академийг одоогоос зургаан жилийн өмнө үүсгэн байгуулж байжээ. График дизайнер, веб дизайнер зэрэг ангиуд нээж ажиллаж байгаад өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлж  загварын чиглэлийн “Мэдрэмж” академиа байгуулсан юм. Бизнесийн удирдлага, боловсролын удирдлага, сошл медиа, фэйшн дизайнер мэргэжилтэй бүсгүйн мөрөөдөл бол хүмүүсийн биеийн онцлогт тохирсон хувцас загварыг сонгоход нь тусалж, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн загварлаг дэгжин, чанарлаг өөрийн гэсэн брэндтэй болох байсан бөгөөд үндэсний хэв маягийг шингээсэн “Эхлэл” гэдэг брэндээ үйлдвэрлэж, загварын шоу хийж,  зах зээлд нийлүүлж байсан туршлагатай.

“Мэдрэмж” академи” нь хувь хүний хөгжил, хувцас сонголт, загвар зохион бүтээгч, оёдол эсгүүрчин, уран зургийн дугуйлан гээд олон төрлийн анги хичээллэдэг бөгөөд хувцас загварын салон ажиллуулдгаараа давуу талтай.  Монголд энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг байгааг анзаарсан тэрбээр юун түрүүнд чадварлаг хүний нөөц бэлдэх зорилго тээжээ. Богино буюу дөрвөн сарын, урт буюу нэг жилийн гурван шатлалт сургалтын хөтөлбөрөөрөө чадамжид суурилсан практик сургалтыг түлхүү явуулсаар ирсэн юм. Хамгийн эхний хичээл нь өөрийнхөө биеэс зөв хэмжээ авч сурах, өөртөө тохирсон хувцас хийхээс эхэлдэг аж. Цамц, өмд, бошинз, даашинз, дээл, пиджак зэрэг олон төрлийн хувцас хийж сурахын зэрэгцээ гэрэл сүүдэр гаргах, өнгөнөөс өнгө гаргах, өнгө уусгах зэрэг зураг зурах техникийг бүрэн эзэмшүүлдгээрээ онцлогтой. Хоёрдугаар шатлал нь суралцагчаа хүүхдийн хувцас, эрэгтэй, эмэгтэй хувцас, гадуур хувцас зэргээр мэргэшиж, төрөлжүүлдэг. Зураг дээр коллекцилж зурах дадал хэвшлийг олгодог бол гуравдугаар шатлал нь хээрийн дадлага хийж зурах, хувцас загвар бүтээх зэргээр практик дээр өөрийн гэсэн загварын коллекцоороо үзэсгэлэн гаргах, загварын шоугаа хийснээр сургуулиа төгсдөг.

Коллекц гэдэг нь нэг суурь өнгө илэрхийлсэн, хийцээс салаалсан  доод тал нь 6-7 төрлийн хувцастай өөр, өөр загварын хувцсыг хэлдэг бөгөөд тухайн дизайнерын дахин давтагдашгүй дотоод ертөнцийг  харуулсан бүтээгдэхүүн юм. “Мэдрэмж” академийг төгссөн төгсөгчдийн коллекцыг мэргэжлийн моделууд өмсөж загварын тайзнаа толилуулдаг төдийгүй цаашид зах зээлд борлуулах маркатенгийг ч академи нь боловсруулж өгдөг аж. Хамгийн гол нь тухайн  төгсөгчийн гаргасан коллекцыг студид зураг авалт хийснээр сошл орчинд зарж борлуулах давуу талтай юм. тус академийн захирал М.Дэлгэрцэцэг “Нэгэнт цаг зав, мөнгө хөрөнгө гаргаад сурсан юм чинь сурсан мэдлэг чадвараараа мөнгө олох ёстой. Би төгсөгчдөө өөрийн гэсэн брэндээ хөгжүүлээд, салоноо ажиллуулахад нь тусалж дэмжиж, зааж зөвлөх бизнес болон гэрээний эрх зүйн хичээлүүдийг ч давхар ордог. Мөн түүнчлэн брэндийнхээ барааны тэмдгийг зохиох, нэр сонголт, Монголын болон дэлхийн зах зээлд албан ёсны оюуны өмчийн эрхийг авах тал дээр ч бүрэн мэдлэг олгодог” гэсэн нь сургагч багшийн алсыг харсан амьдралын нарийн ухаан гэлтэй.

Академийн боловсон хүчний хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн зургийн багш, Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг төгссөн загварын дизайнер, “Говь”, “Ариунаа Сүри”, “Урбан жинс” зэрэг томоохон брэнд дизайнер, Итали, Хятад улсад төгссөн мастер дизайнеруудыг ажиллуулдаг. Тус академид насны хувьд 16 дээш насны хүмүүс өөрийн хүсэл сонирхлоо биелүүлэх гэж суралцдаг бөгөөд зарим нь мэргэжлээ буруу сонгосны улмаас 40 гарсан хойноо ч ирж суралцдаг тухай захирал нь өгүүлэв. “Мэдрэм” академи нь “Өөрийгөө ол. Мөрөөдлөө бүтээ” гэсэн уриатай ажилладаг учраас олон хүнийг өөрийгөө олоход нь тусалж, мөрөөдлөө бүтээхэд нь түлхэц болж байгаа билээ. Амьдрал дээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадаагүй хүмүүсийн амжилтын түлхүүр болсон энэхүү академийг төгссөн хүмүүсээс өөрийн гэсэн брэндээ гаргаад, салоноо ажиллуулаад явж байгаа хүн олон. Бас яг мэргэжлээ сонгох гээд 18-20 настай залуучууд ч их ирдэг аж. Өөрийн салбартаа амжилттай явж байгаа төгсөгчдөө дуудаж уулзаж эргэх холбоо тогтоодог нь Дэлгэрцэцэг бүсгүйн нэг чанар. Тэдэнд албан ёсны брэнд үүсгэх найман дүрмийг зааж, оюуны өмчөө баталгаажуулах талаар зөвлөж, сошл дээр үндэслээд бизнесээ хөгжүүлэх таниулах боломжийг олгодог  юм. Загвар зохион бүтээж, шинэ брэнд үүсгэж буй салбарынхныгаа зөвхөн Монголдоо өрсөлдөж жижигхэн голоос жараахай шүүрэх биш дэлхийн зах зээлд гарч том далайгаас загас шүүрэх ухааныг зааж зөвлөж, монгол хүний үнэ цэнийг өсгөхийг хүсэж явдаг тэрбээр монгол сэтгэлгээ, өвөрмөц онцлогийг загвартаа шингээх дуртай.

М.Дэлгэрцэцэг “Хүн заавал хөөрхөн, сайхан байхын тулд турах албагүй, мөнгөтэй байх албагүй. Сул талаа далдалж, давуу талаа тодотгосон хувцаслалтаа тохируулаад өмсчихдөг байх хэрэгтэй” гэж хэлээд мэдрэмжтэй стилистүүдийг бэлтгэх, баялаг бүтээгч дизайнеруудыг төрүүлэх зорилготой “Мэдрэмж” академийнхаа талаар ийнхүү нэмж өгүүлэв. “Манай академ төгсөгчдөө ажлын байранд шууд зуучилж, стилист, зохион бүтээгч, дизайнер, чимэглэл, эсгүүр, оёдол зэргээр аль тохирох чиглэлээр нь томоохон хувцас загварын компаниудад ажилд оруулчихдаг” гэсэн нь тун бахархалтай. Өнөө цагт диплом тэвэрсэн ажилгүй дээд боловсролтой залуус элбэг болсон энэ үед ажилтай, орлоготой байх эх үндсийг нь тавьж өгдөг, анхаардаг, эргэх холбоотой байдаг сургууль ховорхон. Басхүү зураг зурах дуртай хүүхдүүдэд зурах арга техникийг заахын сацуу ямар чиглэлийн хүн болох вэ гэдэг чиглэлийг нь тодорхойлж, мэргэжил сонголтод нь тусалдаг нь олон эцэг эхчүүдэд таалагдаж буй.

Өөрийгөө олсон, давуу тал, сул талаа мэддэг, хаана очих, хаагуур явахаа мэддэг баялаг бүтээгч бий болгохын тулд дэлхийтэй хөл нийлүүлж, сургалтаа хийдэг онцлогтой. Хятад улсын Гуанжу хотноо дадлагажуулж, олон улсын үзэсгэлэнгүүдээр аялуулж тоног төхөөрөмж, бараа метериалтай танилцуулах, томоохон брэндийн дэлгүүрүүдээр явуулж загварын чиг хандлага, үнэ ханш, чанарыг харьцуулан судлуулах, харилцагч түншүүдээ олох зэргээр амьдрал дээр гарахад хэрэгтэй мэдлэг олгодог. Мянга сонсохоор нэг үз гэдэг учир олон улсын хэмжээний үзэсгэлэн үзээд, туршлага судлаад ирсэн хүмүүс загварын хандлага, сэтгэлгээний цараа илүү өргөн болдог нь амьдралаар батлагдсан. Мөн сургалтын явцад Итали улсад “Де Ла Мода” дээд сургууль болон Хятад улсад суралцахад нь зуучилдаг аж.

Олон улсын онлайн дэлгүүр “Алибаба”-гаас зах зээлээ эхэлсэн “Эхлэл” брэндийн жишгээр монгол гэсэн тодотголтой бүхий л брэндийг түгээхэд хувь нэмрээ оруулахыг Дэлгэрцэцэг бүсгүй эрмэлздэгээ илэрхийлэв. Тун удахгүй ирэх сард “Мэдрэмж” нэртэй загварын шоугаа Монголд төдийгүй европын холбооны улсад хийхээр төлөвлөж буй. Нийгмийн өрсөлдөөний салбарт өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө төрх, содон шийдэл, өвөрмөц загвараараа ялгаран гарч ирж буй “Мэдрэмж” академийн баялаг бүтээгчид сэтгэл хангалуун, хийх бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн ажиллаж, амьдарч байна. Академийнхаа төлөвлөгөөг цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл нь бүх шатны түвшинд боловсрол олгодог томоохон цогц сургууль болгох мөрөөдөл тээж яваа нь удахгүй биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

А.Сүглэгмаа

Эх сурвалж: Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.