Иргэдэд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа болон тус дүүргийн прокурорын орлогч О.Алтангэрэл нар өнгөрсөн онд дүүрэгтээ гарсан хэрэг зөрчил болон энэ оны эхний хоёр сарын ажлын явцаа тайлагналаа. Мөн хэвлэлийн бага хуралд УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар, УЕПГ-ын сургалт, судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай нар оролцож нэмэлт тайлбар өгсөн юм. Тус дүүрэгт өнгөрсөн онд нийт 2945 хэрэг бүртгэгдсэн нь, 2010 оныхоос 23.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Сүлжээний хэрэг тав гарсан ба иргэдэд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ.

Гурван хэрэгт нь прокурор яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр саруудад шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжсэн гурван хэргийн шүүх хурлын тов зарлагдсан ч шүүгдэгч, өмгөөлөгчид ирээгүй гэх шалтгаанаар гурваас дөрвөн удаа хойшлогджээ. Одоогоор сүлжээний гэх хоёр хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа бол нэг хэрэг прокурорын хяналтад ирсэн гэнэ. Харин энэ онд тус дүүрэгт нийт 335 хэрэг бүртгэгдсэн ба үүний дотор онц хүнд буюу бусдыг санаатай хөнөөсөн хэрэг дөрөв байгаа аж. Мөн 54 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 216 хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээллээ.

С.БАТХУЯГ


URL:

Сэтгэгдэл бичих