Коронавирус ба улс орнуудын хариу арга хэмжээ
ЛОНДОН. /BBC/. Коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол Испанид бүртгэгдлээ. Үүнээс гадна коронавирусний халдвар тархаад байгаа Иран хэдэн арван мянга хоригдлоо шоронгоос түр хугацаагаар гаргаж байгаа бол АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ эдийн засгаа сэргээх зорилгоор бодлогын хүүгээ бууруулсан байна.
Испанид коронавирусний улмаас нас барсан хүн тус улсын зүүн хэсгийн Валенсия мужид амьдардаг байжээ. Тэрбээр 2 дугаар сарын 13-нд нас барсан хэдий ч шинжилгээний дүн өнгөрсөн мягмар гарагт гарч, “Covid-19” коронавирусний улмаас нас барсан нь тогтоогджээ.
Иранд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 77 хүн нас барав
Иран хоригдол олонтой шоронгуудад коронавирусний тархалт газар авахаас сэргийлэх зорилгоор 54 мянган хоригдлыг түр хугацаанд суллажээ.
Шүүхийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, зөвхөн “Covid-19” илрээгүй, барьцаагаа төлсөн хоригдлуудыг сулласан байна.
Харин онц аюултай гэмт хэрэг үйлдсэн, 5-аас дээш жил хоригдох ялтай хүмүүст энэ арга хэмжээ хамаарахгүй аж. Суллагдах хоригдлуудад Иран гаралтай Их Британийн иргэн Назанин Загхари-Рэтклифф багтаж магадгүй байна. Тэрбээр Иранд байгаа охин дээрээ очсоныхоо дараа тагнуул хийсэн хэмээн буруутгагдаж, 2006 онд 5 жилийн ял авсан юм.
Буяны байгууллагын ажилтан Назанин Загхари-Рэтклифф өөрийгөө гэм буруугүй гэж үздэг бөгөөд түүнийг нь ч Их Британийн Засгийн газар мөн дэмждэг байна. Түүнд чөлөө олгож магадгүй байгаа тухай Их Британийн парламентын депутат Тулип Сиддик “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Одоогоор дэлхий дахинд коронавирусний халдварын 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас 3202 нь энэ өвчний улмаас нас барсан байна. Иранд л гэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд уг өвчин 77 хүний амийг авч оджээ.
“Covid-19” халдварын 835 шинэ тохиолдол илэрсэн тухай Ираны Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгджээ. Албан ёсны мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн тоо хоёр өдөр дараалан 1.5 дахин нэмэгдэж, 2336-д хүрээд байна.
Халдварын талаарх цогц мэдээллийг эхний өдрөөсөө л олон улсын байгууллагуудад үнэн зөвөөр нь мэдээлж байгаа гэдгээ Ираны эрх баригчид мэдэгдсэн хэдий ч зарим мэргэжилтэн тус улсыг үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна хэмээн болгоомжилж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баг бүрэлдэхүүн Техран хотын нөхцөл байдалд үнэлгээ хийхээр даваа гарагт тус хотод очжээ. Тэд эмнэлгийн 15 мянган ажилтанд шаардлагатай байгаа эм, эмийн бүтээгдэхүүн, хамгаалалтын хувцас, тоног төхөөрөмж болон 100 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийх лабораторийн иж бүрэн хэрэгслийг Иранд авчирсан байна.
Мөн Ираны хэд хэдэн өндөр дээд албан тушаалтнуудаас вирус илэрчээ. Тодруулбал Ираны парламентын 290 депутатын 23-аас нь коронавирусний халдвар илэрсэн байна. Даваа гарагт Ираны дээд удирдагчийн зөвлөлийн гишүүн, 71 настай Мохаммад Мирмохаммади коронавирусний улмаас нас барсан юм.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулжээ
Коронавирусний түгшүүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засагт түлхэц өгөх арга хэмжээ болгон бодлогын хүүгээ 50 базис пунктээр бууруулж, 1-1.25 хувь болгожээ.
“АНУ-ын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа хэдий ч коронавирустэй холбоотойгоор эдийн засгийн идэвхтэй байдалд эрсдэл үүсэх магадлал нэмэгдэж байна” хэмээн Холбооны нөөцийн сан мэдэгдэлдээ дурдав.
Өнгөрсөн мягмар гарагт “Их 7” бүлгийн гишүүн орнуудын Төв банкны тэргүүнүүд болон Сангийн сайд нар утсаар зөвлөгөөн хийж, коронавирусний аюулаас улс орныхоо эдийн засгийг хамгаалах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.
“Вирус болон түүний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь тодорхой хугацаанд энд төдийгүй бусад улсын эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөө үзүүлэх болно. Бүх асуултад хариулт бий гэж бид үзэхгүй байгаа хэдий ч ийм арга хэмжээ авсан нь эдийн засгийг сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдсэн байна.
АНУ-ын Төв банк хамгийн сүүлд 2008 оны эдийн засгийн хямралын үеэр шуурхай хуралдаж, бодлогын хүүгээ бууруулж байсан юм.
БНАСАУ хөл хорионоос гарч буй гадаадын иргэдийг Владивосток руу явуулна
“Covid-19” дэлхий даяар дэгдэж эхэлсний дараа хилээ хаасан БНАСАУ-аас явах хүсэлтэй байгаа гадаадын дипломатуудыг Владивосток руу явахыг зөвшөөрчээ.
Хэдэн зуун гадаадын иргэнийг 30 хоногийн хугацаатай хөл хорионд оруулах БНАСАУ-ын арга хэмжээ 3 дугаар сарын 1-нд дууссан юм. Тэдний дунд гадны дипломатууд байсан юм.
Хөл хорионоос гарч байгаа гадаадын иргэдийн дунд хэдэн дипломат байгаа нь тодорхойгүй байгаа хэдий ч БНАСАУ-аас явахыг хүсэж байгаа дипломатуудыг Умард Солонгосын “Air Koryo” компанийн тусгай нислэгээр Владивостокт хүргэнэ гэж Японы “Кyodo” агентлаг мэдээлсэн байна.
БНАСАУ-д коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа юм.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэхдээ, “манай улс коронавирустэй дайн зарлаж байна” гэжээ. Мягмар гарагт тус улсад халдварын тохиолдол эрс нэмэгдэж, 5186-д хүрсэн нь тоогоороо БНХАУ-ын араас жагсаж байгаа юм.
БНХАУ-д мөн гадаадын иргэдэд зориулсан хөл хорио тогтоох арга хэмжээ аваад байгаа билээ. “Covid-19” дэгдэлтийн улмаас хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэрэгжиж дууссаны дараа халдвар дахин хилийн чанадаас дэгдэж болзошгүй байна хэмээн БНХАУ-ын эрх баригчид болгоомжилж байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: