Ж.Ариунболд: Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй асуудал үүсгэж байгаа 130 гаруй хүн байна

1

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Энэ үйл явдлын дараа Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн зээлийг тэглэх нь гэсэн ойлголт нийгэмд тарсан. Энэ асуудлаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.

-Гадаадад их дээд сургууль төгсөгчдийн зээлийн үлдэгдэл хэр байгаа вэ?

-1997 оноос эхлээд Гэгээрлийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа  оюутнуудад зээл олгох журмыг баталсан. 1997 оноос хойш энэ зээлийг олгосон. Үүнээс хойш 2019 оныг хүртэл нийт 2300 хүнд гадаадын зээл олгосон. Гадаадын зээл нь 3 үндсэн хэсгээс бүрддэг.  Эхний хэсэгт дэлхийн шилдэг сургуулиудад сурдаг бакалаврын зэргийн оюутнуудад, хоёрдугаарт,  өндөр хөгжилтэй орнуудын магистер, докторын зэрэг эзэмшиж байгаа хүмүүст зээл олгодог. Гуравдугаарт,  Засгийн газар хоорондын гэрээгээр суралцдаг  оюутнуудад зээл олгодог. Тиймээс энэ зээлийг хавтгайруулж ойлгож болохгүй.

2300 хүнд олгосон зээлээс нийгмийн хариуцлагаа хүлээгээд,  Монголдоо 5 жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн эсвэл нас барсан, тахир дутуу болсон хүмүүсийн зээлийг чөлөөлдөг. Ингээд 1997-2019 оны хооронд 700 гаруй хүмүүс зээлээ төлсөн байна. Одоо 1800 гаруй хүн зээлээ гэрээнийхээ  үүргийн дагуу төлж явдаг. Дэлхийн шилдэг 100 сургуульд 400 орчим оюутан сурдаг. Энэ 400 гаруй оюутанд тулгарч байгаа нэг асуудал байгаа. 2014 оны есдүгээр сараас хойш энэ зээлээр суралцсан гэж бодоход 2019 онд эхний төгсөгчид сургуулиа төгсөнө гэсэн үг. Ингээд төгссөнөөс хойш 5 жил нийгмийн даатгал  төлж тасралтгүй  ажиллах ёстой. Тэгэхээр энэ хүүхдүүд 2023 оноос зээлээ буцааж төлөх эрх нь нээгдэнэ гэсэн үг.

-Зээлээ төлөөгүй 179 хүн зугтсан гэх мэдээлэл байгаа,  энэ үнэн үү?

-Өмнөх жилийн статистик үзүүлэлтийг харахад,  зээлээ төлөөгүй, зугтсан 170 гаруй хүн байсан. Энэ хүмүүсээс  зээлээ төлсөн 30 гаруй хүн байна. Одоо зээлээ төлөхгүй асуудал үүсгэж байгаа 130 гаруй хүн үлдсэн. Зээлээ төлөөгүй хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж,   нэрийг нь олон нийтэд зарлах, шүүх, хуулийн байгууллагад хандах процесс явагддаг.

-Нийт төлөгдөөгүй хэдэн төгрөгийн зээл байгаа вэ?

-Одоогоор дэлхийн шилдэг сургуулиудын бакалаврын зээл дууссан. Нийт 110 гаруй тэрбум төгрөгийн асуудал байна.

-Гадаадын зээлд хэр их оюутан хамрагддаг вэ?

-Энэ зээлд маш бага оюутан хамрагддаг. Сүүлийн 3 жилийн статистикаас харахад,  2017-2019 онд 40-50 оюутан л гадаадын зээлд хамрагдсан байдаг. Харин дотоодын зээлийн хувьд 1993-2019 оны хооронд 169 мянган оюутан зээл авсан байна.

Т.Эрдэнэчимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.