Казиног Монголд номхотгосон түүх

Нийслэлд нэг үе “казино” гаарч байлаа.

Хаврын зэвхий, сэтгэлийн шаналгаа хоёрын хооронд Лантуу хар үүрээр гэртээ сэрлээ. Тэрээр шартаад байгаа, шаналаад байгаагаа ухаарах сөхөө авалгүй хэвтрээсээ өндийн хар ус залгилаад гүнзгий санаа алдаад эргээд хэвтэв. Архи уухаараа угаасаа нойргүй болчихоод хэдэн ч өдөр нойр хоолноос гарчихдаг зантай. Зөвхөн архи, ус хоёроор  өл залган,  эрүүл, согтуугийн завсар хэдэн өдөр болсоны эцэст мөн төдий зайтай унтаж,  идээд тэнхрээд авчихна.

Лантуу  шоронгоос гараад 20 гаруй жил болоход хулгай хийж, хүн алахаас бусдыг хийж под хийсэн амьдралыг босгоод байсан юмсан.  Гэтэл казино гэж нэг гай дэлгэрсэнээс ийн уруудаж хөлсний хүйтэн байранд нааран дээр хэвтэж байх гэж. Хаа очиж ханилан суусан хань нь дэргэд байгаа нь яамай. Түүнээс өөр юу ч үгүй үлдсэн хүн шаналахаас яахав. Ядаж байхад наранд байхдаа нааран дээр хэвтэж буйдаа дур гутан бүр шаналав.

-За байз урд шөнө яалаа. Зурагтаа зарж эхнэртэй эм тариа дөхүүлчихтэл  үлдсэн зуун доллар хатгаад нэг мэдэхэд  Чингэсийн казино руу орж явсанаа эргэн бодов.  Үүдний хамгаалагч бацаанууд мань эрийг мяарчихсаныг мэдэх тул такснаас цааш мөнгөтэй юм уу гэж нэгжих нь холгүй оруулсныг бодохоос ой гутна.  Цалгиж явахдаа ордог байсан V.I.P.-гийн хойморт тусгай тасгийн  цагдаагийн  хурандаа Сүхтөмөр суучихаад түүнийг оруулах шинж алга. Бухан хүзүүтэй Сүхтөмөрийн зэвхий шар нүд нь хурц харцаар төөнөн  Лантууг ороод ирэх вий гэсэн шиг ардаа зогсох баавгай шиг хамгаалагч руугаа  байсгээд хялам хийнэ. Түүний ширээнээ луйвраар голдуу баяжсан Монголын хэдэн бизнесменүүд эгнэн суужээ. Тэд бүгд л Сүхтөмөрт намилзан долгиноно. Лантуу тийшээ л ороодохвол сүүлийн үед лицензийн наймаагаар хэмх баяжсан Жадамбаа хэмээх онгироо бацаанаас хэдэн жетон салгачих санаатай.  Буйдхан ширээ олоод цагаан архи шимэнгээ боломжийг эрэн отон сууна.  Хорвоогийн боломж завшаан гэдэг зөвхөн тэвчээртэй хүн, адгуус хоёрт л оногдох учиртай. Тиймдээ ч тэвчээрийн ач тусыг ойлгосон хүн завшааныг анаж байдаг буй заа. Лантуугийн  отон суух, ажиглан ширтэх  нь хэдэн ч цаг болж мэдэх түүний тэвчээрийн шалгуур юм. Тэр шоронд байхдаа л ийм болчихсон хүн. Ингэж суухдаа ямар ч чимээ гаргаж байгаагүй. Сүүлийн боломж нь ч байж мэдэх тул тун зуумтгай сууна.

Тэгтэл олны дундаас хэн нэг нь шуурч ирээд Лантуугийн  мөрөөр тэврэн дотнослоо.

-Лантуу ахтай  ингэж таардаг байжээ. Таны тухай дуулсан харамсалтай байна. Гэхдээ яахав та ямар бууж өгч байсан биш. Би их баяртай байна, үнэхээр баяртай байна. Уулзаагүй өчнөөн жил өнгөрчээ. Тийм үү. Би тантай яримаар байна.

-Сонин л байна. Манай “Дардас Сугараа”-гийн  том хүү надтай ярилцъя гээд хүрээд ирдэг. Алив ах нь хүүгээ нэг үнсээдэхье гэв.

-Бурхан минь, энэ олон  жил та  яаж ингэж хэв, хэвээрээ ингээд инээгээд сууж байдаг байнаа? Огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү, Халхын хар Лантуу. Гэж янз бүрийн юм шалгаана. “Сугарын Салтаа Дорж”  хэмээх энэ эр дөнгөж 28 нас хүрч байгаа. Монгол дахь Хятад, Солонгосуудыг зүрхэнд шар ус хууруулсан бузгай алдаршиж яваа сүүлийн үеийн “супер бацаан”  гэж Лантуу ихэд хүндэтгэнэ. Харьж буй, ирж буй  хоёр атаман ийнхүү шөнөжин архидсан гэж байгаа.

Лантуу хэвтэх, хажуулахын завсар бодон, бодон үд дундын алдад нүд нь гялалзан гарахаар хувцаслалаа. Халаасаа ухтал 200 доллар байна. Хоншоортой дүү нь ахыгаа шараа тайлаг хэмээн өгсөн нь тодорхой. Зууг нь эхнэртэй өгч духан дээр нь үнэрчихээд хам хум гарлаа. Лантуу хаа очиж тун  гэр бүлсэг. Маш хариуцлагатай эцэг, бас эр нөхөр билээ. Найзуудаа хүндэлнэ, хайрлана гэдэг нь дэндсэн.  Хамгийн найдвартай найз, аав, бас уул шиг түшигтэй хань билээ. Лантуу өнөөдөр зорилготой, зорилгодоо хүрэх аргатай тул их л яаруунгуй Чингэсийг зорилоо.  Мэдээж эхнэр нь түүнийг бахархсан харцаараа баяртай хэмээн үдээ л дээ.

Лантууг казино руу ортол яг өчигдөрийн дүр зураг бахь байдгаараа. Хамгаалагч хоёр хамгаас зэвүүн. Нөгөө V.I.P.-д хурсан зочид тэр янзаараа сууж байх. Харин ч бүүр ганц нэг луйварчид нь чанаржчихаж. Монголын нэртэй төртэй компаний төлөөллүүд байж байна. Тооцоолсон ёсоор хэсэг байзнасны эцэст Хурандаа Сүхтөмөр ч жорлон руу суниагаад залхуутай алхахтай зэрэгцээд нөгөө өрөө рүү мань Лантуу орж явчлаа. Дөнгөж ховхорсон Хурандаагийн сандал дээр халхын хар Лантууг орж ирээд суучихад бүгд мэл гайхав. Хөгшин чононоос туулай ч айх хөг нь өнгөрдөг билээ.  Лантуу ширээнээ суунгуутаа задлаад удаагүй конъекаас аягалан хөнтрөх гэтэл,

-Та солиороогүй биз хэмээн банкны нэгэн ня-бо уулга алдлаа. Лантуу байршлыг сонгон өөрийн залуугийн төрхөөрөө цэх суухыг төлөвлөн, гүйцэтгэхдээ эндүү ташаа, илүү дутуу үйлдэл гаргахгүй байгаа нь гайхалтай. Түүний шөвөг шиг хурц харц Хурандаагийнхаас ширүүн байх тул нөгөөх эрийн харц өөрийн эрхийг дальдчлаа. Тасалгаанд чимээ аниргүй болохтой зэрэг гаднаас Хурандаа хамгаалагчтай цуг ороод ирлээ. Өөрийн суудал дээр хөгшин чоно суухыг харсан залуу азарган чоно шүлсээ үсчүүлэн дайрлаа.

-Энд эвгүй юм даа, гараад эр улс шиг учраа олчвол яасан юм хэмээн Лантуу удтал дуугүй байсны эцэст эрс хатуу дуугарав. Лантуу зочид буудлаас гарангуут лантуу шиг хар нударгаараа төлөвлөсөн ёсоор Хурандаагийн гурвын дунд ганцхан буулгалаа. Энэ мөчийн төлөө л энд ирсэн, тэгээд ч энэ цохилт түүний дархан ганц мэх юм хуна. Хурандаа түүний өмнө, өвдөг дээрээ сөхрөн унав. Төд удалгүй пэд, пад гээд явчлаа. Лантуу хэдийнэ ухаан алджээ.  Гэмтлийн эмнэлэгт хоёр хоног хэвтээд гарав. Нүүр царай гэж авах юм алга. Баруун гар шуугаар хугарсан байлаа. Гэртээ тав дах хоног дээрээ хэвтэж байтал хаалга цохих чимээнээр эхнэр нь,

-Хэн бэ гээд үүд рүү очтол, чимээ анир алга. Үүднээс холдохоор дахин  тогших. Зальжин эхнэр гэв гэнэт хаалгаа цэлийтэл нээлээ. Хоёр костюмтай залуу сандран Лантуу ах байна уу гэв. Тэдний тэвдсэн царайг цэлийтэл нээсэн хаалганы завсараас харсан Лантуу,

-Новшнууд минь цаад муу өлөгчингөө  ахтайгаа ирж уулз. Эсвэл юм дуусаагүй шүү гэж хэл хэмээн ориллоо. Нөгөө хоёр ч ухасхийн зугатлаа. Бүх зүйл төлөвлөсөний дагуу болж байгааг ухаарсан Лантуу маргааш өглөө нь Цагдаагийн Газрын даргын өрөөнд халуун кофегоор дайлуулан сууж байлаа. Цагдаагийн Газрын тэр  генералыг сургууль төгсөөд анх шоронгийн даргаар ирж байхад мань Лантуугийн ид хав, халх даяар яригдаж байжээ. Шинэхэн шоронгийн даргыг Лантуу хэдэнтээ эвгүй байдлаас аварч байсан болохоор тэд  эртний найзууд.

-Хар л даа. Танай тусгайгийн нусаакууд  намайг ямар болгосныг хэмээн Лантуу хугархай гар, хагархай толгойгоо харууллаа.

-Муусайн новшнууд хэмээн Генерал сүүрс алдсанаа дор нь нөгөө тасгийнхныг өрөөндөө жагсаалаа. Хорь гаруй ханагар офицеруудаас,

-Эдэн дотор миний андыг ийм болгосон нөхөр  гараад ир хэмээн архирлаа. Хүчний байгууллага л хойно даргаасаа тэр тусмаа Монголын нэртэй, төртэй генералаас үнхэлцэгээ хагартал айх нь лав.

Хурандаа Сүхтөмөр сүнс  нь зайлчихсан тэдэн дотор зогсож байхгүй хаачих вэ. Лантууг тэдний урдуур алхтал, хэргийн эзэн Сүхтөмөр нүд ам нь гялалзан ахаа намайг бодооч дээ гэх маягийг юм болж байлаа. Лантуу яг түүний өмнө ирсэнээ

-Аа гэж нэлээд удаан зогсох зуур Сүхтөмөрийн зүрх амаараа гарч байгааг анзаарч байлаа.

-Эдэн дотор алгаа гэнгүүт Генерал нөгөө хэдийг өрөөнөөсөө гаргачихаад дараа нь танихаараа ирээрэй хэмээн тэд салах ёс гүйцэтгэв. Гэвч аль хэдийнэ хамаг зүйл тодорхой болчихсоныг эрчүүд л гадарлана шүү дээ.   Лантуу генералын өрөөнөөс гараад шатаар уруудан алхаж байтал,

-Ахаа та манай өрөөгөөр ороод гараач гээд Сүхтөмөр хурандаа инээвхийлэн зогсож байлаа. Өрөөндөө оронгуут сэйфнээсээ нэг шил конъяк гарган аягалан Лантуу өөд барьсанаа,

-Та ч өнөөдөр миний аминд ганц орлоо ш дээ. Маргааш мэргэжил дээшлүүлэхээр Немц  явах гэж байсан юм. Үүнээс хойш ах дүү мэт явъя гээд шууд авдаг байгаа.

-Хүн зодож болно халаасанд байсан мөнгө хүртэл туучихтай яахав дээ хэмээн заллаа.

-Ахаа, хэдэн төгрөг байсан юм.

-Хоёр мянга  гаруй доллар гэж шал худлаа ярихдаа ямар ч сэжиг авахуулсангүй. Сүхтөмөр сэйфээ онгойлгож арван мянган доллар гарган сарвайж нэгмөсөн ингээд өр цайрчихъя гэв.

-Дүү хүү тэгээд мэндтэй устай яваарай даа хэмээн Лантуу мөнгийг аван үүд рүү эргэлээ. Хоёр мянга гэж арай ч бага хэлчив үү гэж бодсоноо, боодолтой ногооноо атгаж тайвширав.

Хэд хоногийн дараа Лантуу бүрэн илааршаад Чингэс оров. Нөгөө зэвүүн хоёр хамгаалагч такс авахгүй, та ор ор хэмээн уриалгахан нь аргагүй хаалгаа нээв. Цааш яваад ортол Лантуу ах наашаа, наашаа хэмээн хүн болгон булаалдах бөгөөд таарсан болгон нь хэдэн зуугийн жетон сарвайх аж. Сүхтөмөрийн ширээнээ сууж түүний урдуур хамаг амьтан намилзан долгиноно. Төд удалгүй мань Лантуу алдсан болгоноо эргүүлэн авлаа. Түүнд хамгийн гол нь алдсан нэр хүндээ сэргээсэн нь хамгаас чухал мэт.

Хамгаалагч нар,

- Та үнэндээ аймаар зодолддог юм байна лээ. Тусгайгийн дөрвөн залуутай нэлээд үзсэн шүү. Лав хоёрыг нь босч ирэхгүй болтол цохьсон, Сүхтөмөр бүтэн өдрийн дараа ухаан орсон гэдгийг сүүлд нь Лантууд дуулгасан  юм. Тэр хоёр мань Лантуугаас дахиж хэзээ ч такс аваагүй юмдаг.

Нэг иймэрхүү амьдрал байдаг ч юмуу, тэр нь эрх зүйт ёс ноёрхсон чөлөөт Монгол ч юм уу, чонон араншинт  нүүдэлчний Монгол  ч юм уу, хэн мэдэхэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих