Халдвартай иргэнтэй галт тэргэнд хамт зорчсон 28 иргэнийг МСҮТ-д тусгаарлав

9958

Франц Улсын 57 настай иргэн Б-ээс Коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс өглөөний 03:00 цагаас эхлэн хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Одоогийн байдлаар Франц Улсын иргэн Б-тэй 1-р зэргийн хавьтагч болсон галт тэргэнд хамт зорчсон 28 иргэнийг тогтоосон байна. Мөн Улаанбадрах сумаас 70км-ийн зайд байрлах “Дулаан Уул” кемпэд 37 иргэн, Олон овоогийн кемпэд 22 иргэнийг тусгаарлаад байна. Эдгээр иргэд нь үйлчилгээний ажилчид бөгөөд энэ дунд Казакстан Улсын нэг иргэн байгаа юм байна.

Тодруулбал, Франц Улсын иргэн Б нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд сууж купенд ганцаараа зорчсон байна. Ингээд 03 сарын 07-ны өдөр Сайншандад бууж жолооч нь тосч авсанаар шууд Зөөвч Овоогийн кемп рүү явжээ. /Үүнд Сайншандад ямар нэгэн дэлгүүр, буудал гэх мэт олон нийтийн газруудаар яваагүй болно/ Харин түүнтэй хамт нэг галт тэргэнд зорчсон 28 иргэнийг одоо аймгийн МСҮТ-д тусгаарлах ажлыг холбогдох газрууд зохион байгуулж байна.

Мөн Улс, хот хооронд болон хөдөө сумдын автозамын хөдөлгөөнийг улсын хэмжээнд өглөө 07.00 цагаас эхлэн хориглосонтой холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргаж Коронавирусын тохиолдол илэрсэн улс орнуудаас ирж байгаа нислэгийг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ.

Иргэд хүнсээ нөөцлөөд эхэлсэн мэдээлэл байна. Хүнс болон маск, ариутгалын бодис гэх мэт шаардлагатай хэрэглэгдэхүүний нөөц хэр байгаа вэ?

Аймгийн онцгой байдлын газрын дарга А.Дашням: Сандарч тэвдэх шаардлага байхгүй. Өвчтөнийг тусгаарлаж эмчлэх үйл ажиллагааг явуулна. Хамгийн гол нь иргэд хувийн ариун цэврээ сайтар сахиж зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хүнсний хангамжийн асуудлыг бол Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслийг хориогүй. Импортын бараа, бензин шатахууны хангалтыг онцгой комиссын хуралдааны шийдвэрээр нээлттэй орхисон хомсдол үүсэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр сарын нөөцтэй гэдгийг хэлсэн. Цаашдаа хүнс, бараа таваарыг шат дараалласан байдлаар татаж авна.

Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Т.Энхтүвшин: Төрийн байгууллагын ажиллах хүмүүсийн маск хангалттай байгаа. Манай аймгийн оёдолчид 15 мянган маск оёж өгсөн. Мөн Улаанбаатар хот, Турк улсаас 10 мянган маскыг татаж авсан. Хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг тодорхой хэмжээгээр Улсын онцгой комиссоос хуваарилж өгсөн нөөц байгаа. Өнөөдрийн хурлаар 5 тонн холармин, ариутгалын бодисыг татаж авахаар боллоо. Хамгийн гол нь хувийн сахилга батыг сахих, ялангуяа олон нийт цугласан газруудад очихгүй байх, иргэд бие биендаа хяналтыг сайн тавих хэрэгтэй байна. Аль аль талдаа сайн сонор, сэрэмжтэй ажиллаж чадвал цаашдаа халдвар тараахгүй байхад чухал үүрэгтэй юм.

Эх сурвалж: Дорноговь телевиз


URL:

Сэтгэгдэл бичих