Өөдрөг төсөөлөл нь өнгөлөн далдлалт биш биз

10021

Энэ оны эхэнд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан тайланд 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.5-2.9 хувьд хүрч үүний дотор хөгжиж буй орнуудын өсөлт 3.8-4.1 орчим хувьд хүрнэ гэж төсөөлж байлаа.

Харин коронавирус дэгдсэний дараа буюу гуравдугаар сарын 2-нд Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн тооцож гаргахдаа оны эхэнд гаргасан 2.9 хувийн өсөлтөд хүрнэ гэж үзсэн төсөөллийг хоёр дахин бууруулж 1.5 хувьд хүрнэ гэжээ.

Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар Хятадын Ухань хотоос эхтэй шинэ коронавирусийн уршгаар дэлхийн нийт эдийн засаг гурван их наяд ам.долларын алдагдал хүлээж болзошгүй юм байна. Энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 5 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.

БНХАУ болон АНУ эдийн засагт нь гэнэт үүссэн хямралын эсрэг арга хэмжээнүүдийг аваад эхэллээ. АНУ л гэхэд бодлогын хүүгээ 0.5 пүнктээр буулгаж, коронавирустэй тэмцэхэд 7.5 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэ өвчлөлийн хамрах хүрээ, хугацаа, эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцоолох боломжгүй байгаа тул АНУ-ын хөрөнгийн зах зээл савлаж эхэлсэн тул Холбооны нөөцийн банк бодлогын хүүг буулгаж, эдийн засгийг дэмжих, тогтворжуулах бодлого барьж эхлэв. Энэ нь америкчуудын 2008 оны санхүүгийн хямралаас хойш хийсэн ноцтой алхам бөгөөд дэлхийн ДНБ-ий 24 хувийг эзэлдэг эдийн засаг савлавал нь коронавирусийн улмаас сульдаж буй Хятадын эдийн засагт багагүй цохилт болох биз ээ. Тэгвэл экспортын бүтээгдэхүүний 88 хувь нь Хятадаас хамааралтай манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газар болон  Дэлхийн банк харьцангуй өөдрөгөөр төсөөлсөн байх юм.

Манай улсын экспорт хоёрдугаар сарын 1-15-ны хооронд 61 хувиар буурч, нүүрсний экспортоос нэг болон хоёрдугаар сард 400 тэрбумын алдагдал хүлээсэн бол импорт 58 хувиар буураад байна. Нүүрсний экспортын орлого тасарч байгаагаас гадна зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Ингэснээр төсвийн орлого буурах тул төсөвт тодотгол хийх шаардлагатай хэмээн МҮХАҮТ-аас санал болгож буй.

Тэгвэл Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн гүйцэтгэл, дунд хугацааны төлөвийн талаар хийсэн дүгнэлтээ гуравдугаар сарын эхэнд танилцуулсан. Уг дүгнэлтэд, “Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийн өндөр түвшнөөс бага зэрэг саарахаар байгаа ч дунд хугацааны төлөв өөдрөг хэвээр байна” хэмээн дүгнэжээ. Дунд хугацаанд өсөлтийн төлөв өөдрөг байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт 2020-2021 онд дунджаар 5.6 хувьд хүрэх боломжтой гэж үзсэн байна. Хувийн хэрэглээ болон уул уурхай, боловсруулах салбаруудын хөрөнгө оруулалтын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх гэнэ.

Гэвч эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй дотоод, гадаад томоохон эрсдэлүүдийг анхаарах хэрэгтэй гэдгийг Дэлхийн банкны судлаачид онцолжээ. Үүнд:

• Сонгуулийн жилтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхгүй тохиолдолд зах зээлийн орчин, гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

• БНХАУ болон АНУ хоорондын сүүлд тохирсон худалдааны хэлцэл нь Монгол Улсын эдийн засгийн төлөвт эрсдэл үүсгэж болзошгүй.

• Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас өндөр хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд шинэ коронавирусийн халдварыг богино хугацаанд хязгаарлаж чадахгүй бол эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлнө.

• Өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан шиг БНХАУ нь хил дээр тарифын бус экспортын хязгаарлалт хийх эрсдэл хэвээр байна.

• Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын саарал жагсаалтаас даруй гарах тал дээр анхаарч холбогдох ажлыг эрчимжүүлэх нь чухал.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр дэлхийн бусад улс орны Төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа учраас  Монголбанк ч Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, нэг нэгжээр буулган 10 хувьд хүргээд байна. Мөн заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгжээр буулган 8.5 хувьд  тогтоон барих боллоо. Бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзжээ.

Мөн шинэ коронавирусийн халдвар нь манай эдийн засагт богино хугацаанд сөргөөр нөлөөлж, бизнесийн идэвхжил саарах ч хямралын нөхцөлд шилжихгүй гэсэн сайн мэдээг Засгийн газраас түгээсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүх зүйл тодорхой биш байгаа учраас төсөвт тодотгол хийхгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөл байдлыг эдийн засгийн хэллэгээр temporary буюу түр зуурын шок гэж үзэж байгаа юм.

Өөдрөг төсөөлөл нь өнгөлөн далдлалт биш бизСангийн сайд Ч.Хүрэлбаатар

Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах хэмжээний чадавх бий болсон. Тиймээс төсөв тодотгохгүй. Бид тооцоолоод асуудлаа оруулж ирж байгаа. Судалгааны байгууллагуудын хийж буй эдийн засгийн нөхцөл байдлын судалгааны дүн, Засгийн газрын бодлого хоорондоо нийцэж байгаа.

Харин хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувьд ч хүрэхгүй хэмээн “муу амлаж” буй ОУВС-гийн зүгээс  коронавирусийн тархалтын улмаас эдийн засаг нь хүндрэлд орж буй улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ өнгөрсөн долоо хоногийн эцэст мэдэгдэв.
Нийт тусламжийн сан 50.0 тэрбум ам.доллар бөгөөд ОУВС-гийн мэргэжилтнүүд халдварын тархалтын улмаас хүндрэлд орж буй орнуудын талаар судалж байгаа юм байна.
Тулгарч буй хүндрэлийн улмаас санхүүгийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй улс орнуудын хүсэлтэд шуурхай хандана гэдгээ ч мэдэгдлээ.
Харин манай эрх баригчид хүндрэл учрахгүй хэмээн ээлж дараалан мэдэгдээд байгаагаас үзвэл ОУВС-гийн дээрх тусламжид хамрагдахгүй бололтой. Дэлхийн улс орнууд сандарч байхад манай Засгийн газар ам бардам байгаа нь 2020 оны өмнөх сонгуулийн шоу биш байгаасай гэж найдах л үлдлээ.

Өөдрөг төсөөлөл нь өнгөлөн далдлалт биш бизЕрөнхий сайд асан Р.Амаржаргал

 Ямар ч байсан төсвийн орлого хүндрэх нь тодорхой. Түрээсийн төлбөртөө барьцаалагдсан жижиг бизнес худалдаа, ресторан, зочид буудал, театрууд гэх мэт үйлчилгээний байгууллагынхан хүнд байдалд орно. Энд л ажлын байрны ихэнх нь байгаа. Амуудлаа шийдэхэд нь төрөөс маш тодорхой, хүртээмжтэй дэмжлэг нэн даруй авч эхлэх цаг болсон. Энэ утгаараа сангийн бодлого, нэн ялангуяа татвар, даатгал, шимтгэл хураамж, татаас, төрөл бүрийн үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг ашиглан эдийн засгийн өсөлтийг унтраахгүй байх, болзошгүй сөрөг үр дагаврыг амдан зогсоох шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: С.СОСОРЖАВ, EAGLE.MN


URL:

Нэр: CBD near me Огноо: 23 April 2020
Нэр: cbd lube Огноо: 25 April 2020

Сэтгэгдэл бичих