Ээждээ бичсэн захидал: Диваажинд суугаа ээждээ

38

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Гуравдугаар байрын шагналт захидал

Улаанбаатар хотын оролцогч Д.Эрдэнэбилэгийн “Диваажинд суугаа ээждээ”  захидал

 

ДИВААЖИНД СУУГАА ЭЭЖДЭЭ

Би өөрийгөө 1951 онд, ээжийгээ 1927-1930 онд төрсөн болов уу гэж таадаг. Хүрдний ч байг, бутач ч байг, оргодол босуул ч байг бичиг үсэггүй тэр шавилхан, гүжирмэг эмэгтэй хэчнээн их нууцыг аваад буцаа вэ. Энэ тухай өгүүлье.

Ой тойнд минь үлдсэн анхны дурсамж бол ээж намайг тэврээд уйлаад л байдаг сан. Там тумхан санаж байгаа миний нэг дурсамжинд хүүхэд бужигнаж, эмэгтэйчүүд холхисон газар байсан санагдана. Үдэш голдуу орны минь дэргэд ээжий уйлж сууна. Хожим ухаарахнээ тэр олон хүүхдийн баас шээстэй зууралдахын хажуугаар өдөртөө чөлөө гарган над дээр гүйн ирж, шөнөдөө сахиж хонодог байж. Өвөлдөө уулын амны хоёр шар байшинд, зундаа хэдэн амбаарт шуугилдаж явснаа бүүр түүрхэн л санадаг юм.

Дуртгалын минь гүнд тунаж үлдсэн дараагийн үзэгдэл бол ээж саальчин, би тугалчин болсон үе. Ануухан хоёр хөгшинтэй айл бууж, өнөөгийнхөөр бол туслах малчин болсон шиг. Хоёр хөгшин уналгын ганц морь, таргийн таван ямаа, саалийн арваад үнээтэй. Ядарсан бид хоёрыг өрөвдөөд хаяандаа буулгасан хэрэг. Тэр газрыг Толгойтын баруун салааны эцэс, Баян-Уулын амралтын хавьцаа юм болов уу гэж тааварладаг юм. Хожим наяад онд тэнд амрахад уул ус, газрын байц нь танил харагдаад байж билээ. Тэнд би 6 нас хүртлээ байсан болов уу. Нэг өвөл айлын өвөө морио унаж явсан эзгүй үеэр би өвдөж л дээ. Мухар олгой үрэвссэн байж. Ээж тэндээс өнөөгийн Цэргийн госпитал хүртэл намайг үүрч очлоо. 20 орчим км газар шүү дээ. Түүнээс болж хоёр хуруу нь хөлдөж моонийсон юм. Бичиг баримтгүй босуул улс болохоор ээж минь орос эмчийн хөлийг тэвэрч уйлж байж амийг минь авруулсан гэдэг. Төө шахам урт, палийлгаж оёсон гүнзгий сорви одоо ч хэвлийд минь бий.

Тэр явдлаас сургамж авсан уу, бид хот бараадаж, бичиг баримттай ч боллоо. Дахин нэрсээ сольсон нь, ээж маань гарал угсаа, нутаг усаа төөрүүлсэн биз ээ. Манайх Маахуур толгойд бууж, ээж цэргийн эмнэлгийн асрагч болж, би ч аавтай боллоо. Аав цэргийн хүн байсан юм. Өдөржин шал зүлгэсэн ээжид минь шөнөжин агсам тавьдаг байсныг санадаг. Муу ээж минь хичнээн ч нүдүүлсэн ганц үг ган хийдэггүй шазруун ч хүн байж. Би сургуульд орлоо. Нэг удаа аав согтуу ирэхдээ данхтай цай өшиглөөд хөлийг минь түлж орхив. Хүлцэнгүй ноомой ээж минь улайрсан барс шиг аашилж, дарийн утаа үнэртсэн согтуу галзуу аавыг тасар татах шахаж билээ. Аавыг унтсан хойгуур намайг тэрлэгт ороож шөнө дөлээс үүр цайтал алхсаар Яармагийн дэнжид байдаг Жинжгээгийнд очсон юм. Ээж Жинжгээ хоёр чухам ямар холбоотой улс байсныг хожим ч мэдэж чадаагүй юм.

Жинжгээгийн буянт хаяаг бараадсан зургаа, долоон жил амьдралын минь хамгийн аз жаргалтай үе байв. Ээж оёдлын үйлдвэрийн хөдөлмөрийн гавшгайч, би таван онцын эзэн болж, авьяасаараа манлайлж “Алтан” Москвад хүртэл тоглосон юм. 1966 оны зун Артек зусланд амраад ирэхэд минь ижий минь зулын гэгээ болсон байж билээ. Юу ч гэх вэ дээ. Жаран зургаан оны их усан үерээс хоёр хүүхдийн амийг аварчихаад өөрөө урссан гэдэг юм. Солонгосын дайны хөлөөс дайжуулж 1953 онд Монголд авчирсан 2-5 насны тураалтай 200 хүүхдийн хамгийн бага, сул дорой нь би байсныг хожим Жинжгээгээсээ сонссоон.

Ээж 16 насандаа айлын бэр болж очоод үр заяагаагүй тул Улаанбаатар руу оргож, асрамжийн асрагч болсон нь тэр байж. Намайг өрөвдөж хайрлахдаа ямар нэг аргаар авч хөдөө гарч. Анхны дуртгал хоёр шар байшин бол Зайсанд байсан солонгос хүүхдүүдийн асрамж, хэдэн амбаар бол Жигжид дэх бидний зуслан байсныг хожим мэдсээн.

Ээж ээ, овог нэр, нас жил, нутаг усыг чинь би мэдэхгүй, өрцнөөс чинь нь ч унаагүй ээ. Гэхдээ Та минь жинхэнэ эх хүн байсныг муу хүү нь мэдэхийн дээдээр мэднэ шүү ээж ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.