Шатахууны үнэ хэрхэх вэ

76

Газрын тосны “акул”-уудын маргаан шатах, тослох материалаа гадаадаас 100 хувь импортолдог манай улсад ашигтай тусах нь. Дэлхий нийтэд шинэ коронавирус буюу үхлийн аюулт цар тахал тархсанаар улс орнуудын эдийн засаг царцаж эхлэв. Ялангуяа “ёроолгүй сав” шиг хэрэглээтэй Хятадын зах зээл удааширлаа. Эдийн засгийн идэвх сулрахаар бараа, бүтээгдэхүүний эрэлт багасах нь зах зээлийн зүй тогтол юм. Жамаараа яваа энэ л зүй тогтолын дагуу улс орнуудын шатах, тослох материал, шатахууны эрэлт буурав. Эрэлт хэрэглээ буурахаар бүтээгдэхүүний үнэ хямдардаг. Дэлхийн зах зээлд шатахууны гол түүхий эд газрын тосны үнэ нэгдүгээр сарын эхээр 68 орчим ам.доллартой дүйж байв. “Ковид-19” вирус тархсанаар эрэлт нь буурч, нефтийн ханш “уруудсан”. Энэ сарын эхээр нефтийн ханш 50 ам.доллартой дүйлээ. Мөнөөх “акул”-ууд энэ л үед газрын тосны олборлолтоо хэрхэж, үнийн зохицуулалт хийх вэ гэдгээ ярилцав.

ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Эл хуралд газрын тосны олборлолтоороо тэргүүлдэг бүх орон оролцжээ. ОПЕК-оос өдөрт олборлох газрын тосоо 1.5 сая баррелиар бууруулах санал гаргасан байна. Гэтэл ОХУ, Казахстан газрын тосны олборлолтоо бууруулахгүй гэдгээ шулуухан мэдэгдсэн гэнэ. Ингээд хурал ямар ч үр дүнд хүрэлгүй таржээ. Үр дүнгүй хурлын дараа Саудын Араб газрын тосны олборлолтоо нэмэхээ зарлалаа. Газрын тосны олборлолтоороо дэлхийн тэргүүлдэг тус улс ОХУ-тай “үнийн дайн” эхлүүлсэн нь энэ. Уг шийдвэрийн дараа газрын тосны үнэ хэдхэн хоногт баррель нь 38 “ногоон”-д хүртлээ хямдраад байна. “Голомт” банкны шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “ОХУ баррель газрын тосны энэ оны жишиг үнийг 30 ам.доллар гэж тогтоосон мэдээлэл бий. Тиймээс оросууд газрын тосны үнэ хямдарсан ч эдийн засагт нь нөлөөлөхгүй учраас болгоомжлохгүй байна. Хэрэв ОХУ олборлолтын хэмжээгээ бууруулахгүй бол нефтийн үнэ энэ онд 30 орчим ам.долларт хэлбэлзэх болов уу” гэв.

Газрын тосны үнэ өдгөө өнгөрсөн оныхоос хоёр дахин буураад байна. Ийнхүү Монголын зах зээлд шатахууны үнэ хямдрах боломж бүрдэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар газрын тосны үнэ унаснаар шатахууныг хямдруулах зах зээлийн бодит нөхцөл үүссэнийг олон нийтэд тайлбарлаж буй. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом буурангуут л нийгмийн сүлжээгээр “Импортлогчид бензиний үнийг даруйхан бууруулах ёстой” гэж шаардаж эхлэв. Шатахууны үнэ буурах урьдач нөхцөл нэгэнт бүрдсэн нь үнэн. Харин санааны зоргоор нефтийн ханш уруудангуут маргааш нь шатахууныхаа үнийг доошлуулчих боломж байдаггүй. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзлийн нөлөө сарын дараа манай улсад бодитоор тусдаг онцлогтой.

Үүнийг илүү дэлгэрүүлж тайлбарлая. Манай улс сүүлийн жилүүдэд Сингапурын таваарын биржид тухайн сард тогтсон газрын тосны ханшийг харгалзан тусгай итгэлцүүрийн дагуу тооцсон үнээр ОХУ-аас шатахуун худалдан авч байгаа. Өөрөөр хэлбэл, Сингапурын биржид өнгөрсөн сард тогтсон газрын тосны дундаж ханшийг жишиг болгосон үнээр импортлогчид энэ сард шатахуун худалдан авч буй юм. Компаниуд энэ сард худалдаж авах шатахууныхаа захиалгыг аль хэдийнэ өгөөд, мөнгөө шилжүүлчихсэн байгаа биз. Дэлхийн зах зээлд өнгөрсөн сард баррель газрын тосны үнэ дунджаар 60 ам.доллар байсан гэж тооцъё. Тэгвэл үүнтэй жишсэн үнээр шатахуунаа худалдаж авсан байж таарна. Тэгэхээр өндөр өртгөөр авсан шатахуунаа тэд энэ сард үнэтэй л зарна гэсэн үг. Харин дараагийн сарын ханш бага байх нь ойлгомжтой боллоо. Газрын тосны энэ сарын дундаж ханшийг жишиг болгосон үнээр импортлогчид ирэх сард ОХУ-аас шатахуун авна. Хойд хөршийнхөн энэ сарынхаас бага үнэ манайханд санал болгох нь тодорхой. Ингэхээр шатахууны үнэ ирэх сард буурах нь гэж ойлгох хэрэгтэй юм.

Газрын тосны үнэ бараг хоёр дахин буурсан учраас шатахууны үнэ төдий хэмжээгээр хямдрах ёстой гэж муйхарлаж болохгүй. Манай зах зээлд шатахууны үнийг тогтооход газрын тосныхоос гадна ам.долларын ханш чухал нөлөөтэй. Учир нь манай улс шатахуунаа ОХУ-аас ам.доллароор тооцож худалдан авдаг. Дотоодын зах зээлд “ногоон”-ы ханш өссөөр байвал шатахуун худалдаж авах төгрөгийн хэмжээ нэмэгдсээр байна гэсэн үг. Импортлогчид шатахуунаа ам.доллароор худалдаж авдаг хэрнээ төгрөгөөр борлуулдаг учраас тэр. Бүтээгдэхүүн худалдаж авдаг валютынх нь ханш өсөхөөр борлуулах буюу төгрөгөөр илэрхийлэх үнийг нэмэхээс өөр замгүй.

Ам.долларын ханш өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 100 гаруй төгрөгөөр чангарч, 2780-д хүрэв. “Ногоон”-ы ханш төгрөгийн эсрэг ямх ямхаар чангарсаар л байна. Монголбанк ч төгрөгийн ханшийг аажмаар сулруулах бодлого баримталж буйгаа нуухаа больсон. Тэгэхээр ам.долларын ханш цаашид ч өснө гэсэн хүлээлт давамгайлах нь. Ерөнхийдөө зүг нь тодорхой гэсэн үг. Тиймээс газрын тосны буурсан, ам.долларын өссөн ханшийн зөрүүг тооцож, шатахууны үнэ хямдарна гэсэн үг. Шатахууны үнэ одоогийнхоос ирэх сард хэдэн хувиар хямдрах бол. ОХУ-аас ирүүлэх үнийн санал, ам.долларын ханшийн өсөлт хэрхэхээс шалтгаалж шатахууны үнийг нь дамжиггүй. Шинжээчид шатахууны үнэ 10-20 орчим хувиар хямдрах болов уу гэж таамаглаж байгаа. Гэхдээ газрын тосны үнэ энэ сард буцаад өсчихвөл хямд шатахуун худалдаж авах найдлага тасарч мэднэ. Эдийн засгийн нөхцөл тодорхойгүй байгаа учраас зах зээлд ямар ч өөрчлөлт гарч, байдал хаашаа ч эргэж магадгүй.

Газрын тосны ханш хямдарч буй дотоодын зах зээлд шатахууны үнийг хямдруулах сайн нөлөөтэй. Шатахууны үнэ хямдарвал өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжих сайн талтай. Мөн гадаад худалдааны ашиг нэмэгдэж, цаашлаад төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулна. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтийг сааруулаад зогсохгүй бууруулах нигууртай. Газрын тосны үнэ хямдарсан нь эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин монголчуудад ийм таатай нөлөө үзүүлэх нь ээ. Дахин сануулахад, импортлогчид шатахууны үнээ даруй бууруулахгүй л болов уу.

Эх сурвалж: unuudur.mn


URL:

Сэтгэгдэл бичих