Гурван ихэр хүүхэд жаран мянгаар амьдарна

Ойрын хэд хоногт чихэнд чимэгтэй сайхан мэдээ хэд хэд сонсогдсоны нэг нь хоёр удаа гурван ихэр хүүхэд хэдхэн хоногийн зайтай мэндэлсэн явдал байлаа. Тэдгээр эхчүүдийн нэг нь дөрвөн хүүхэдтэй байгаад, тав дахь төрөлтдөө гурван ихэр гаргаад долоон хүүхэдтэй болж. Харин төрөөс гурван ихэр хүүхэд гаргасан эмэгтэйд болон хүүхдүүдэд үзүүлэх онцгой халамж байхгүй гэнэ. Олон жилийн өмнө дорвөн нас хүртэл нь улсаас бүх зардлыг нь дааж, өсгөх ажлыг хариуцдаг байсан аж. Одоо ихэр хүүхдийн цэцэрлэг нь нялхсын сувилал болжээ. Харин гурван ихэрт жилдээ нэг удаа 60 000 төгрөгийг тусламж болгон өгдөг гэх нь бас арай л бага юм шиг. Нэгэн сонирхолтой баримт дурдвал Бадаргуулт төрийн 22-р онд гурван ихэр хүү төрүүлсэн нэгэн эмэгтэйд хууль ёсоор таван таар амуу, арван энтэй бүсийн үнэ зэргийг нийцүүлэн бодож, морь, үхэр, хонь зэрэг малыг таацуулан олгогтун хэмээн шагнаж байсан байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амаа олон болгох талаар уриалж, дор хаяж таван саяулаа болцгооё гэж сайхан уриалга гаргаад байгаа. Тэгвэл ихрүүд энэ уриалгад багагүй нэмэр болно. Төрөөс бүх нийтээр нь хавтгайруулсан их халамж өгч байхаар олон хүүхэд төрүүлсэн, ихэр хүүхэдтэй эхчүүдэд өгөх тусламжийг эрс нэмээд өгвөл хамаагүй илүү бодитой, үр дүнтэй тусламж дэмжлэг болох юм. Төрөлтийг төрөөс дэмжиж, долоо ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлсэн ээжид хөдөлмөрийн баатар цол өгсөн ч болох юмгүй. Эх орондоо хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөж бойжуулна гэдэг ямар ч хөдөлмөрөөс илүү хүнд хэцүү. Төрөлт олширч хүн ам нэмэгдэхийн хэрээр цэцэрлэг яслиуд нэмэгдэх биз. Харин хоёр ихрийг нь чаддаггүй юм гэхэд гурван ихэр хүүхдүүдийг ээжтэй нь хамт ядаж нэг нас хүртэл нь асарч, эмнэлгийн хяналтад байлгах төв байгуулах хэрэгтэй байх. Жилд гурван ихэр хүүхэд тэгж олон төрөхгүй, дунджаар арав орчим байдаг бололтой юм билээ шүү.

Я.БАЯРБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих