Коронавирустай холбоотой худал мэдээллээс үүдэн дэлхий нийт хохирч байна

e115c33eea2c2e27081298b85d254a97“Саак өнцөг” булангийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Бид энэ удаа дэлхий нийтийг цочирдуулж буй коронавирус болон түүнийг тойрсон хуурамч мэдээллийн асуудлыг хөндөж байна.

ДЭМБ-ын зүгээс коронавирусаас илүү хурдан тархаж, аюул учруулж буй “вирус” бол хуурамч мэдээлэл гэдгийг тархалтын эхэн үеэс л анхааруулсаар ирсэн. Гэтэл хуурамч мэдээлэлд автан мөнгө санхүү, эдийн засаг, сэтгэл зүй тэр байтугай амь насаараа хүртэл хохирсон тохиолдол дэлхий дахинд бий болоод байна. Тэгвэл Монголд төдийгүй дэлхий нийтэд коронавирустай холбоотой ямар хуурамч мэдээллүүд гарч,  хэрхэн хохирол учруулсан талаар хүргэе.

Монголын жишээ

 

Хүнс нөөцлөх

Хүнс нөөцлөх

Коронавирусийн халдвар Хятадад тархаад удаагүй байх үед буюу нэгдүгээр сард манай улсын нэгэн эмэгтэй хүнсний бүтээгдэхүүнээ чадах хэмжээгээрээ нөөцөлж ав, удахгүй хүнсний хомсдол үүснэ гэх утга бүхий дуут мессежийг нийгмийн сүлжээгээр тараасан билээ.

Түүний маргаашнаас зах, худалдааны төвүүдийн лангуу хоосорч, хүнсний бүтээгдэхүүний эрэлт үүсэх, үнэ нэмэгдэх эрсдлийг бүрдүүлсэн юм. Тухайлбал, уг мэдээлэл цацагдсанаас хойш махны үнэ ганцхан хоногийн дотор 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байдаг.

Тухайн үед цагдаагийн байгууллагын зүгээс тус дуут мессежийг тараасан эмэгтэйг олж хариуцлага тооцжээ. Тэгвэл саяхан энэ байдал дахин давтагдаж, хүнс, шатахуунаа нөөцөл гэсэн мэдээллийн дагуу дэлгүүрүүд дахин ачааллаж эхэлсэн юм.

Шатахууны эрэлт

Шатахууны эрэлт

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны 10 цаг 30 минутад сошиал орчинд нэгэн иргэн “11 цагаас бүх шатахуун түгээх станцууд хааж магадгүй. Амжуулах зүйлс их шүү, 30 минутад.” гэж нийтэлжээ. Тус хуурамч мэдээлэлд автсан иргэд шатахуун түгээх станцад урт дараалал үүсгэсэн юм.

Тэгвэл дээрх ташаа мэдээллийг өөрийн твиттер хуудсанд жиргэж, иргэдийг төөрөгдөлд оруулсан иргэн Х-г Цагдаагийн газар саатуулан, шалгаж байна.

Тэрчлэн өнөөдөр гэхэд газрын тосны үнийн уналтаас шалтгаалж шатахууны үнэ 40-50 төгрөгөөр буурсан юм.

Франц иргэний зураг

Франц иргэний зураг

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс илэрч, иргэдийг багагүй сандаргасан. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд халдвар авсан Франц иргэн хэмээн тус иргэнтэй хамааралгүй хүний зургийг сошиалд нийтэлсэн нь газар авсан юм.

Тэгвэл тус зураг нь халдвар авсан иргэний биш, “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Zakariae-н зураг  байжээ. Тиймээс Францын элчин сайдын зүгээс сошиал медиагаар халдвар авсан Франц иргэнтэй хамааралгүй иргэний зураг бүхий ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлэн, манай талаас зохих арга хэмжээ авахыг хүссэн юм.

Мөн Эрүүл мэндийн яамны хэлтэсийн дарга Д.Нарангэрэл өвчин тахлын үед үнэн зөв мэдээлэл хамгийн чухал, үнэ цэнтэй байдаг. Тиймээс өвчнийхөө талаар үнэн зөвөөр мэдээлсэн хүнийг хавчин шахвал, дараа дараагийн иргэд шинж тэмдгээ нуун улам бүр нөхцөл байдлыг хүндрүүлэх аюултай хэмээн Хэвлэлийн бага хурлын үеэр сануулсан билээ.

 

Дэлхий дахинд

 

Трамп- Газрын тос

Трамп- Газрын тос

Саудын Араб үнийн дайн эхлүүлснээр газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ. Тухайлбал, АНУ-д нэг баррель газрын тосны үнэ 27 хувиар буурч 30 доллар буюу сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрсэн байна.

Үүнд тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Саудын Араб, Орос улсуудыг буруутгаад байгаа. Мөн газрын тосны асуудлыг тойрсон хуурамч мэдээллүүд ч чамгүй нөлөөлснийг Ерөнхийлөгч Доналд Трамп онцгойлон хэлжээ.

Энэтхэг

Энэтхэг

Энэтхэгийн фермер $800,000-аар үнэлэгдэх хөрөнгөө устгасан

Одоогоор Ковид-19 вирусийн өвчлөлөөр нас баралт бүртгэгдээгүй Энэтхэг улсад шувууны махнаас коронавирус халддаг гэсэн худал мэдээлэл whatsapp сүлжээгээр хүчтэй тархжээ. Үүнээс болж Энэтхэг даяар тахианы махны борлуулалт 80 хувиар буурсан байна.

Хэдийгээр мэргэжлийн хүмүүс, хууль тогтоогчид тус мэдээлэл худал болохыг хэлж, залруулах арга хэмжээ авсан ч, мэдээлэлд хэт автсан зарим фермерүүд эд хөрөнгөөрөө хохирсон байна. Тухайлбал, Махараштра мужийн фермер Суреш Бхатлекар гэх иргэн цуурхлын улмаас цочролд орж, нийтдээ $782,000-ын үнэ хүрэх тахиа, өндөгөө устгалд оруулж хохирсон тухай мэдээ өчигдөр гарсан юм.

Иран

Иран

Иранд коронавирусаас хамгаалах гэж архи уусан 36 хүн нас барсан

Архи уувал коронавирусаас хамгаалж чаддаг гэсэн цуурхал Ираны Хузестан мужид гарчээ. Үүнээс болж тус орны иргэд архи хайхад хүрсэн байна. Ингээд хуурамч архи уусан 36 хүн нас барж, 200 хүн хордлогоор эмнэлэгт хэвтсэн тухай Иран улсын IRNA агентлагаас мэдээлсэн юм.

Энэ мэтчилэн коронавирусийг тойрсон хуурамч мэдээлэл нь уг вирусаас дутахааргүй хор уршигтай, хурдан тархаж байгааг дэлхий нийт анхааралдаа аваад байна.

Манай улсын хувьд хэрэв хуурамч, ташаа мэдээлэл тараах аваас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон. Өмнө нь МУ-ын хуульд зааснаар уг хэргийг зөрчлийн хуулиар зохицуулдаг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болжээ. Тодруулбал, МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-р бүлэг, 14-р зүйлд “Худал мэдээллийг түгээх” гэсэн зүйл ангийг хуульчлан, оруулсан байна.

Тиймээс иргэдийн зүгээс хуурамч мэдээлэл зохиохгүй, түгээхгүй, автахгүй байхад коронавирусаас дутахааргүй анхаарах хэрэгтэй байна.

https://www.caaknews.mn/view/8302675/


URL:

Сэтгэгдэл бичих