Орос, америкчууд нэг нэгнийгээ гол дайснаа гэж үздэг

KKKKАНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны тэргүүлэгч генерал Жозеф Данфорд Вашингтонд заналхийлж буй орнуудаас цэргийн салбарт хамгийн их хүчин чадалтай нь ОХУ гэжээ. Энэ тухай тэрбээр өнгөрсөн бямба гарагт Колорадо мужийн Аспен хотод болсон аюулгүй байдлын бага хурал дээр онцолсон байна. Жозеф Данфорд  Хойд Солонгос, Иран, Хятад зэрэг орныг АНУ-д заналхийлж буй орнуудаар нэрлэсэн бөгөөд дээр дурдсан орнуудаас “ОХУ-ыг цэргийн салбарт хамгийн их нөөцтэй ч  Хойд Солонгос бол яаралтай арга хэмжээ авах шаардлагатай заналхийлэл. Вашингтон Пхеньяны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой. Цэргийн хүч хэрэглэхийг сэтгэшгүй зүйл мэтээр ярьдаг хүмүүс цөөнгүй бий. Сэтгэшгүй зүйл гэвэл Хойд Солонгост  АНУ-д цөмийн цохилт өгөх боломжийг олгох явдал. Энэ чинь нь л харин миний хувьд тааварлашгүй” гэжээ. ОХУ-ыг  АНУ-ын гол дайсан гэж үзэх америкчуудын тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэнийг “Gallup” компанийн олон нийтийн санал асуулга харууллаа. Санал асуулгаас харвал Оросыг гол дайснаа гэж үзэх америкчууд 18 хувь болжээ. Хоёр жилийн өмнө энэ үзүүлэлт нь дөнгөж  хоёр хувь, өнгөрсөн онд есөн хувьтай байсан. Москва, Вашингтон хоёрын зөрчил хурцадсан нь ОХУ-ыг АНУ-ын гол дайснуудын чансааны эхэнд авчирсан байна. Харин хоёрдугаарт нь Хойд Солонгос эрэмбэлэгдэв. Өмнөх гурван жилд чансааг тэргүүлж байсан Хятад, Иран хоёр энэ удаа ухарчээ. Санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Оросын цэргийн хүч нэмэгдэж буйг АНУ-ын гол аюул гэв. Түүнчлэн 41 хувь нь ноцтой эрсдэлд хүргэхээр биш ч аюултай  гэж харж байгаа аж. АНУ-ын эсрэг бусад аюул заналд террористууд багтжээ. Санал асуулгад оролцогчдын 84 хувь нь “Исламын улс” бүлгийг, 77 хувь нь Иран цөмийн зэвсэгтэй болж магадгүйг, 64 хувь нь Хойд Солонгосын цэргийн хүчийг ноцтой аюул хэмээв. Тэгвэл  Оросын ард түмний олонх нь АНУ-ыг мөн л хамгийн том дайснаа  гэж үздэг аж. “Левада”-гаас хийсэн судалгаанд оролцогчдын 72 хувь нь АНУ-ын зүгээс Орост дайсагнасан хандлага гаргадаг гэж хариулсан бол 48 хувь нь Украиныг, 29 хувь нь Туркийг гол дайснаа гэж үздэгээ илэрхийлжээ. Олон нийтийн санаа бодолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох нөлөө үзүүлдэг. Оросын хэвлэлүүд Америк, Украин зэрэг орнуудыг  алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн нэгэн адил аюултай гэж харуулдаг нь олон нийтийн санаа бодолд ийнхүү нөлөөлж байгаа гэж судлаачид тайлбарлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн “Showtime”  сувгаар нэвтрүүлж буй нэрт найруулагч Оливер Стоуны  бүтээж  байгаа баримтат кинонд ярилцлага өгөхдөө “Би барууны түншүүдийнхээ  логикийг тийм ч сайн ойлгодоггүй. Гэхдээ тэдэнд барууны ертөнц болон цэргийн эвслийг тогтоон барьж байхын тулд гаднын дайсан зайлшгүй хэрэгтэй байдаг юм шиг” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: https://www.themoscowtimes.com


URL:

Сэтгэгдэл бичих