Ээждээ бичсэн захидал: Ээжээ та минь эдгэрсэн

34

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17-р хороо: Б.Мөнхжин

 

ЭЭЖЭЭ ТА МИНЬ ЭДГЭРСЭН

Ээжээ энэ захиаг унших өдрийн мэндийг хүргье. Хүү нь жаахан юм эрэгцүүлээд л тандаа үг холбож сууна. Ээжээ та бүхнийг давж, гарчээ. Таны сэтгэлийн агуу их тэвчээр шүү дээ ээж минь. Таны эмнэлэгт хэвтсэн түүхийг хүү тань мэднэ. 1994-оны хувь заяаны тохуурхал тиймээ ээжээ. Та сэтгэгцийн эмгэг шизофрени сэтгэл гутрал гэх оншоор 25-н жил СЭТГЭЦИЙН ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, эмнэлгийн хараанд одоо хүртэл байгаа шүү дээ.  Уул нь та 1966 онд төрсөн тухайн үед 28-хан настай, эх баригч бага эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байсан гэхээр олон мянган хүүхдийг эх барьсан хүйн ээж шүү дээ. Тэр үед охин дүү минь өлгийтэй эгч минь хөлд орж  харин би мөлхөж байхад аав минь бид гурвыг аваад таныг орхиод явсан юм билээ. Хүү нь аавыг буруутгах гэсэнгүй ээ. Цаг үе хүнд байхад 3-н хүүхдээ өсөгсөн. Харин та минь төрүүлсэн. Алиныг нь ч буруутгах эрх бидэнд байхгүй ээ. Харин та эмнэлэгийн цонхоор хүүхдүүдээ хичнээн их үгүйлээ бол доо. Ээжээ багын дурсамжаа хүү нь санадаг юм. Таныг эмнэлэгт очиж эргэнэ гээд эмээтэй цуг хоол хийж очоод танд үнсүүлэхэд хамгийн жаргалтай үе. Гэвч та өнөөх л эмнэлэгтээ үлдэх нь хичнээн гуниг билээ дээ. Нэг л мэдэхэд ниссэн шувуу эргээд ирдэг шиг эрийн цээнд  хүү тань хүрч таныгаа хайж, тантайгаа амьдрахаар хөдөө нутгаас ирлээ. Тэр үед та ганцаарханаа зуслангийн байшинд сэтгэл тань жиндчихсэн, санаа тань даарчихсан, уйлах инээхийн хооронд уймарч дэмийрсэн байсан шүү дээ. Хүүгээ хараад баярлаж тэврээд, хүүгийнх нь нулимс дотогшоогоо урссансан. Ахиж дэргэдээс тань холдмооргүй ангир уурган тань бялуурсан болохоор атгахан чихэртэйгээ ирсэн амтархан идээрэй амьд бурхан ижий минь гэж дотроо сүсгэлсэн. Таны минь бие өвдөх үед түргэний машинд эмнэлэгт хэвтүүлэхээр сандран явахдаа амьдралын утга учрыг бодож явдаг байж дээ хүү нь. Тэр цагаас хойш 15 жил өнгөрчээ. Сүүлийн 3-н жил та огт эмнэлэгт хэвтсэнгүй. Бүүр баярламаар шүү ээжээ. Уул нь та жилдээ 2, 3-н удаа өвдөөд хэвтчихдэг.Харин одоо та эв эрүүл болчихсон гэж хүү нь сэтгэж сууна. Бодож үзэхнээ хүү минь үргэлж хажууд байдаг, хэзээ ч орхихгүй, хангалттай намайг аваад явчихна гэсэн цаг хугацааны шалгуурт олж авсан бат итгэл тань, таныг минь ийм сайхан болгожээ. Хүү нь үүнийг л танд хэлэхийг хүссэн. Ахиж  элгээ бэтгэртэл та хүүгээ харуулдан хүлээхгүй таныхаа л хамт байна.Та минь бүрэн эдгэрсэн ээжээ. Өглөө бүр та цай чанаж, орой хүү нь ирэхэд халуун хоол хийчихсэн инээгээд угтдаг. Мундаг шүү миний ээж. Өдөр бүр таныхаа өмнө мөргөж, үнсүүлж, тандаа тэврүүлж ажилдаа явах ямар их буяны ерөөл вэ ээж минь. Харин ээжээ танаасаа гуйя. Ээжтэйгээ өтлөх сайхан дууны үг шиг хүүтэйгээ хамт өтлөөрэй . Энэ л хүүгийнх нь хүсэл юм шүү.

Энэхүү захиагаа үеийн залуустаа ээжийгээ хайрлаж яваарай, ачийг нь хариулж чадахгүй ч гэлээ, хажууд нь байснаараа сэтгэлийн жаргалыг эдлүүлээрэй гэж бичлээ.


URL:

Сэтгэгдэл бичих