ЭМЯ: Тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ дахин 14 хоног тусгаарлагдах журам гаргалаа

CC68DFA8-F684-49CB-822C-15A6237D7B65

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Мэдээлэл хийснээс 24 цагийн дотор 177 оронд бүртгэгдсэн байна. Африкийн орнуудад өвчлөл нэлээн тархсан байна. Өчигдрөөс Турк улсад өвчлөл тархах нь нэмэгдсэн байна. Итали, Испани, АНУ, Франц зэрэг улсуудад өвчлөл эрчимтэй нэмэгдсээр байна.

Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ дахин 14 хоног тусгаарлагдах журам гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүллээ. ДЭМБ-аас яаралтай хурал, зөвлөгөөн, семинарыг онлайнаар хийж, аль болох олон хүн цуглуулахгүй байхыг анхааруулж байна. Азийн улс орнуудын өвчлөлийн тархалт бууж байсан боловч дахин дэгдэж эхэлж байна. Тиймээс халдварын тархалт гайгүй болж байна гэж ерөөсөө бодох хэрэггүй. Урьдчилан сэргийлэх авах арга хэмжээнүүдээ сайтар авсаар байх хэрэгтэй. Амны хаалтаа дүүж, гараа сайн угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулсаар байна. Ухань хотод сүүлийн гурван хоногт өвчлөл бүртгэгдсэнгүй. Энэ нь ариун цэврээ сайн сахисантай холбоотой. Тиймээс бусад улс орнууд Ухань хотын арга туршлагыг дагаж мөрдөж байна.

Иргэд гадуур явж ирээд гараа угааж байгаа шигээ хоолойгоо байнга зайлах хэрэгтэй байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ”Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд 1963 иргэн байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар иргэд их орж ирж байна. Энэ нь оюутнуудын хичээл сургууль амарсантай холбоотой. Тиймээс бид иргэдээ татах ажлаа хийж байна.

Тусгаарлан ажиглах байруудыг нэмэгдүүлэх, гэрээр тусгаарлагдах иргэдэд хяналт тавих зэрэг асуудлыг ярилцсан байгаа. Хавар болж байна. Орчны халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн хийх асуудлыг ч мөн шийдүүлсэн” гэлээ.

Б.Аз


URL: