Сайн дурынхныг дайчилъя

712-158491908863d02bd1d603b1f1893dc0656b555c0c_x3Монгол Улсад коронавирусын 10 тохиолдол бүртгэгдээд байна.  Өчигдөр ЭМЯ-наас өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмнэлзүйн эмчилгээнүүд үр дүнгээ өгч эхэлсэн хэмээн мэдэгдлээ. Харин олон улсад нөхцөл байдал хүнд байна. ДЭМБ-ын өчигдрийн мэдээлэлд коронавирусын халдвар 188 оронд бүртгэгдсэн.  Үүний 70 гаруй хувийг Европ тивийн улс орнууд эзэлж байна.  Түүнчлэн коронавирусын халдвараар 6000 орчим хүн нас барсан хэмээн дурджээ.

Дэлхий нийтийг түгшээсэн энэ тахалыг монголчууд өөрсдийн хэмжээнд, сонор сэрэмжээ алдахгүй, хохирол багатайгаар даван туулахыг хичээж байна. Дээрх 10 тохиолдол нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн.  Төр засгаас халдвараас урьдчилан сэргийлэхээр шуурхай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  Гэвч халдварын голомтод ажиллах эмч мэргэжилтнүүд,  боловсон хүчний асуудал тулгамдаж эхэллээ.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргав.  АШУҮИС-ийн резидент эмч нарын үйл ажиллагааг татан буулгах шийдвэр гаргасан нь онц байдлын үед олны анхаарлыг татлаа.
Тус мэдэгдэлд  “…Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман  товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. Тэд урсгал хөдөлгөөний тандалт судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд зориулалтын дулаан хувцас, амны хаалт, бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа.
Гэвч “АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна” гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байна” гэжээ.
Ийнхүү халдварын нөхцөлд асуумж бөглүүлж, халуун үздэг эхний шатны мэргэжилтнүүд маань цалингаа голоод эхэлжээ.  Тэгвэл дараагийн ээлжинд бид хэнд найдах хэрэгтэй вэ.  Өөрсдөө л найдах цаг иржээ. Олон Улсад тэр дундаа ОХУ-д анхны шатны нэгжид сайн дурынхан ажиллаад эхэлсэн.  Манай улсын тухайд ч болохгүй юм байхгүй.   Халдварын нөхцөлд ажиллах хүсэлтэй сайн дурынхны бүртгэлийг эхлүүлсэн нь зөв байх.  Сайн дураараа ажиллая, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад хувь нэмэрээ оруулъя гэх мэргэжилтнүүд ч эхнээсээ дуугарсан.  Улмаар тэтгэвэрт гарсан иргэний нийгмийн салбарынхан, оюутан залуучууд гээд сайн дурын үйлсэд нэгдэх “арми” босоод ирнэ.
НҮБ-аас сайн дурын үйлсийг бүх нийгэмд буй хүч чадвартай, бас энэрэнгүй байхын үндсэн эх сурвалж гэж тодорхойлжээ. Олон улс оронд бэрхшээл зовлон тулгарсан цагт иргэд нь нэгдэж, сайн дураараа хүч хөрөнгө, мэддэг чадвараа дайчлан, хамтран тэмцэж чадвал гай зовлонг хохирол багатай даван туулсан жишээ олон бий. Онцлог нь сайн дураараа хүнд туслахыг хэн ч шахаж, албаддаггүй, цалин хөлс амладаггүй. Тухайн хүн зөвхөн өөрийн хүсэл эрмэлзлээрээ, чин сэтгэлээсээ ажилладаг учраас сайн дурын ажил илүү бүтээмжтэй ч байх нь бий.  Өөрөөр хэлбэл туслуулж байгаа хүнээс илүү тусалж байгаа нь баярладаг ийм үйлс юм.
Сайн дурынхан гэдэг үгийг анх 1755 онд Европын орнууд өөрийн хүсэлтээр армид элсэж, дайнд оролцохыг хүсэгчдийг бүртгэхэд хэрэглэжээ. Яваандаа байлдаж буй цэргүүдэд туслах, хувцас оёж, хоол хийх, шархтагсдыг эмчлэх, асарч сувилахад сайн дураараа ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болсон. XX зууны эхээр сайн дурын үйлс зохион байгуулалттай өрнөж эхэлснээр эдүгээ бидний сайн мэдэх “Ротари интернэйшнл”, “Лайнс Клаб интернэйшнл”, “Салвэйшн арми” зэрэг байгууллага үүссэн юм.
Тэгэхээр манай улс ч байгалийн гамшиг, халдварт өвчин, гал түймэр зэрэг элдэв осол гарсан цагт сайн дурынхныг оролцуулдаг тогтолцоог бий болгох цаг болсон гэдгийг коронавирусын халдварын цаг үе харуулж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: