ГХЯ: Гадаадад байгаа монголчуудаа чартер нислэгээр авчрах эсэх нь тодорхойгүй байна

21

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн ”Өчигдөр ЗГ-ын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор орж байгаа хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагаас түр зогсоох, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа хөдөлгөөнийг 28-ны өдрийн 06.00 цагаас зогсоох, ариутгал халдваргүйжлэлтийг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хийхээр тогтсон байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэдийг 14 хоног гэрт нь тусгаарлана. Хэрвээ дүрэм журмыг дагахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэв.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлж, ихэнх улс орнууд хилийн хориг тавиад байна. Тиймээс манай улсын иргэд эх орондоо ирэх нь хумигдаад байна. Он гарснаас хойш манай улсын 21 мянга гаруй иргэн эх орондоо ирсэн. ГХЯ-ны судалгаагаар хилийн чанадад 80 гаруй улсад 190 мянга гаруй иргэн бий. Бид Элчин сайдын яамаараа дамжуулаад тухайн улс оронд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сэрэмжлүүлэг, дагаж мөрдөх ёстой журмыг тухай бүр иргэдэд түгээж байна. ОХУ гадаад улсад ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх, БНХАУ гадаадаас ирж байгаа бүх иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тиймээс ОХУ, БНХАУ-аас дамжиж эх орондоо ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа монголчуудаа чартер нислэгээр авчрах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс гадаадад байгаа монголчууд болон энд байгаа ар гэрийнхэнд нь тайван байхыг сануулж байна. Худал ташаа мэдээлэлд автаж, айж сандрах хэрэггүй. Суугаа орныхоо дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй.

Чартер нислэгийн асуудлыг хүмүүс их сонирхож байна. Улмаар ГХЯ болон МИАТ-д өргөдөл ихээр ирж байна. Ингэх шаардлага байхгүй. Бид өргөдлийг хүлээж авахгүй. Хэрвээ нислэг үйлдэгдэх нь тодорхой болвол тухайн иргэн гадаад улсад зорчихдоо тасалбар, тийзээ яаж авдаг тус журмаараа л авна. ГХЯ-нд олноороо ирээд Япон, Солонгос явмаар байна гээд эмх замбараагүй байдал үүсгэх гээд байна. ГХЯ болон УОК-ын Шуурхай штаб дээр гадаад явах иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг дахин хэлье” гэлээ.

Б.Аз


URL: