Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага

49

У.Хүрэлсүх МАН-ын, С.Эрдэнэ АН-ын дарга. Улс төрд явсан цаг хугацаагаар “ахмад” нь С.Эрдэнэ. Албан тушаалын карьерын өсөлтөөр өнөөдөртөө “том” нь У.Хүрэлсүх. Хоёулаа тэмцэх чадвар сайтай улстөрч. Улс төрийн энэ урт намтартаа тэд юу эсийг үзэж, ард түмэн тэдний тухай юу эсийг мэдэх билээ. Харин нэгэн үйл явдлын зөрүүтэй байр сууринаас У.Хүрэлсүхийн улс төрийн эр зоригийг, С.Эрдэнийн улс төрд болоогүйг харлаа.

Баримт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр “Хүний нутагт түгжигдсэн, мөнгө төгрөггүй, орох оронгүй, өвчин зовлонтой иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулийн эрхтэй. Коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгааг би мэдэрч байгаа” гэв. Тэр “мэдэж байна” гэж улс төрийн дүгнэлт хийсэнгүй. “Мэдэрч байгаа” гэжээ. “Мэдэж байна”, “мэдэрч байгаа” гэх хоёр хэлц нь үүд, хоймрын зай шиг заагтай утгатай, үг сонголтын ялгаатай.

Баримт: АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрбээр “Цар тахлын аюулыг дотооддоо биш, гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаатай санал нэгдэхгүй. Гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Тэдний эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн, эрх мэдэлтнүүдийн ар гэрийг хамгаалах нь чухал уу” гэж мэдэгдлээ. Энэ бол хэн ч харсан улс төрийн мэдэгдэл. Хардвал сонгууль угтсан улс төр. Учрыг дэлгэрүүлье.

Коронавирусийн халдвар Уханьд эхэлснээс хойш улс орнуудын өмнө хоёр сонголт ирсэн. Эхнийх нь, хүнээ аварч үлдэхийг нэгд эрэмбэлэх. Нөгөө нь, эдийн засгаа авч үлдэхийг нэгд эрэмбэлэх. Монгол Улс эхний хувилбарыг сонгов. Эсрэгээрээ, АНУ, Европын зарим улс орон эхэндээ эдийн засгаа нэгд, хүнээ хоёрт тавьж эрэмбэлсэн учраас цаг хугацаа ч алдсан, олон зуун иргэнээ цаг бусаар алдаж буйг бид харж, уншиж байна.

Харин Монгол Улс, Монголын Засгийн газар босгож яваа эдийн засгаараа “туг тахиад” хүнээ, иргэдээ аварч үлдэхийг илүүд, нэгд эрэмбэлсэн юм. Өвчингүй байвал эдийн засгийг босгож болно, алдсан цаг хугацааг нөхөж болно гэж үзсэн хэрэг. Тийм ээ, хүн нь илүү эрхэм. Хүн бол өөрөө эдийн засгийн эхлэл. Энэ нь өвчингүй байхад болно, эрүүл явбал улсын наадам үзнэ гэх монгол философи. Үүнийхээ хүчинд Монгол Улс өнөөдөр “Ковид-19”-ийн өвчлөл тарсан 173 орноос ганцаараа шахуу дотооддоо халдвар хараахан алдаагүй улс болж явна. Илрээд буй тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, одоогоор дотооддоо тархааж алдаагүй байна. Энэ бол баярлахад эрт ч, бас чамлахааргүй, төр засгийн хийснийг, ядаж л карантин дотор өөрөө карантилагдан ажиллаж буй олон зуун эмч нар, онцгойгийнхон, гадаад яамныхны хүнд нөхцөлийн, хүнд ажлыг үгүйсгэж болохгүй амжилт юм.

Гэтэл харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн түүхэнд дангаараа болон хамтран засаглаж явсан АН-аас “иргэдээ эх оронд нь авчирсныг буруутгасан” мэдэгдэл хийсэнд гайхмаар. Бүр цочирдмоор. Зарим хүн “нам хамаагүй, С.Эрдэнийн хувийн байр суурь” гэх байх. Үгүй ээ, энэ бол АН-ын байр суурь гэж уншихаас өөр хувилбаргүй. Ерөнхий сайдад ч, АН шиг нийгэмд нөлөө бүхий том намын даргад ч хувийн байр суурь, хувь хүний эрх, эрх чөлөө гэж бараг байдаггүй юм. Намын дарга хүний үг, үйлдэл бүр нь намын байр суурь болдог нь онол хийгээд амьдрал. Ардчилсан засаглалтай улс оронд нам бол намын даргынхаа фэн клуб байх бололцоогүй. Тэр тусмаа дотоод ардчиллаараа МАН-аас илүүтэй задгай тоглолт бүхий АН-д намын дарга нь хувийн бодлоо яриад явах ямар ч боломжгүй. Үүнийг өнөөдөртөө Ерөнхий сайд болоогүй ч, 2020 онд нам нь ялбал энэ суудалд очих хамгийн боломжит албан тушаалыг хашиж буй, 1990 оноос хойш завсаргүй шахуу Монголын улс төрийн дээд лигт яваа, УИХ-д хэдэнтээ сонгогдож төрийн сайдын тамга атгаж явсан С.Эрдэнэ л мэдэхгүй байв гэж. Тэр мэдэхийн дээдээр мэднэ. Тийм учраас л хүний эрх, эрх чөлөөг дээдлэх суурь үнэт зүйлтэй ардчиллыг Монголд анх авчрахад манлайлсан АН 30 жилийн дараа, өнөөдөр “эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулийн эрхээ эдлэх” гэсэн монгол иргэдийнхээ эсрэг мэдэгдэл хийсэнд харамсахаас аргагүй. Тэд, энэ нам вирустсэн мэт танигдахгүй болжээ л гэе.

АН-ын мэдэгдлийг яагаад буруутгаж буйг ойлгох амархан. Энгийнээр хэлье. Ам бүлийнх нь гишүүн гэртээ ирье гэв. Оруулахгүй гээд хаалга үүдээ түгждэг айл өрх байхгүй. Лавтайяа монгол ёс заншил, монгол хүний жудаг биш. Монголчууд цайлаад яваг гээд замын хүнд хүртэл хаалга үүдээ цоожгүй орхиод явдаг болохоос халуун ам бүлийнхээ өмнө түгждэггүй. Монгол Улс бол нэг өрх айл. Гурван сая монголчууд нэг ам бүлийнхэн. Ялангуяа амьд үлдэх, аюул багатай давах гэсэн цар тахлын ийм эгзэгтэй цаг үед эх орондоо байгаа нь монгол хүн, гадаадад байгаа монгол бол монгол хүн биш гэсэн ялгаварлалт байж болохгүй. С.Эрдэнэ даргын хардаж хэлснээр, /нэр ус хэлээгүй учир хардлага гэж ойлгов/ эрх мэдэлтнүүдийн ар гэр ч гэсэн адилхан монгол хүн, Монгол Улсын иргэд. Иймд эх орондоо ирье гэсэн монгол паспорттай иргэн бүрээ авчрахын төлөө ажиллах нь Засгийн газрын үүрэг. Хэрвээ ийм цаг үед л иргэнээ хамгаалж чадахгүй бол тусгаар улс, төрт улс гэж байхын хэрэг юу билээ. Ийм цаг үед л иргэдээ авчирч, аварч чадахгүй юм бол энх цагт тэднээс татвар авч, татвараар нь цалинжихаасаа төр, төрийнхөн ичих хэрэгтэй. Яг “Ковид-19”-ийн улмаас эх оронд нь ирүүлэхгүй, оруулахгүй гэж мэдэгдэн өөрийн иргэдийнхээ өмнө хаалга үүдээ түгжсэн нэг ч улс орон алга. Анхных нь “Монгол Улсыг бол” гэж АН-аас шаардаагүй гэж л найдъя.

Эдийн засаг нь хүндэрсэн, бүр дампуурсан улс орнууд цөөнгүй. Харин иргэнгүй төр улс гэж байхгүй. Аливаа төр оршин байх тулгуур хоёр баганын нэг нь газар нутаг, нөгөө нь иргэд. Өрөөсөн баганатай төр гэж дуулаагүй. Төр, засаг нь улс орноо батлан хамгаалах үүрэгтэй. Батлан хамгаалах тэрхүү “улс орон” гэдэгт нь ганц газар нутаг биш, иргэдийнх нь амь нас, аюулгүй байдал ч багтдаг.

“Ковид-19” бол улстөрждөг сэдэв биш. Энэ өдрүүд бол улстөржиж суух учиргүй, цар тахлын эсрэг нийтээрээ хичээх онцгой үе. Аюулын ард хохирол багатай гарч л байвал алга ташихад ч, шүүмжлэхэд ч оройтохгүй. Тахлын өөдөөс тулж байгаа гол хүмүүсийнхээ ажилд нь садаа болохгүй байх шиг сайн тус өнөөдөртөө бидэнд алга. Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага. Дэлхий нийтийг хамарсан, амьд үлдэх, эсэх сонголт хэний ч өмнө хэзээ, хэзээгүй ирж мэдэх ийм цар тахлын дэргэд Монголын улс төрийн сонгууль бол гэрийн л хэрэг. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад бол бүр гэрийн хэрүүл. Төрийн хэрэг, гэрийн хэрүүлээ ялгая, тэвчье. Улс төрөө зөв цагт нь эрүүлээр хийе. Улс төр бол иргэдээ нэгтгэх урлаг болохоос иргэдээ ялгаварлан гадуурхах, иргэдийнхээ эсрэг иргэдээ турхирах уриалга байж болохгүй.

Дахин хэлье, энэ цаг үед эх орондоо байгаа нь монгол хүн, гадаадад буй монгол нь монгол хүн биш гэсэн ялгаварлалыг тэвчихгүйн учир бичив.

Бэлтгэсэн: Г.Отгонбаяр

Өнөөдөр сонин


URL: