Хэрхэн “сонгуульдах”-ыг Цэц шийднэ

10364

Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хууль бүр Үндсэн хуулийн Цэцээр заавал шүүгддэг бичигдээгүй хуультай. Энэ “хууль” 2020 оны сонгуулийн өмнө ч үйлчлэх нь нэгэнт тодорхой болжээ.

Сонгогчид төлөөллөө сонгож, УИХ-ыг хэрхэн бүрдүүлэхийг эцэслэн шийддэг ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь бий. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах гэж байсан ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу өөрчлөгдөж жижиг 76 тойргоор сонгууль явуулж, одоогийн парламентыг бүрдүүлсэн. Одоо сонгуулийн тогтолцоон дээр маргаан гарахгүй байгаа ч УИХ-ын сонгуульд ямар намууд оролцох, цаашлаад хэн хэн парламентад суух нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс хамаарахаар байна. Учир нь, УИХ-ын сонгуульд ямар нам оролцох, ямар хүн нэр дэвшихтэй холбоотой хэд хэдэн заалтаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байгаа юм.

УИХ-ын сонгуульд ямар шаардлага хангасан нам оролцох вэ?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн заасан бол 28.3.1-д “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” гэж заажээ. Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас УИХ-ын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна.

Дээрх хоёр заалтын эхнийхээр бол 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарласнаас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй гэсэн үг. Үүний дагуу бол одоо Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 36 намаас нэг нь л УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгууль товлон зарлагдсанаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн нам.

Нөгөө заалтаар нь бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандахаас өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцож болохоор байна. Нам, эвслүүд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам ч УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж ойлгогдохоор. Энэ хоёр хугацааны алийг нь баримтлахыг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх юм.

Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшиж болох эсэхийг Цэц хэлэлцэхээр болжээ

УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдах үед хамгийн их маргаан дагуулсан заалт нь 30.8 буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт. Энэ заалттай холбоотой хэд хэдэн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан даруйд иргэн А.Кадырбек энэхүү заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан. Мөн гавьяат хуульч Ц.Шаравдорж уг заалттай холбоотой гомдлоо Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн юм.

Хэрхэн “сонгуульдах”-ыг Цэц шийднэ

Цэцэд гомдол хүргэсэн хүн нь гавьяат хуульч Ц.Шаравдорж боловч жинхэнэ гомдогч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Ямартай ч энэ гомдлоор маргаан үүсгэж, Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэдгийг Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүй хэллээ.

Иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан тохиолдолд Цэцийн дарга тухайн гомдлыг нь аль нэг гишүүндээ хуваарилж маргаан үүсгэх шаардлагатай эсэхийг нь судлуулдаг. Маргаан үүсгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор Дунд суудлын хуралдааныг товлон зарладаг юм. Харин Цэцийн гишүүн иргэний гомдлыг судлаад маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд тухайн иргэд дахин Цэцэд хандаж гомдлоо Бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргадаг.

Сонгуулийн тухай хуультай холбоотой 10-аад гомдол ирсэн

УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой гомдлуудыг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэж байгааг Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүйгээс тодрууллаа.

Хэрхэн “сонгуульдах”-ыг Цэц шийднэСонгуулийн тухай хуультай холбоотой 10-аад гомдол Үндсэн хуулийн Цэцэд ирсэн. Цэцийн гишүүд судлаад маргаан үүсгэчихсэн байгаа. Маргаан үүсгэхээс татгалзсан, Бага суудал хуралдуулсан тохиолдол гараагүй. Нэг асуудлаар олон иргэн тус тусдаа гомдол гаргасан. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял сонсож байсан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхийг хориглосон заалтаар олон хүн тус тусдаа гомдол гаргасан. Тиймээс иргэдийн гомдлыг агуулга тус бүрээр нь нэгтгээд Дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ер нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудал хуралдах нь тодорхой болсон гэсэн үг. Үндсэн хуулийн Цэц цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулсан, олон хуралдаан хойшлуулсан, иргэдийн өргөдөл, мэдээллийг хав дарсан зүйл огт байхгүй. Энэ аюулт өвчнөөс сэрэмжилж Монгол Улсын төрийн холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг бүх байгууллага, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх ёстой. Үүнээс хараат бус байх эрх Цэцэд байхгүй. Дунд суудлын хуралдааныг зөвхөн Цэцийн таван гишүүн ширээ тойрч суугаад, цомхон бүрэлдэхүүнтэй хийдэг мэтээр зарим хүн ойлгож, тайлбарлаад байх юм. Тийм биш. Цэцийн гишүүдээс гадна техникийн үйлчилгээ үзүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх, дэг сахиулах зэргээр бэлтгэл ажил, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй Тамгын газрын ажилтнууд ч байлцдаг. Түүнээс гадна маргагч талууд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шинжээч, хэвлэлийнхэн гээд хамгийн багаар тооцоход 20 гаруй хүн дунд суудлын хуралдаанд оролцдог. Шаардлагатай бол гэрч, орчуулагч, тусгай мэргэжилтнийг оролцуулах журамтай. Ер нь Цэцийн хуралдааны танхим 70 гаруй хүний суудалтай. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан танхим дүүрэх, нэмж суудал тавих тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс олон хүн хуралдаанд оролцуулж, эрсдэл үүсгэхгүй байхыг чухалчилж нэг удаагийн хуралдаанаа одоо үүсээд байгаа халдварт өвчний нөхцөл байдлыг арилтал түр хойшлуулсан.

ЭХ СУРВАЛЖ: С.ШИЙЛЭГТӨМӨР, EAGLE.MN

http://eagle.mn/r/70325


URL: