Сонгууль хойшлуулах нь хэнд ашигтай вэ?

192

УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан нь зөвхөн Ерөнхийлөгчийн байр суурь бус эрх баригч намын ч хүсэл сонирхол байсан бололтой. Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ирэх сонгуульд ЖДҮ-чдээсээ сална, тэднийг нэр дэвшүүлэхгүй” гээд хэлчихсэн. Улмаар нэр цэвэр, шинэ залуу улстөрчдөөр эгнээгээ бэхжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаардана. Тийм ч учраас сонгууль хойшлуулах замаар хугацаа хожиж, хаана хаанаа ашигтай нүүдэл хийе гэсэн тохироог ҮАБЗ-ийн гишүүд хөшигний ард хийсэн байх талтай юм.

Мэдээж энэ уриалгыг эрх баригч нам өөрөө гаргавал тэнэг хэрэг болно. Харин Ерөнхийлөгчөөр гүйцэтгүүлсэн нь нийгэм болон нам дотроос ирэх галыг намжаах мэргэн санаа байлаа.

МАН-ын даргын хувьд цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгаа. Сонгууль тулчихаад байдаг. Хулгайч луйварчдаасаа сална гээд амлачихсан байдаг. Өмнө нь өөрийн засгаа тонгорч хоёрдугаар ээлжийн танхим байгуулсан учраас бүхэл бүтэн гомдогсдын арми жагсчихсан байгаа. Одоо тойргийн хуваарилалт дээр хэнийгээ сайн, муу гэх вэ? Тэр бүгдийг эвтэйхэн зохицуулах хэцүү. Тэгэхээр сонгууль хойшлуулах замаар амьсгаа авч, улмаар шинэ Үндсэн хуулийн заалтаар тавдугаар сард Засгийн газраа огцруулж, давхар дээлүүдээ тайлсан, мэргэжлийн сайдуудтай болсон нэр зүүх нь хал балгүй, хэл амгүй арга.

Эс бөгөөс эрх баригчдад дааж давшгүй бэрхшээл байна. Цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаараад сонгуулийн кампанит ажлыг өргөн цар хүрээнд нээлттэй зохион байгуулах боломж алга. Мөрийн хөтөлбөрийн биелэлт ч ам бардам хэлчихэд хүндрэлтэй.

Тиймээс хийж бүтээлээ гэхээс илүүтэй өмнөх засгийн үед бий болсон эдийн засгийн хямралыг даван туулсан, цар тахлын аюулаас улс орноо хохирол багатай авч гарлаа гэх мэт өнцгийг барина.

Өрсөлдөгч бусад хүчнүүд байр сууц, цалин цавуу гээд иргэдийн анхаарлыг хүчтэй татах болсон тул сонгууль хойшлуулах нь МАН-ын хувьд, тэр дундаа цөөн даргын хувьд нэн ашигтай хувилбар гэдэг нь тодорхой байна. Харин олон нийт хийгээд улс төрийн хүрээнд “Ерөнхийлөгч онцгой үеийг далимдуулан хаан болох гэлээ” гэсэн сүржин хардлагаас давсангүй.

Д.Үлэмж


URL: