Долларын шинэ урсгал нээж байж л тахлын эдийн засгийн хямралыг мэнд давна

10513

-Сонгуулиар  бүрдэх  шинэ засагт Тахлын дараа тоглох хөзөр үлдсэн үү?

Математик прогрессоор өсч буй COVID-19 дэлхийн эдийн засгийг орвонгоор нь эргүүлж байна. Хүн төрөлхтөн “тахлын үеийн эдийн засгийн хямрал” дунд аж төрөөд хэдэн сар болчихлоо. Үйлдвэрлэгчид нь үйлдвэрээ хааж, хэрэглэгчид нь гэртээ нам бүгсэн өдрүүд хэдий болтол үргэлжлэхийг эрдэмтэн шинжээч, эмч судлаачид өнөөхөндөө янз бүрээр таамаглацгааж сууна. Цаг хугацааны энэ тодорхойгүй байдал төр засгийн толгойд буй  эрх мэдэлтнүүдийн хувьд  шийдвэр гаргахад нь хүндрэл учруулж байна. Дэлхийн эдийн засагт эрэлт, нийлүүлэлт аль аль нь зэрэг тасалдсан хямрал энэ зуунд лав тохиогоогүй. Монголын түүхий эд, герман технологи, англи мөнгө, америк менежмент нийлээд Хятадад бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж буцаад дэлхий даяар тардаг болчихсон глобальчлалын энэ эрин үе дэх цар тахлын нөлөөг бүрэн тооцоолж таамаглах нь маньд байтугай дэлхийн томчуудад ч хүндхэн сорилт болж байх шиг байна.

Ямартай ч урьдчилсан сигналуудаас анзаарахад цар тахлаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт 0 хувьд очих, ихэнх улсын ДНБ хасах руу уруудах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой болчихлоо. Бүр тодруулбал вирусийн эсрэг вакцин, эм гартал  халдварын тархалт буурахгүй, дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэхгүй. Цэнхэр гаригийн  том үйлдвэрлэгч буюу гол нийлүүлэгч нь Хятад.  Жилдээ зургаан хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж суусан энэ аварга эдийн засгийн нэгдүгээр улирлынх нь үзүүлэлт хасах хоёр хувьтай гараад байна. Энэ бол шок. Шинжээчдийн зарим нь Хятадын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь гэж тооцсон  бол халдварын эхний давлагааг барьж чадсан урд хөршийн эдийн засгаа сэргээх чиглэлд хийж буй алхмуудыг ажиглаж суугаа нөгөө хэсгээс таван хувь руу өгсөнө гэсэн өөдрөг таамаг ч дуулдаж эхэллээ.

Гэхдээ Хятадын эдийн засаг дажгүй өсч, үйлдвэрлээд эхэллээ гэхэд хэрэглэгчид нь худалдаж авах уу гэдэг асуултын хариу өнөөхөндөө бүрхэг бүүдгэр байгаа. Том худалдан авагчдын нэг болох  АНУ гэхэд л өнөөдөр цар тахлын тархалтаараа дэлхийд тэргүүлж яваа.  Хэдий хугацааны дараа тархалтыг хяналтдаа оруулж чадах нь тодорхойгүй байна. Хятад хичнээн үйлдвэрлэлээ ч худалдан авагч байхгүй бол глобаль эдийн засгийн эрэг шураг хоорондоо таарч, эрэлт нийлүүлэлтийн механизм дахин ажиллаж эхлэх боломж бүрдэхгүй. Тэгэхээр коронавирусийн дэлхийн  эдийн засагт өгсөн цохилтын нөлөө тийм амархан арилахгүй нь.

Энэ үед бид яах вэ, хямралаас яаж зөөлөн газардах вэ? Ажилчдаа цомхотгосон компаниудын хувь хэмжээ ганцхан  сарын дотор 30 хувийг давчихлаа. Ахиад сарын дараа хэд болж өсөхийг өнөөхөндөө таах аргагүй. Өндөр хөгжилтэй улсууд шиг компаниуддаа их мөнгө тарааж ажлын байраа хадгаллаа гэхэд л их удаж ирэх намар хүртэл тэсэх нөөц бий. За тэгээд өвлийн хүйтэн залгачихаар гал алдахгүйн тулд яах вэ, талх тариагаа бэлдэж хурааж амжих уу гэсэн асуултууд шил дарна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд гээд нийгмээрээ энэ асуултад хариу, шийдэл хайцгааж явна. Учир нь коронавирусийн нөлөө өрх бүрд нөлөөлж, иргэдийн халаасыг аль хэдийнэ тэмтрээд эхэлчихсэн.

Дэлхий даяар Засгийн газрууд тахлын үеийн эдийн засгийн эхний шокыг сөргүүлж, тахлын дараах үр дагаврыг бууруулахад чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч байна. Монголын Засгийн газар ч дэлхийн улсуудтай хөл нийлүүлж шийдэл, шийдвэрээ гаргаад эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт иргэд, компаниудаа элгээр нь хэвтүүлчихгүйгээр COVID-19-ийн эхний давлагааг өнгөрөөхөд чиглэсэн таван  их наяд төгрөгийн дүн бүхий арга хэмжээ авахаа  зарласан нь нийгэмд эерэг мэссэж болов. Юутай ч Ерөнхий сайдын мэдэгдэл олны санаа зовнилыг дарж, ойрын хэдэн сард амсхийх боломж олголоо. Цагаа мэдэрч шуурхай шийдэл гаргасанд нь  Ерөнхий сайд таньд, таны ахалж буй багт баяр хүргэе. Цаашдаа ч цаг үеэ мэдэрсэн энэ мэт шуурхай  шийдэл гаргаад явна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эргэлзэж болгоомжлохгүй орхиж боломгүй нэг асуулт байна. Эрүүл саруул эдийн засгийг ч эмнэлэгт хэвтүүлж, сэхээнд оруулчих  дөхдөг сонгуулийн жил, COVID-19-ийн тархалт давхцах нь Монголд ямар нөлөө үзүүлэх, хэр хэмжээний  эрсдэл авчрах бол?

- Ирэх саруудад долларын ган  болох уу?

Долларын ган болох нь тодорхой гэж эдийн засагчид ам нийлүүлж байна. Бидний олдог долларын 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирдэг. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зараад олдог валютынхаа  тэн хагасыг бид нүүрсээ борлуулж олдог. Харамсалтай нь оны эхний гурван сард нүүрсээ экспортолж чадсангүй. Саяхнаас нүүрсний экспорт эхэлсэн тухай гэгээтэй мэдээ цацагдсан ч энгийн цагт өдөртөө 1200 машин гардаг Гашуунсухайтаар эхний өдөр нь 70-хан, хоёр дахь өдөр нь 30 ч хүрэхгүй машин нүүрс гарсан дуулдсан. Эскпортын нүүрсний бараг тал хувь нь гардаг Шивээхүрэн бүр таг, өнөөхөндөө ямар ч нүүрс гараагүй байна. Ариутгалын процесс энэ тэр гээд вирусээс үүдсэн асуудлууд нүүрсний экспортыг яст мэлхийн хурдаар  мөлхөхөд хүргээд байгаа юм билээ. Вирусийн тархалтаа хянаж чадсан урд хөрш бусад улсуудаас халдвар импортлогдож эхэллээ гэсэн шалтгаанаар саяхан хилээ хаалаа. Тэд ч, бид ч болгоомжилж байна. Үхлийн аюултай цар тахлын үе учраас ингэхээс өөр арга байхгүй. Ингээд харахаар нүүрсээ зарж олдог долларын урсгал огцом буурах, байдал эвгүйдвэл тасарч ч мэдэх эрсдэл нүүр тулаад ирж.

Гаднаас авдаг долларынхаа үлдсэнийг бид зэсээ экспортолж олдог. Оюу толгой, Эрдэнэт ажиллаж, экспорт хийж яваа ч 6500 ам.доллар давж байсан зэсийн үнэ 4600 руу уруудчихлаа. Оюу толгой гэхэд  сардаа 120 сая ам.долларын борлуулалт хийдэг. Ханш ингээд уначихаар сардаа 70-80 сая ам.доллар л олно гэсэн үг. Гаднаас орж ирэх доллар багаслаа гээд бид доллараар худалдаж авдаг шатахуун, хувцас, хүнс, ногоо, жимсний хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд бараг тэг болсон. Коронагийн үеэр долларын шинэ урсгал орж ирнэ гэж найдалтгүй. Ойрын хугацаанд баруунаас даацтай хөрөнгө оруулалт хийгдэх боломж хэтээсээ байхгүй. Ингээд харахаар ирэх саруудад Монгол улсад долларын ган нүүрлэх нь тодорхой болчихож.

 Доллар хомстох зовлонгоос гадна өөр нэг том асуудал хаалга тогшиж байгаа. Сонгуулийн өмнө маш их төгрөг эдийн засагт нийлүүлэгдэнэ. Ганц энэ жил ч биш өмнөх сонгуулийн жилүүдэд ч уламжлал болсон энэ үзэгдэл цар тахал нүүрлэсэн өнөө жил ч өөрчлөгдөхгүй нь өнгөрсөн долоо хоногт баталгаажсан. Сангийн сайдын төдийгөөс өдий хүртэл хэлсээр ирсэн “Төсөвт тодотгол хийхгүй” гэсэн үгийг Ерөнхий сайд давтаад хэлчихлээ. Жижиг дундуудаа, ноолуурын салбараа дэмжинэ, төсөвт туссан татваруудыг хойшлуулна гэх мэт мэдэгдэл мөнгө их хэмжээгээр хэвлэх бас нэг том шалтгаан болох нь тодорхой. Тэтгэврийн зээлийн тэглэлтэд гурав, дөрвөн зуун тэрбум төгрөг зах зээлд аль хэдийнэ нийлүүлэгдснийг уншигчид санаж суугаа байх. Сая хэлсэн шийдлүүдэд энэ хэрийн мөнгө зарцуулагдах болов уу. Товчхондоо зургадугаар сар хүртэл өндөр тоотой мөнгөн дүн бүхий төгрөг хэвлэх нь тодорхой байна.

Төв банкны ерөнхийлөгчийн дараагийн ажил нь долларын ханш. Мань эр “Долларын ханшаа сонгууль хүртэл барь” гэсэн даалгаврыг намаасаа авчихсан суугаад эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы үед овоо хэмжээгээр цуглуулсан алтны нөөц бий. Энэ нөөцөө шавхан барин долдугаар сард хүртэл ноён ногооны ханшийг хазаарлаж дөнгөнө гэдгээ Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч тооцоолчихсон яваа.

- Ногоон валютын ханш хэд хүрч “галзуурах” вэ?

За тэгээд сонгууль дууслаа, наадам дөхлөө, тэр үед долларын ханш хаа хүрч галзуурах  вэ? 2700-гаас 2900 болж өснө  гэж таамаглавал хэтэрхий гэнэн тооцоолол болно. Ханшийн шинжээчдийн хөшигийн ард хэлж буй тооцоогоор бол 4000, 5000 гэсэн аварга тоо дуулдаж байгаа.  Долларын ханш ингээд өсчихвөл жижиг дунд үйлдвэр, эгэл борчуудад маш хүнд тусна. Шуудхан хэлэхэд нийтээрээ ажилгүй, орлогогүй хэцүүдэх зураг харагдаж байна.

Тэгвэл одоо энэ таагүй эрсдэлтэй нүүр тулахгүй аж төрөх  ямар боломж байна вэ гэсэн асуултад хариу  хайя. Коронавирусын тархалтын улмаас дэлхийн эдийн засаг энэ хаваржин сэхээнд байх ч улс орнуудын авч буй эрчимтэй арга хэмжээний дүнд эхний тархалтыг нь хазаарлаж чадвал ирэх намраас сэргэлт авна гэх таамаг голлож буй. Өөрөөр хэлбэл их шуурганы дараа хэсэгхэн зуур тэнгэр цэлмэхтэй адил ирэх намраас дэлхийн эдийн засаг өндийж сэргэх явц эхэлж магадгүй нь. Өнөөдрийн хувьд улс орнууд эдийн засгаа аврахаар их хэмжээний мөнгө зарцуулсаар байна. Тэр нөлөөгөөр дэлхийн эдийн засаг  түр эрчимжих цагийг шинжээчид ирэх намар гэцгээж байгаа юм. Өдгөө улайчихсан, хасах гучин хувьтай яваа дэлхийн хөрөнгийн том захуудын уналт ирэх намар юм уу өвлөөс 10 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамаг дуулдаж байна.  Шинжээчид “Дараа жилийн нэгдүгээр сард дэлхийн хөрөнгийн зах зээл ногоорно” хэмээн ам нийлүүлээд эхэллээ. Шинээр бүрэлдэх Засгийн газрын ажил есдүгээр сараас жигдэрч таарна. Товчхондоо төгрөгийн ханшаа алдчихсан тэвдэж явах цагт дараагийн засгийн ажил эхэлнэ. Шинэ засгийн хувьд дэлхийн эдийн засаг сэргэх энэ таатай цагийг ашиглаж чадвал тахлын эдийн засгийн хямралыг мэнд давж чадна.

- Сонгуулийн дараах шинэ засагт доллар оруулж ирэх ямар хөзөр байна вэ?

Төгрөгийнхөө ханшийг шал арчуулахгүй гэвэл гаднаас  доллар оруулж ирэхээс аргагүй. Эхний гарц бол гаднаас хямд хүүтэй зээл авах. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сонгуулийн өмнө дүгнэгдэнэ. Амжилттай эхэлсэн энэ хөтөлбөрийн нөхцлүүд 2020 оны төсөв дэх сонгуульд чиглэсэн амлалтуудаас болж  бүрэн биелэх нь эргэлзээтэй байгаа. ОУВС Монголын Засгийн газрыг үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд гараад явчих тохиолдолд бидэнд итгэж мөнгө зээлэх хөрөнгө оруулагч олдохгүй. Саарал жагсаалт, зээлжих зэрэглэл гэсэн саад тээгүүд бас бий. Өнөөдөр В үнэлгээтэй яваа зээлжих зэрэглэл ирэх намар яаж уруудахыг таамаглах аргагүй. Зээлжих зэрэглэл өнөөдрийнхөөс дордвол ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас нэмж зээл авах боломж олдохгүй.

Хоёр дахь гарц нь улс хоорондын зээл байж болох ч Хятадаас өөр наашаа гэх улс олдохгүй гэсэн шалтгаан бий. Гурав дахь гарц нь хувийн хэвшлийнхэнд хамаарна. Худалдаа хөгжлийн банк, “МИК”, “Энержи ресурс” олон улсын зах зээл дээр бонд гаргаж  мөнгө босгосон туршлагатай. Гэхдээ цар тахлын хямрал хувийн хэвшлийнхэнд өмнөх шиг том дүнтэй мөнгө босгох боломж өгөхгүй гэж шинжээчид онцолж байна. Хувийн хэвшлийнхэн бүү хэл төр засаг ч бонд гаргахад хэцүү нөхцөл үүсээд байгаа. Дөрөв дэх гарц нь стратегийн түншлэгчтэй гар барих. Оюу толгой дээр туршчихсан загвар. Түншлэгчтэйгээ арваад жилийн турш хэл амаа ололцож үг хэлээ нэгтгээгүй, өнөөг хүртэл  хэлэлцээрийн ширээний араас босоогүй яваа болохоор ахиад бидэнд итгэх стратегийн түншлэгч олдоно гэдэг юу л бол. Улстөрийн зоримог шийдвэрээр том төслүүдээ хөдөлгөж доллар татах гарц байж болох ч тэгж зориглох улстөрч олдохгүй. Оюу толгой, Таван толгойг хөдөлгөсөн улстөрчид ташраараа эрүүгийн хэрэгт татагдсан болохоор улстөрчдөөс ямар нэг зоригтой шийдвэр хүлээгээд нэмэргүй нь илэрхий тодорхой асуудал.

Доллар босгох тав дахь гарц бол олон улсын нээлттэй хөрөнгийн зах зээл дээр аль нэг төслийнхөө хувьцааг арилжих. Дэлхийн хөрөнгийн зах зээл ногоорсон үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан бизнес төсөл санал болгож чадвал бидэнд боломж бий. Тэгвэл тийм төсөл бидэнд байна уу? Оюу толгойн дараа хөрөнгө оруулагчдын нүдийг унагахаар төсөл өнөөхөндөө Тавантолгой л байна. Товчхондоо хэцүүдсэн үед гаргаж ирэх ганц хөзөр маань. Оны сүүлээр юм уу ирэх жилийн эхээр Таван толгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр хийж чадвал доллараар ангасан эдийн засгаа амилуулж сэргээх боломж бий. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа авснаасаа хойш Таван толгойг IPO-д  бэлтгэхэд онцгой анхаарч эхэлснээ хэвлэлээр удаа дараа мэдэгдсэн. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах тийм амар ажил биш. Бүх бичиг баримт, санхүүгийн тайлан, дүрэм журмаа дэлхийн стандартын дагуу бэлдэх, тэр бүхэнд олон улсын зөвлөхүүдийн босго шалгуурыг давах гэж ирээд тоочвол урт хугацаа, нүсэр процесс шаарддаг. Олзуурхмаар нь IPO хийх том ажлын ихэнхийг нь нугалсан гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна.

- Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд?

Ерөнхий сайд саяхан Таван толгойн IPO-г энэ засгийн бүрэн эрхийн хугацаанд хийхгүй гээд мэдэгдчихлээ. Цар тахлаа яая гэж байгаа дэлхийд IPO байтугай ажлууд зогсолтын байдалд орсон болохоор гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм мэдэгдэл хийсэн байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дараа тахлын  эдийн засгийн  хүндрэлийг давах ганц хөзөр гэгдэж буй IPO хийх бэлтгэл ажлыг бүрмөсөн зогсоохгүй нь тодорхой. “Эрдэнэс Таван толгой”-н охин компани “Эрдэнэс Таван толгой майнинг”  олон улсын хөрөнгийн зах зээлийн шалгуур босгыг давахын тулд багагүй мөнгө зарсан нүсэр ажлын ард бараг л гарсан дуулдаж байна. Нэгэнт зарцуулсан мөнгөө салхинд хийсгэхгүйгээр үр өгөөжийг нь гаргах бодол, зорилго Засгийн газарт байгаад эргэлзэх зүйл алга.

Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох мөнгөөр Таван толгойд төмөр зам, баяжуулах болон коксын үйлдвэр барих цогц бүтээн байгуулалт өрнүүлж, нүүрснээс олох өгөөжөө огцом өсгөх зорилго тавиад байгаа юм. Ийм өгөөжтэй хэлцлийг “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 30 хувьд л  хийхээр 2018 онд УИХ-аас чиглэл өгсөн ч Ерөнхий сайд Хүрэлсүхийн Засгийн Газар хаширлаж, охин компанийх нь 30 хувь дээр “туршихаар” төлөвлөж буй. Ер нь төрийн өмчит компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр олноороо гарах тусмаа л сайн. Наанадаж л мэдээлэл нь  ил тод болж даргын шахаас, улстөрчдийн халаасны хүмүүсээс салж, хөрөнгө оруулагчдын шахаасаар компанийн удирдлагууд зөвхөн ашгийн төлөө ажиллаж эхэлдэг. Энгийнээр хэлбэл компанийн ашиг улстөрчдийн халаасанд биш иргэдэд, компаниудад, эдийн засагт шууд утгаараа өгөөжөө өгөөд эхэлдэг юм. Чухам ийм л шалтгаанаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төр, хувийн хэвшлийн том компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл рүү тэмүүлдэг.

Таван толгойн IPO-д дэлхийн хэмжээнд бэлдэж байна уу,  IPO-г амжилттай хийж чадах уу гэсэн асуулт олон хүнд бий байх. Ер нь ямар ч IPO-д өндөр оролцоотой ажилладаг хэсэг бол хөрөнгө оруулалтын банкууд. Хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгох ажлыг гардаж хийдэг гэдэг утгаараа тэдний үүргийг онцгойлохоос аргагүй. Мэдээж дэлхийн акул хөрөнгө оруулалтын банкуудын хувьд санал тавих төдийд за зүй гэхгүй нь тодорхой. Ажиллах гэж буй төсөлдөө өндөр шалгуур тавьж, үнэлгээ өгч,  өчнөөн ажил өрнүүлсний эцэст “За энэ төсөлд хөрөнгө босгох ажлыг хариуцъя” гэж дуугардаг. Өмнөх хэлэлцээр бүтэлгүйтсэн гэх шалтгаанаар JP Morgan лавТаван толгойн IPO-гийн хэлцэлд орохоос татгалзсан гэж дуулдсан. Гэхдээ энэ удаагийн хэлцэлд ч Bank of America, Credit Suisse гэх мэт томчуудын нэр сонсогдож  байна. Өөрөөр хэлбэл Засгаас энэ удаагийн ажлыг зогсоовол дараа нь тэд JP Morgan шиг толгой сэгсрэх магадлал өндөр. Товчхондоо Таван толгойн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж хумигдана гэсэн үг. Том төслийг IPO-д бэлдэхэд дор хаяж хоёр, гурван жил шаарддаг тухай өмнө цухас дурдсан. Давтаад хэлэхэд  нэгэнт их мөнгө зарж амжуулсан ажлаа нураалгүйгээр ирэх намар хүргэчихвэл олон улсын зах зээлээс мөнгө босгоход ямар ч асуудал алга.

Эсрэгээрээ нураачихвал эргээд босгох гэж хоёр, гурван жил зарцуулна. Ахиад л  их мөнгө урсана. Сонгуулийн дараа буцаагаад эхлүүллээ гэхэд дараа жилийн сонгуулийн өмнө дахиад бүдрэх эрсдэл  бий. Төдийгөөс өдий хүртэл засаг солигдох бүрд нэг нь нөгөөгийнхөө ажлыг унагасаар Оюутолгойгоос өөр гялайх төсөлгүй өнөөг хүрсэн нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Гэтэл өнөөдөр дэлхий коронавирусийн өмнөх ба дараах ертөнц гээд өөрчлөгдчихлөө. Эргэж буцсан энэ хандлагаа Таван толгой дээр үргэлжлүүлбэл шинэ ертөнц бидэнд найртай хариу барихгүй. Төгрөгийн ханш навс унаж, ам.доллар 4000-5000 төгрөг рүү цойлох нь бодит эрсдэл болчихоод байна. Сард 500 мянган төгрөг авдаг Батаагийн цалин өнөөдөр 180 ам.доллартай тэнцэж байгаа бол ирэх намар 100-125 ам.доллар болж буурна гэсэн үг. Ингээд харахаар долларын ханшийн дарамтыг хамгийн түрүүнд мэдрэх хүмүүс бол жирийн иргэд.

Эцэст нь онцлоход Хонгконгийн бирж дээр гарах Таван толгойн хувьцааны 30 хувийг худалдаж авах хөрөнгө оруулагчдад өндөр шалгуур тавьж байгаа юм билээ. Таван толгойн хувьцааны 30 хувь руу орж ирэх хөрөнгө оруулагчдын хамгийн том гурвынх нь нийлбэр 12.5 хувиас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид ашиг, зардлыг нь хөндлөнгөөс хянаж оруулсан хувь хэмжээнийхээ хэрээр ногдол ашиг хүртээд явахаас өөр оролцоогүй гэсэн үг. Харин ч Таван толгойд гадны ганц хоёрхон компани эзэн суух нь гэсэн эрсдэл арилах сайн талтай. Ахиулаад  харвал  иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааны үр ашиг, үнэ цэнэ өсөх давуу тал ч энэ шийдлийн цаана бий.

Ц.БААСАНСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: https://ikon.mn/

https://ikon.mn/n/1u6j


URL: