Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 15.40 цагт газардана

72

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15.40 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардана. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн”, “Корпорэйт” зочид буудал болон Жаргалантад 21 хоног тусгаарлах юм.

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийгдэж байгаа аж.

Эмнэлэг, онцгой, Мэргэжлийн хяналт, хил, гааль, цагдаа зэрэг холбогдох байгууллагын ажилтан, алба хаагчид угтаж авахад бэлэн болоод байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.

Б.Аз


URL: