Төрийн байгууллага, эмийн сангууд иргэдийн бөөгнөрөл үүсгэж байна

91898376_2531180383764088_1971876939371118592_n

  • Зарим шөнийн цэнгээний газар, караокенууд нууцаар ажиллав
  • Байгууллагууд цахимаар тайлангаа илгээсэн ч түүнийгээ баталгаажуулахын тулд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр урт дараалал үүсгэж байгаа аж

Шинэ коронавирусийн тахал дэлхий дахинд эрчимтэй нэмэгдэж, байдал улам эгзэгтэй болж байгаа энэ үед хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Гэвч уг зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна. Зарим шөнийн цэнгээний газар, караоке зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд цаг хэтрүүлэн ажиллаж, ямар ч агааржуулалтгүй байгаа нь халдвар тархах нэг үндэс болж байна. Түүнчлэн “Их тэнгэр клуб” хауст олноороо цуглан, задгай үдэшлэг зохион байгуулжээ. Мөн дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэс болон нийслэлд хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудад сарын эхэнд их хэмжээний бөөгнөрөл үүсч ДЭМБ, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг зөрчив.

Аман яриа хэзээнээс ажил хэрэг болох вэ

Нийслэлд хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудад сар бүрийн эхний хоёр өдөр бөөгнөрөл үүсдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хөнгөлөлттэй эмээс хоцрохгүйн тулд ахмадууд, бага насны хүүхэдтэй эхчүүд сар бүрийн эхэнд эмийн санд дугаарлах үзэгдлийг болиулахын тулд сарын турш олгодог болгох зохицуулалт хийхээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэг жилийн өмнө мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл ажил болсонгүй. Шинэ коронавирусийн халдвар тархах магадлалтай өнөөгийн нөхцөлд иргэд хөнгөлөлттэй эм авахын тулд эмийн санд урт дараалал үүсгэх нь эрсдэл дагуулж байна. Хоёр метрийн зай барих мөрдлөгийг дагах ёстой ч тийм нөхцөл бүрдэхгүй нь. . “Тун-Эрдэнэ”, “Монос”, “Ази фарм”, “Армон”, “Тавин-Ус” зэрэг эмийн сангаар ороход “Хөнгөлөлттэй эм дууссан. Сар бүрийн 1, 2-нд олгодог. Цаанаасаа квоттой тул зарим тохиолдолд ганцхан өдөр л олгодог” гэх тайлбар өглөө. Ийм байхад хөнгөлөлттэй эм авахын тулд урт дараалал үүсгэхээс ч яах билээ. Хэрвээ үүнд нэн даруй зохицуулалт хийхгүй бол цаашид ч бөөгнөрөл үүснэ.

Онлайнаар тайлан өгсөн ч биеэр очиж баталгаажуулах ёстой

Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Учир нь, аж ахуйн нэгжүүд тайлангаа өгөхийн тулд урт дараалал үүсгэжээ. Уг нь 2018 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан, цахимаар илгээх боломж бүрдсэн. Энэ нь ажил олгогч үндэсний тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулан илгээснээр сар бүр тухайн нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайланг хэвлэмэл хэлбэрээр ирүүлэх шаардлагагүй болсон гэсэн үг. Гэвч энэ нь өнөөдрийг хүртэл бодитоор хэрэгжээгүй аж. Байгууллагууд цахимаар тайлангаа илгээсэн ч түүнийгээ баталгаажуулахын тулд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр урт дараалал үүсгэж өнжив. БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр юун хоёр метрийн зай барих манатай байв. Нөгөө талаар монголчууд аливаа ажлын цагийг нь тулгаж хийдгээс улбаалан төрийн байгууллагын ажилд хүндрэл үүсгэж, их хэмжээний бөөгнөрөл үүсгэж байгааг зөвтгөх аргагүй. Ямартай ч үүнд яаралтай зохицуулалт хийхгүй бол коронавирусийн халдвар тархах магадлалтай энэ үед олон хүнийг эрсдэлд оруулж байна.

Засгийн газрын мэдээ


URL: