Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

10730

Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од өнгөрөгч Баасан гарагт 1-р багийн Засаг дарга Б.Бямбажавын биед халдаж хүнд гэмтэл учруулжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байна.

Эх сурвалжуудын хэлснээр Г.Гэрэлт-Од нь багийн Засаг даргаа байнга дарамталж, ёс зүйгүй авирладаг байжээ. Мөн дараах шалтгаануудын улмаас зодсон гэх үндэслэлийг нутгийн иргэд хэлж байлаа. Нэгдүгээрт, тухайн суманд хууль зөрчин зөвшөөрөл авсан уул уурхайн компаниудыг хамгийн их эсэргүүцдэг хүн нь Тосгуур багийн Засаг дарга Б.Бямбажав гэв.

Сумын удирдлагууд нь уул уурхайн компаниудаа ажиллуулах ёстой гэдэг байр суурийг баримталж хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж байжээ. Хоёрдугаарт Г.Гэрэлт-Одыг УИХ-ын гишүүний захиалгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан дэмжиж сумын Засаг даргаар батламжлахдаа хуулийн хийдэл ашигласан. Өмнө нь шаардлага хангасан хэд хэдэн хүнийг сумын хурлаас Засаг даргад санал болгоход тэд татгалзаж байжээ.

Харин багийн Засаг дарга Б.Бямбажав нь сумын ИТХ-ын төлөөлөгч. Ургамал сумын МАН-ын хорооны дарга. Улс төрийн сөрөг хүчний төлөөлөл. Тийм ч учраас сумын удирдлагуудынхаа хууль зөрчсөн, хуудуутай, хийдэлтэй олон үйлдлийг шүүмжилж, алдаагаа засч залруулахыг тэднээс шаардаж ирсэн нь ийм эрсдэлтэй нөхцөлд хүргэсэн бололтой юм.

Гуравдугаарт, Ургамал сумын ИТХ-ын дарга А.Алтансүх, Засаг дарга Г.Гэрэлт-Од, ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Өсөхбаяр нар 2017 онд сумынхаа сургуулийн захирлыг бүлэглэн зодсон боловч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн зэрэг нь дахин давтан ийм балмад үйлдэл гарахад нөлөөлсөн гэж нутгийн иргэд мэдээллээ.

Эх сурвалж: http://niisleltimes.mn/

http://niisleltimes.mn/content/84783?fbclid=IwAR2lnoqjxps46-2wyP-6LvCInlRga68WNPjJ1nhRfBJdxFcrrCKAy2YcpBU


URL: