Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

10762

Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Ц.Цэлмэгтэй “Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл, Сонгуулийн тухай хууль”-ийн талаар товч ярилцлаа.

-2020 оны нэгдүгээр сард УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.
-УИХ-аас 2020.01.10-нд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон тулгамдаж байсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол гэмт хэргийг илрүүлж чадалгүй тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заалт юм. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тоолох нь ял завших бололцоог нээснээр 350 гаруй хэрэг хэрэгсэхгүй болсон нь цаашид олон этгээд ял завших нөхцөл үүссэн тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох болсон. Түүнчлэн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг заагаагүй орхисон байсныг залруулж “…тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа байна гэх мэтчилэн хэд хэдэн өөрчлөлт оруулсан.
-Гэхдээ нэг зүйл тодруулъя. Авлигын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байхад сэргээж шалгах нь Олон улсын гэрээ, конвенц зөрчихгүй юу?
-Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 29 дүгээр зүйлд “…Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомждоо заана” гэсэн байдаг. 2020.01.10-нд баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өмнө нь прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон авлигын гэмт хэргийг сэргээн шалгана, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа нийт гэмт хэрэгг хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бөгөөд эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг буцаан хэрэглэхгүй байх тухай заалт хамаарахгүй гэжээ.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх харилцааг зохицуулсан 1.9 дүгээр зүйлд “…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыгдээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.
“Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал” гэдэгт анхаарал хандуулах ёстой бөгөөд зөвхөн шүүхээс хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээд гэж үздэг, шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй, прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон этгээдийг “гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэх нь эргэлзээтэй учир хэргийг нь шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоож, хахуульд авсан хөрөнгө, мөнгийг нь хураах шийтгэх тогтоол гаргана, харин ялаас чөлөөлөх боломжтой. Энэ маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгааг дашрамд дурдъя.
-Эрүүгийн хэргийг мөрдөж байна гээд хүнийг насан туршид нь мөрдөн шалгах бололцоо нээгдэж байгаа хэрэг биш биз? Ийм болгоомжлол байгааг бас үгүйсгэхгүй. Энэ тухайд…
-Гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хүртэл хэдий чинээ богино хугацаа байх тусам ялын үр нөлөө төдий чинээ ашигтай байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “… Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй” хэмээн өөрчлөн найруулсан. Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох нь хүнийг насан туршид нь мөрдөн шалгах бололцоог нээж болзошгүй талаарх таны эмзэглэлийг “мөрдөн байцаалтын нийт хугацаа нь тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрвөл цааш мөрдөхгүй” байхаар хязгаарлаж өгсөн. Авлига авсан хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэхэд мөрдөн шалгах хугацаа нь 10 жилээс хэтрэхгүй гэсэн үг.
-Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтын тухайд хууль буцаан хэрэглэгдэх үү?
-2015 онд батлагдаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангид “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэг байхгүй бөгөөд албан тушаалын гэмт хэргүүдийг хамааруулдаг 22 дугаар бүлэг нь “Авлигын гэмт хэрэг” гэсэн гарчигтай болсон. “Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хууль” нь 2019.12.20- нд батлагдсан бөгөөд уг хуулиар хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд байхгүй албан тушаалын гэмт хэрэг гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь хууль тогтоох үйл ажиллагааны алдаа гэж судлаачид хувьдаа үзэж байна. Ер нь ямар нэгэн хүнийг гэмт хэрэг, хэрэг зөрчилд гаргасан үйлдэлтэй нь холбогдуулан иргэний ямар нэгэн эрхийг хязгаарлах онолын үндэслэл байдаггүй. Криминологийн шинжлэх ухаанд нийгэмд үйлчилж байсан гэмт хэргийн нөхцөл шалтгаан, үр дагаврыг судалдаг шинжлэх ухаан юм. Түүнээс эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр аж төрөн амьдарч байжээ гэдэг үлгэр шиг 10-20 жилийн өмнө гэмт хэрэгт холбогдож байсан гэдгээр хүний сонгох эрхийг хязгаарлах ойлголтыг жирийн иргэн ойлгоно. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрөөсөө үйлчилдэг шиг Сонгуулийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн үйлчилж эхэлнэ. Зарим үед хууль тогтоогчоос хууль буцаан хэрэглэх хууль гарсан тохиолдолд иргэн, байгууллагын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэрэглэх зохицуулалт байдаг. Харин нэгэнт албан тушаалын гэмт хэргийн тухай ярьж байгаа учраас тайлбар хийхэд эрхзүйн байдлыгдордуулсан хуулийг буцаан хэрэглэх нь буруу. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” хэмээх ойлголтыг халсан ба гэмт хэрэг үйлдсэн этгээд нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссанаар эрхийн аливаа хязгаарлалт дуусах ёстой гэсэн зарчим үйлчилж байгаа билээ. УИХ-с 2020.01.20-нд Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “…Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийн зүйл заалтыг тайлбарлана” гэсний дагуу хууль хоорондын зөрчилдөөнтэй энэ асуудлаар Улсын дээд шүүхэд хандаж, тайлбар гаргуулах хэрэгтэй.
-Энэ талаар Олон улсын гэрээ, конвенцод ямар заалтууд байдаг бол?
-Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “…Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” 21 дүгээр зүйлд “…хүн бүр улсаа удирдахад шууд чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй, 2-д хүн бүр улсдаа төрийн алба хаших эрхтэй, ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой, 3-д “…энэхүү хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно” гэж тунхагласан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын лактын 25 дугаар зүйлд “…Иргэн бүр төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох, Б заалтаар “…сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жиинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бпталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох”, С заалтаар “тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших” эрхтэй гэж заажээ. Монгол Улсад шүүх бүрэн хараат бусаар гажиллаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд эрх баригчид өрсөлдөгч нараа авлигын гэмт хэрэгт холбогдуулан, шүүхээр ял шийтгүүлэх боломжтой.
Өрсөлдөгч нараа шүүхээр ял шийтгүүлсэний дараа Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг ард түмэнд харуулж улмаар хүний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг насан туршид нь хязгаарлах заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулснаар Монгол Улсад ардчилал сонгодог утгаараа тогтохоо больж, авторитар дэглэм үүсэх нөхцөл бүрэлдсэн байна гэж судлаачийн зүгээс харж байна.
Дэлхийн түүхэнд шүүхээр ял шийтгэгдэж байсан /Нельсон Мандела г.м./ олон лидерүүд шорон гоос гарч ирсний дараа сонгуульд оролцон засгийн эрхийг авч, ард түмнийхээ төлөө ажиллаж байсан олон жишээ байдгийг бид мартаж болохгүй. Нэмж хэлэхэд, төрийн жинхэнэ албан хаагчид ял шийтгэгдэж байгаагүй зэрэг шалгуур тавьж болно, харин улс төрийн албан тушаалд авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэх шалгуур тавих нь Олон улсын жишигт ч нийцэхгүй.
-Улс төрийн намууд 2020 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аудитад өглөө. Цалин өсгөх, орон сууц олгох зэрэг бэлэн мөнгөний амлалтууд байна. Энэ хэр бодитой вэ?
-2019.12.20-нд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглох зүйлсийг зааснаас дурдвал: мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулах амлалт өгөхийг хориглодог. Зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд амьдарч байгаагаа мартаад төр бүгдийг шийддэг мэтээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан нь харамсалтай. Хувийн хэвшилд ажиллагсдын цалинг төрөөс шууд нэмэгдүүлэх эрх, боломж байхгүй. Тэгээд ч сая Үндэсний аудитын газраас МАН, АН, МАХН зэрэг 12 намын мөрийн хөтөлбөрийг дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж буцаасан байна лээ.
Сэтгүүлч, докторант
М.Эрдэнэчимэг

URL: