Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан НВЦ компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаж байна

10837

НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-ынхан өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ.

Эргэн сануулахад, НВЦ компани Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авч бүтээн байгуулалтын төслөө санхүүжүүлэхээр болсон байдаг.  Гэвч дээрх мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан байж  болзошгүй байдал тогтоогдсон байна.

Ингээд Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт,эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн, эсэхийг АТГ-аас шалгаж Ц.Баатарбилэгийг саатуулсан байдаг.

Түүнд холбогдох хэрэгт тухайн үед  Хөгжлийн банкны захирлаар ажиллаж асан Б. Батбаярыг мөн хамтатган шалгаж байгаа юм.

Улмаар хилээр гарахыг нь хориглон мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, санхүүгийн шинжээчдийн дүгнэлт гарвал тэдэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж НПГ-ын хяналтад хүргүүлэхээр бэлтгэж буй гэнэ.

2019 оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Б.Батбаярыг албан тушаал, давуу байдлаа ашиглан, НВЦ компанид  Хөгжлийн банкны хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Б.Батбаярын хувьд зөвхөн НВЦ компанийн удирдлагаар тогтохгүй, “Алтай групп” буюу олны дунд “Алтай констракшн”-ы гэдгээр нь мэдэх болсон Хадбаасангийн Бат-Эрдэнэд ч давуу байдал бий болгон, үнийн дүндээ хүрэхгүй объектуудыг зээлийн барьцаанд авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хамт шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.


URL: