Монгол цэргүүд олон улсын хүмүүнлэгийн ажилтнуудын амийг аварчээ

712-1586845990b9e9dc78e444e0dfda231cbb903ca99c_x3

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Энэ сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 14.50 цагт Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг манай цэргийн алба хаагчид таслан зогсоож, тухайн хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангалаа.

Тодруулбал, Юнити секторын командлагчийн захирамжийн дагуу НҮБ-ын баазын гадна зэвсэггүй бүс /200 метрт/-д эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Н.Пунцаг тасгийн захирагчтай “Зүчи” эргүүлийн бүлэг зэвсэглэсэн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгаа тухай мэдээг ажиллагааны удирдлагын төвд илтгэсэн юм.
Үүссэн энэхүү цагийн байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс ажиллагааны төлөвлөлтийн офицер ахмад Б.Цээноровоор ахлуулсан ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг томилогдов. Тэд тухайн газарт очсон даруйдаа зэвсэглэсэн этгээдүүдтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдсон боловч манай эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид руу орон нутгийн хэлээр орилж, илтэд уурлан, 7.62 мм-ийн АКМ загварын буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлогыг хэд хэдэн удаа хийжээ.
Энэ үед манай энхийг сахиулагчид үүссэн цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн амаар анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг илтгэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлсэн байна.
Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоон улмаар хүмүүнлэгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого хийсээр байсныг, шуурхай бүлгийн даргын шийдвэрийн дагуу “Зүчи” эргүүлийн бүлэг 4 нэгж техникээр өртөөлчилсөн хаалт тавих аргаар саатуулан зогсоож аврах ажиллагааг эрсдэлгүй явуулсан юм. Энэ үед зэвсэглэсэн этгээдүүд зэвсэг хэрэглэн агаарт зургаа, бүлгийн машины урд хэсэгт газар руу гурван удаагийн буудлага үйлдэж манай цэргийн алба хаагчдыг зогсоохыг оролдсон нь амжилтгүй болжээ.
Түүнчлэн тухайн үүссэн цагийн байдлыг үнэлж шуурхай бүлгийн даргын гаргасан шийдвэрийг д/а Э.Лхагвасүрэн ахлагчтай эргүүлийн 2 дугаар бүлэг /дэд ахлагч Д.Даш-Өлзий, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш/ эр зориг гарган, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээр уг ажилтныг “Хубилай” баазын байрлалд авч ирснээр мандатад заагдсан үүргээ биелүүлэв.
Энэхүү үйл явдлын мөрөөр Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, ӨСАБХХ-ний IV дивизийн захирагч, хошууч генерал Карло Куал Руаи нар хүрэлцэн ирж болсон үйл явдлын талаар тодруулж, батальоны удирдлагатай уулзсан юм.  Уулзалтын үеэр хатагтай Хироко Хирахара “Монголын батальоны цэргийн алба хаагчид зэвсэглэсэн этгээдүүдийн заналхийллийг үл тоон, эрсдлийг сөрөн хариу буудлага хийлгүйгээр хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хангасанд сэтгэл өндөр байна.
Монгол цэргүүд шаардлагатай үед зэвсэг хэрэглэх бүрэн чадвартай, мэргэжлийн цэргүүд гэдгээ дахин баталлаа. Та бүхэнд НҮБ ямагт итгэж, та бүхнээр бахархдаг” хэмээн онцолсон юм. Мөн тэр бээр хошууч генерал Карло Куал Руаид хандан “ӨСАБХХ-ний цэргүүд дахин ийм үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв.
Харин хошууч генерал Карло Куал Руаи болсон үйл явдалд хамарсаж байгаагаа илэрхийлэн, Мужийн зохицуулагч болон монгол цэргүүдээс уучлал хүссэн юм. Учир нь хүмүүнлэгийн ажилтныг барьцаалах оролдлого хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүд нь энгийн хувцас өмссөн ӨСАБХХ-ний IV дивизийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн алба хаагчид байсан нь эл үйл явдлын дараа тогтоогдсон юм.
Ийнхүү ажиллагаанд ахмад Б.Цээноров, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн, ахлах ахлагч Н.Пунцаг, дэд ахлагч Э.Амарсайхан, М.Алтайншагай, Б.Батсүмбэрэл, Т.Баяраа, Ц.Ганбаатар, Д.Даш-Өлзий, Э.Лхгавасүрэн, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш, О.Цэрэндэндэв, С.Соёлмөнх нар эрсдэлтэй нөхцөл байдалд эр зориг, мэргэжлийн ур чадвараа харуулан НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөлөө.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

URL: