Сөүлд байгаа Монголчууд чартер нислэгийн бүртгэлийг ил тод явуулахыг ЭСЯ-наас шаарджээ

ajnaiБНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ.

ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах иргэдийг онлайнаар бүртгэж байгаа гэж мэдээлж буй. Гэтэл ЭСЯ-ны 2 утасны дугаараар 11-18 цаг хүртэл иргэдийг бүртгэж байгаа юм байна. Ачаалал маш өндөр өдөрт, цагт, минутад хэдэн зуун хүний дуудлага давхардаж байгаагаас энэ утсанд холбогдож бүртгэгдэнэ гэдэг зүүний үзүүрт шар будаа тогтох шиг ховор аз болж байгаа нь иргэдийг маш их бухимдуулж байгаа юм байна.

Өдөрт бараг 100-200 удаа дуудлага хийсэн талаар иргэд гомдоллож байна. Азаар холбогдсон ч бүртгэлд яг орсон эсэх, хичнээн хүн бүртгэгдсэн, тухайн хүн хэд дэх дугаарт бүртгэгдсэнээ ч мэдэх боломжгүй байгаа аж. Тиймээс олон хоног сар ээлжээ хүлээж, одоо л нэг багтах байх гэсэн хүмүүс чартер нислэг ирэх бүрт 100 мянган вонны үнэтэй шинжилгээг өгч мөнгө санхүүгээрэ давхар хохирч байна.

Хамгийн ноцтой нь БНСУ-д байгаа иргэдээс шинжилгээний хариу шаардаж байгаа ч бусад улс орноос чартер нислэгээс ирсэн хүмүүсийг ямар ч шинжилгээгүйгээр онгоцоор тээвэрлэж байгаа нь халдварын эрсдэлийг бий болгож байгаа аж. Тиймээс гадаадад байгаа иргэд энэ тал дээр анхаарч арга хэмжээ авч өгөхийг Хилийн чанад дахь Монголчуудын холбоо ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэд хандан хүсчээ.


Бид энэ мэдээллийн дагуу Н.Номун-Эрдэнэтэй холбогдоход тэрбээр иргэдийн гомдол шаардлагын дагуу УИХ-ын гишүүн ГХ-ийн сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарт хандсан хэмээн мэдээллээ.

Ямартай ч Монгол Улсын Засгийн газар УОК хилийн чанадад гадаадад байгаа иргэдээ өөрсдийн боломжоор эх орондоо авчирсаар байгаа. Харин тэднийг авчирах ажиллагааг зохион байгуулж байгаа БНСУ дахь манай ЭСЯ иргэдийн бүртгэлийг ил тод нээлттэй, хяналттай явуулахад ГХЯ анхаарал хандуулахгүй бол ядарсан нь биш арын хаалга танил тал эрх мэдэлтнүүд нь хамаатан саднаа ар өврийн хаалгаар Монголд авчираад байгаа нь оргүй яриа биш болоод байна шүү.

Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 08-ны өдрийн нислэгээр УИХ-ын гишүүн, БХ-ын сайд асан “Ажнай” Бат-Эрдэнэ өөрийн гэр бүл танил талын 10 хүний хамт оочер дугаар дайрахыг оролдсон гэсэн мэдээлэл бидэнд ирж байсан. Ил болсон нь энэ болохоос үүнээс өөр хэн гээч эрх мэдэлтний хамаатан садан ядарсан иргэдийн өмнөөс тийзийг нь булааж ирсэн нь удахгүй ил болно байх. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан БНСУ-д байгаа иргэн Б.Юмжирдулам болон бусад төлөөлөл иргэд маань даваа гаригт БНСУ-д суугаа ЭСЯ-д дараах шаардлагыг хүргүүлж, ЭСЯ-ны холбогдох албан тушаалтантай уулзаад байгаа юм байна.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж, уулзалтын хариуг дараахь бичлэгээр хүргэв, “Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Шаардлага хүргүүлэх тухай Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн бүртгэлийг хийж байгаа та бүхний ажлын арга барил, зохион байгуулалт зэрэг нь олон мянган иргэдийн дургүйцлийг төрүүлж, итгэл төрүүлэхгүй байгаа тул дараа дараагийн нислэгийг шударга явуулах үүднээс бүртгэлийн ажлын хэсэгт Монгол руу нислэгт хамрагдах иргэдийн төлөөлөл болгож биднээс дор хаяж 2 хүнийг оруулах, бидний хийсэн судалгаа мэдээллийг харгалзан үзэж бүртгэлээ зохион байгуулахыг та бүхнээс шаардаж байна. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд олон нийтэд хандаж дараагийн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна. Иргэдийг төлөөлж : Б.Юмжирдулам” гэжээ.

TVMONGOLIA.MN


URL: