Санаа амрах болоогүйг “СОНГДО” санууллаа

348

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 2 сая давж, 134мянган нас бараад байна. Монголд 30 тохиолдол импортлогдож орж ирж, тав нь эдгэсэн.  Импортлогдож орж ирж буй тохиолдлуудыг хүмүүс ойшоож үзэхээ нэгэнт больж. “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж буй хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан гэх мэдээтэй зэрэгцээд манайхны бужигнаж эхэлсэн байдал баталж байна. Өөрөөр хэлбэл, дотроосоо илрээгүй л бол хамаагүй гэсэн сэтгэлгээ хүмүүсийн тархинд суучихаж. Тэгээд дотроосоо тохиолдол илэрлээ гэхээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахгүй юу.

Азаар ХӨСҮТ-ийнхэн PCR-ийн шинжилгээ хийхэд сөрөг гарч, монголчууд өчигдөр 2008 онд олимпын аваргатай болсноос хойш баярлаагүйгээрээ баярлалаа. Яах аргагүй сайхан мэдээ, бид дотроосоо тохиолдол гаргаад алдчихгүй тэсээд өнгөрвөл тун ч хэрэг байна. Гэхдээ санаа амарч, гадуур сэлгүүцэх болоогүй шүү. Эрсдэлийн түвшин бүр ч өндөр болчихлоо. Тэр ч битгий хэл коронавирус гадуур тараагүй гэх баталгаа ч алга. Өчигдөр “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан “Хэрвээ хүн коронавирусийн халдвар авбал 2-7 хоногийн хугацаанд өвчинтэй тэмцэх уураг биед  нь үүсдэг. Тэр уургууд бий болсон уу, үгүй юу гэдгийг үздэг оношлуур юм, энэ. 88 настай хүнийг оношлоход эсрэг биет үүссэн байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвчлөөд, эсрэг биет үүссэн байна гэж гарсан гэсэн үг. Хоёр дахин үзсэн, хоёуланд нь эерэг гарсан.

Манай энэ оношлуураар эерэг гарна гэдэг яг вирустэй гэсэн үг биш. Огт вирусгүй байж болно, эсвэл халдвар аваад эдгэсэн байж болно.  ХӨСҮТ-өөс ирээд, шинжилгээ авсан. Шөнө 02:00 цагт ХӨСҮТ-өөс PCR шинжилгээ авахад вирус байхгүй байна гэдэг мэдээлэл өгсөн” хэмээсэн.  Энэ бол анхаарахгүй байж боломгүй сэдэв.  Үнэхээр вирус гадуур байгаа, зарим хүн өвчлөөд эдгэсэн бол яах вэ. Мэдээж бид ХӨСҮТ-ийнхөө эмч нарын үгийг, тэдний мэдээллийг гол болгох ёстой. Гэхдээ хажуугаар нь анхаарах санааг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж боломгүй байна.

“Сонгдо”-гийн тохиолдол вирус ямар хурдтай тархаж болох вэ гэдгийг дахиад санууллаа. Франц эрийн тохиолдол бидэнд анх утгаар нь сануулсан. Азаар францтай хавьтсан хүмүүсээс илэрсэнгүй. Энэ удаад “Сонгдо”-гийн хоёр хүнээс вирус илрэлгүй, аз ивээлээ. Б.Болдсайхан эмч ч үүргээ сайн биелүүлж, уушигны өвчтэй хүмүүсийг сэжигтэйд тооцож, өөрсдийнхөө оношлуураар оношлож, эерэг гарахаар нь яаралтай ХӨСҮТ-д мэдээлж, арга хэмжээ авлаа. Хэрвээ энэ хүмүүсээс вирус илэрсэн бол…Бодохоос ч айдас төрж байна. Хэчнээн хүн эргэж ирсэн бол, эмч мэргэжилтнүүд харилцсан, тэд нь цаашаа хавьталд орно. ОХУ-аас ирсэн гэх ач хүү хаагуур хаагуур явсан, маршрут нь юу байсан гээд дийлдэхгүй л юм болно.  Вирус яаж хурдан тарж болохыг дахин санууллаа.

Дайны хажуугаар дажин гэгчээр тусгаарлалтаас гарсан 60 хүн утсаа унтраагаад алга болсон талаар албаны хүмүүс мэдээлж байна. Тиймээс иргэд ээ, амны хаалтаа зүү. Нэг удаагийн амны хаалтаа ном журмынх нь дагуу зүүх хэрэгтэй байна. Гараа тогтмол угаа. Энэ вирус арьс нэвтлээд орчихдоггүй, бохир гараараа нүдээ нухах зэргээс шалтгаалж салстаар дамждаг гэдгийг эмч нар сануулаад байна. Бээлий өмсөх нь зөв, гэхдээ хэзээ ч гар угаахыг орлож чадахгүйг ч сануулж байгаа.  Хүүхдүүдээ гадаа битгий тоглуул, урин дулааны улирал хараахан ирчихээгүй байна. Өглөө нар шарж байгаад гэнэт цас орох нь хаврын араншин. Хүүхдүүд нимгэн хувцастай тоглож байгаад даарах вий.  Онц шаардлагагүй бол банкинд битгий оч, бүү бөөгнөр.  Өнөө цагт цахим технологи өндөр хөгжсөн. Аль ч банк интернэт хувилбартай, утсаараа бүх төлбөрийг хийж болдог болчихсон.

Ахмадууд хийх ажилгүй бол автобус дамжиж сэлгүүцэхээ боль, гэртээ бай. Эрсдэл өндөртэй бүлгээс ахмадуудыг хасчихсан юм алга. Харин ч хууч өвчтэй, өндөр настай хүмүүст аюул ойрхон байгаа.  Иргэд минь, онцын шаардлагагүй, чухал ажилгүй бол хөлхөлдөхөө боль. Гадуур хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж, түгжрэх боллоо. Энэ бол монголчууд санаа амарч эхэлсний илрэл.  Хорио цээрийн дэглэмийг сахицгаая, яаж ийж байгаад тэсэж гаръя.

Zaluucom.mn

 


URL: