ХӨСҮТ: “Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар ИЛЭРЛЭЭ

359

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл ”Дэлхий дахинд 2 сая гаруй иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. АНУ, Турк, Итали, Испани, Их Британид голомтлон тархаж байгаа хэвээрээ байна. ОХУ-д тархалт өндөр байна. Сүүлийн үед 18-45 насныхан маш их өвчилж байна. Мөн гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Учир нь гэрийн дэглэмээ сайн сахиагүйн улмаас өвчин нь хүндрээд дахин хэвтэж байгаа гэнэ. Мөн бага насны 6 хүүхэд өвчилсөн байна.

Манай улсын хувьд ажиглалтад 1669 хүн байна. Тусгаарлах ажиглах байранд 33 жирэмсэн эмэгтэй, 30 хүүхэд байна. Ажиглалтад байгаа хүмүүсээс 15 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 119 дугаарын утсанд 198 дуудлага ирсэн. Ихэнх нь иргэд амны хаалтгүй явж байна. Үүнийг шаардаж өгөөч гэсэн байна. Тиймээс иргэдийг амны хаалтаа зүүж хэвшихийг анхааруулж байна” гэв.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Энэ сарын 16-нд буюу өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт тандалтаар ажиллаад ирсэн эмч, мэргэжилтнүүд, жолооч, тандалтын шугамаар хийсэн 25 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ байна. Үүнд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний шинжилгээний 10 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин 1 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол боллоо. ХӨСҮТ-д нийт 245 хүн тандалтад байна. “Сонгдо” эмнэлгийн хоёр тохиолдлын хувьд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр эсрэг бие илрээгүй. Энэ нь коронавирусийн халдвараар өвдөөгүй гэсэн үг. Мөн ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан таван хүний элдэс хадгалагдаж байна. Үүнд шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн” гэв.

Б.Аз


URL: